МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэр дэх ТӨРИЙН алдагдсан эрхийг эргүүлж сэргээнэ
Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.10.12
Улстөр

Энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэр дэх ТӨРИЙН алдагдсан эрхийг эргүүлж сэргээнэ

Хууль зүй, Дотоод хэргийн сайд С.Бямцогттой ярилцлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг шалгах ажил юу болж байгаа вэ?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдсантай холбоотой асуудлыг шалгах Ажлын хэсэг өнгөрсөн долдугаар сард Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулан байгуулагдсан. Ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанд дүнгээ танилцуулсан. Өмнөх Засгийн газар процедурын алдаа гаргасан байна. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хэлэлцээрийн хүрээнд 49 хувийг аль нэг талдаа худалдахыг шийднэ гэж заасан байдаг.

Үүн дээр Монгол Улсын Засгийн газар болон Гадаад харилцааны сайд алдаа гаргасан, үндсэндээ давуу эрхээрээ Монгол Улсын Засгийн газар худалдаж авах эрхээсээ татгалзаж байна, 49 хувийг “Mongolian Сopper Corporation”-д худалдахыг зөвшөөрч байна гэсэн албан ёсны нот бичиг илгээсэн. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар 49 хувийг худалдаж авах эрхээ алдсан байгаа.

-Та жаахан тодруулахгүй юу?

“Mongolian Сopper Corporation”, “Орос тех” компанитай байгуулсан гэрээний дагуу 390 сая ам.доллараар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах, 4.5 сая ам.доллараар “Монросцветмет”-ийн 49 хувийг худалдаж авах гэрээ байгуулагдсан.

Үүний дагуу Монгол Улсын Засгийн газрын 51 хувийн төлөөлөл, Оросын 49 хувийг худалдаж авсан “Mongolian Сopper Corporation” компанийн төлөөлөл хамтарч хуралдах болсонтой холбогдуулан Сангийн сайд 255, 256 тоот тушаалууд гаргасан байдаг.

Энэ тушаалууд дээрээ хоёр талын Төлөөлөн Удирдах зөвлөлийг гурав, гурван хүнтэй байх, ТУЗ-ийн даргыг цөөнхөөс томилох, ТУЗ нь Гүйцэтгэх удирдлагад хяналт тавьж ажиллах гэрээ байгуулсан байдаг юм билээ.

Хувьцаа эзэмшигч компанийн дүрэмд оруулсан өөрчлөлт, тушаалын дагуу байгуулагдсан ТУЗ-ийн гаргасан шийдвэрүүдээс болж Монгол Улсын Засгийн газрын 51 хувь нь 49 хувиас бага эрх мэдэлтэй нөхцөл байдал үүссэн. Үүнийг засаж сайжруулах үүднээс Б.Болор сайдын гаргасан 256 тоот тушаалыг хүчингүй болгож байгаа.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 51 хувь давуу эрхтэй байх бололцоог бүрдүүлж байна. Үүнтэй холбогдуулж ТУЗ-д Монголын талаас олон төлөөлөлтэй байх боломжийг бий болгох, компанийн дүрэмд өөрчлөлт ороод Гүйцэтгэх удирдлагаа томилох, 51 хувийн эрх ашгаа хангах бололцоо бүрдэнэ гэж үзэж байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрт Монголбанкинд шалгах үүрэг өгсөн гэсэн. Энэ шалгалт хийгдэж байгаа юу?

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг ямар мөнгөөр худалдаж авав, мөнгөө хэрхэн шилжүүлсэн, эх үүсвэр нь хаанаас байв гэдгийг шалгах боломж нь хуулиар Ажлын хэсгийнхэнд олгогдоогүй байна. Харин Монголбанк Арилжааны банкууд дээр хяналт тавих, шалгалт хийх эрхтэй байдаг. Тийм учраас Монголбанк эх үүсвэрүүдийг нь шалгах, энэ ажлыг хэрэгжүүлэх ёстой гэж Засгийн газраас үзсэн.

-Гүйлгээг нь шалгаад үзэхээр Эрдэнэт үйлдвэрийг Ил тод байдлын тухай хуульд хамрагдсан байх магадлалтай гэсэн яриа гарсан байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

Ажлын хэсгийг шалгаж байх явцад тийм асуудлууд байсан. 2016 оны хоёрдугаар сарын 20-ноос өмнө Эдийн засгийн Ил тод байдлын тухай хуулинд хамрагдах хүсэлт гаргасан бүх аж, ахуйн нэгж, иргэдэд нээлттэй байсан. 2015 оны 4 дүгээр сарын 10-наас өмнөх асуудлуудаа тайлан, балансад тусгавал энэ хуулинд хамрагдана гэж заасан байдаг.

Энэ хүрээнд “Mongolian Copper Corporation” компанийн үүсгэн байгуулагдсан, дүрмийн сан нэмэгдсэн зэрэг асуудлууд Эдийн засгийн Ил тод байдлын тухай хуулинд хамрагдсан. Өөрөөр хэлбэл энэ компани 112 тэрбум төгрөгийн дүрмийн сантай юм билээ. Тэгэхээр энэ компанийн дүрмийн сан хуулинд хамрагдаад, цаашид асуудлууд нь нээлттэй ил болох бололцоо хуулийн дагуу хязгаарлагдсан байгаа.

-Засгийн газрын шийдвэрийн дагуу ТУЗ болон удирдлагуудад өөрчлөлт орно гэсэн үг үү?

Тэгнэ. 51 хувиа төлөөлж эхлэхэд тэр хэмжээгээрээ илүү олон төлөөлөлтэй болно. Үүгээр дамжуулж Удирдах зөвлөл нь Засгийн газрын бодлогоор томилогдоно.

Цаашид үйлдвэрийн үйл ажиллагаа болон санхүүд Засгийн газар илүү эрхтэй оролцох бололцоо бүрдэнэ. Энэ алдааг засаж байгаа. Энэ долоо хоногт Эрдэнэт үйлдвэр дэх Монголын төрийн алдагдсан эрхийг эргүүлж сэргээх, 51 хувийн эрхээ эдлэх бололцоо бүрдэнэ.

-МАН орон нутгийн сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрээр шоу хийж байна гэдгийг Ерөнхийлөгч хүртэл хэлээд байгаа. Засаг бүрдсэний дараа энэ асуудлыг ил тавьж болоогүй юм уу?

Засаг долдугаар сарын сүүлээр байгуулагдсан. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар оруулж ирж хэлэлцүүлсэн. Төсвийн тодотголыг батлуулах ажлыг зохион байгуулсан.

Мөн 2017 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж оруулж ирлээ. Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр боловсруулж байна. Ингээд үзэхээр маш их ажил амжуулж байгаа. Энэ явцын дунд Эрдэнэт үйлдвэрийг шалгах ажлын хэсэг ажиллаж байлаа.

Холбогдох мэдээллийг цуглуулах тал дээр хугацаа алдсан. Сонгуулийн өмнө энэ асуудлыг гаргаж ирж байна гэвэл тийм зүйл байхгүй. Тодорхой улстөрчид энэ асуудлыг цэгцлээч, нийгмийн шахалт, иргэдийн хүлээлт байсан учраас цаг хугацааны хувьд ингэж таарч байна. Өмнө нь гарсан хууль тогтоомж хууль зөрчсөн байсан уу үгүй юу гэдгийг олон нийтэд нээлттэй болгоно.

-Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрын сайд нарын гаргасан тогтоол шийдвэртэй холбоотой шалгана гэсэн. Яг тодорхой нэр зааж шалгуулахаар болсон уу. Тухайлбал Б.Болор, Ч.Сайханбилэг, Л.Пүрэвсүрэн нарын нэр яригдах боллоо?

Нэр бүхий хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх байх. Тэгээд УИХ-д танилцуулна. Бид бүх тогтоол, шийдвэр дүгнэлтийг ил болгоно. Ийм асуудал дээр энэ гишүүн нь ийм буруу тогтоол шийдвэр гаргасан юм байна гээд иргэдэд нээлттэй болчихоор ямар хариуцлага хүлээлгэх вэ, ямар хууль зөрчигдсөн байна гэдгийг харж болно. Энд хардах сэрдэх, асуудал байхгүй болчихно.

-УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар мэдээлэл хийсний дараа ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат та хоёрыг энэ асуудалд саад болж байгаа гэх мэдээлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

Тийм зүйл байхгүй. Ажлын хэсгийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн ахалсан. Хуралдья гэсэн үед нь очоод хуралддаг байсан. Хэн нэгнийг хаасан зүйл алга. Мэдээ, материал цуглуулах ажлыг Сангийн яам зохион байгуулсан.

-Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтүүд орж байгаа вэ?

Засгийн газраас УИХ-д өргөн барьсан өмнөх хууль УИХ-ын ажлын хэсгийн шатанд 500 гаруй зарчмын зөрүүтэй саналын томьёолол гарч байж батлагдсан. Одоогийн хууль дээр тодорхой өөрчлөх зүйл заалтууд байна. Үүн дээр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тэгж байж Их хуралд өргөн баригдана. Тухайлбал эрүүл мэндийн салбар болон эмч нартай холбоотой зүйл заалтуудыг эргэж харах шаардлага байна.

Эмч хүн мэргэжлийн алдаа гаргах юм бол найман жилийн ял авах, торгуулах зэрэг хатуу заалтууд орчихсон. Тангараг өргөөд ард түмний амь насыг хамгаалдаг хүмүүс санамсаргүй алдаа гаргадаг. Тэд энэ зүйл ангиар ял аваад байвал энэ салбарт ажиллах хүн олдохгүй. Тиймээс энэ хатуу заалтыг эргэж хараач гэж хандаж байна.

Дээрээс нь залилуулж, мэхлүүлсэн хүмүүс гомдол мэдүүлж байна. Өнөөдөр нэг хүн залилуулаад хэдэн жилээр мөнгө төгрөг, сэтгэл санаагаараа хохирчихсон байхад шүүхийн шатан дээр энэ хуулиар залилагч этгээд хохирлоо барагдуулаад, хариуцлага хүлээхгүй юм байна. Тэр сэтгэл санаа, олон жилийн мөнгө төгрөгийн хариуцлагыг хэн хүлээх вэ гэж хандаж байна. Энэ мэт зүйл заалтуудыг эргэж харах шаардлага бий.

ШИНЭ МЭДЭЭ