Хөгжлийн банкнаас 1,3 их наядын зөрчил илэрсэн
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт
2016.10.11
Эдийн засаг, Худалдаа

Хөгжлийн банкнаас 1,3 их наядын зөрчил илэрсэн

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогттой цаг үеийи асуудлаар ярилцлаа.

-Төрийн албан хаагчид оффшор бүсэд данс эзэмшихгүй байх буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг та өнгөрөгч долоо хоногт УИХ-ын даргад өргөн барьсан. Уг хуулийн ач холбогдлын талаар ярихгүй юу. Энэ хууль зөвхөн төрийн албан хаагчдад хамаарах уу?

Оффшор гэдэг үг өөрөө эргийн гадна гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, татварын тааламжтай буюу татваргүй бүс нутгуудын улс орнуудад байгуулдаг. Тэнд бүртгэгдсэн  компаниуд татвар төлдөггүй эсхүл татварын нэн тааламжтай нөхцөлиЙг хэрэглэдэг хууль эрхаүйн орчин бүрдсэн бүс нутгийг хэлж байгаа юм. АНУ, БНХАУ- ЫН Хонгконг, Виржинийн арлууд, Каминий арлуудад оффшор бүс нутаг байдаг. Эдгээр газруудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанууд явагддаг.

1990 оноос хойш Монгол Улсад 14 орчим тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Түүний 10 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт нь оффшор бүс нутагт байгуулагдсан, тэнд бүртгэлтэй компаниудаас орж ирсэн байдаг. Нийтдээ 930 орчим аж ахуйн нэгж, байгууллага энэ бүс нутагт бүртгэгдсэн оффшор бүсээс гаралтай компаниуд. Харин манай орны хувьд үүнийг зохицуулсан хууль эрх зүйн харилцаа өмнө нь байгаагүй.

Сүүлийн жилүүдэд оффшор компани байгуулж татвараас нуугдах, хууль бусаар олсон орлогоо оффшор бүсэд байршуулах хандлага их гарах болсон. Хууль ёсны дагуу байгуулагдаад, хууль ёсны дагуу бизнесээ хийж байгаа компаниудад ямар ч асуудал байхгүй. Манай улсад хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргадаг 40 гаруй мянган иргэн бий. Эдгээрийн хөрөнгө орлогын мэдүүлэг олон нийтэд ил тод мэдээлэгддэг.

Гэтэл хөрөнгө орлогоо мэдүүлдэг, гаргадаг албан тушаалтнууд маань оффшор бүсэд компани байгуулах, оффшор бүсийн компанийн хувьцаа эзэмших нь хууль ёсных уу, хууль бус уу гэдгийг шийдэх шийдэл байдаггүй учир оффшорыг бүхэлд нь хууль зөрчсөн гэж хараад байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар оффшортой холбоотой асуудлыг зохицуулах хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барьсан.

Энэ хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг, улс төрийн болон төрийн болон нийтийн албан тушаалтнууд оффшор бүсэд данс эзэмших, тэнд бүртгэлтэй компанийн хувьцаа эзэмших асуудлыг шийдсэн хуулийн төсөл л дөө. Нэг үгээр хэлбэл, оффшор бүсэд данс нээлгэсэн, хуулийн этгээд байгуулсан, хувьцаа эзэмшсэн бол хууль зөрчиж байна. Үүнээс цааш ийм үйлдэл гаргаж болохгүй гэдгийг зохицуулж өгч байгаа.

Нөгөө талдаа хууль ёсны бүртгэлтэй, хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж буй компаниуд Монголд хэвийн ажиллах боломжийг нь нээгээд өгчихөж байгаа юм.

-Уг хуулиар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор бүсэд данс эзэмшдэг гээд бөглөөд явсан ч хууль зөрчсөн үйлдэл болох юм байна, тийм үү. Манайхан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичсэн гээд тоохгүй өнгөрч магадгүй юм билээ?

Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа компани Монгол Улсад цөөнгүй бий. Тэдгээр компани оффшор бүсэд бүртгэлтэй байх, Оффшор бүсийн компани манайд хөрөнгө оруулалт хийх нь нээлттэй үлдэж байгаа. Тухайлбал, Оюу толгой, Энержи Ресурс, Хүннү коал гэхчилэн манай орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж буй компаниуд хууль ёсны дагуу оффшор бүсэд бүртгэлтэй компаниуд учраас хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулах эрх нь нээлттэй.

Эдгээр компаниуд үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн хууль зөрчсөн зүйл байхгүй гэдгийг нь албан ёсоор зарлахгүй бол уг компаниуд эргэлзээтэй байдалд орох, оффшор бүсэд бүртгэлтэй бусад компаниудаас манай улсад хөрөнгө оруулалт орохгүй байх эрсдэлтэй. Тиймээс монгол төр албан ёсоор болно оо гэдгийг нь хүлээн зөвшөөрөх ёстой.

Нөгөө талдаа хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг төрийн болон нийтийн албаны албан тушаалтан, улс төрийн албан тушаалтнууд оффшор бүсэд данс нээхийг хуулиар хориглоод өгчихье. Ингэж эрх, үүрэг, хариуцлагыг нь ялгаж салгаж өгөхгүй бол нэг болохоор бүгдээрээ болох ч юм шиг, эсвэл бүр болохгүй ч юм шиг байгааг энэ хуулиар зохицуулж байгаа юм.

-Манайд бизнесийн салбараас улс төрд орж ирэгсэд олон бий. Тэр хүмүүс бизнесийн шугамаар оффшор бүсэд бүртгэлтэй компаниас хөрөнгө оруулалт авчихсан байх юм бол яах ёстой вэ?

Гурван сарын хугацаа олгож байгаа. Оффшор бүсэд бүртгүүлсэн, оффшор данс эзэмшиж байгаа бол энэ хугацаанд засч залруулах ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн дансаа хаачихаад та төрийн болон нийтийн албанд ажиллах ёстой шүү. Хэрэв үүнийгээ засахгүй бол хуулиар хориотой гэдгийг нь зохицуулж өгч байгаа хэрэг.

-Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдад боломж олгох гэж тал бүрээр нь дэмжиж байгаа. Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан гадна, дотнын хөрөнгө оруулагчдыг хамгаалах тал дээр анхаарч ирлээ. Хөрөнгө оруулагчдад хууль бус дарамт учруулсан эсэхийг шалгаж тодруулах ажлын хэсэг байгуулан ажилласан. Энэ ажлын үр дүн ямаршуухан байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд миний бие ахалсан ажлын хэсэг байгуулагдан сар гаруйн хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд хөрөнгө оруулагчдыг дарамталсан, хууль хяналтын байгууллага, төрийн захиргааны байгууллагынхан хүнд суртал гаргасан зүйл байна уу гэдгийг судалж шалгасан.

Шалгалтын явцад тодорхой зөрчил илэрсэн. Тухайлбал, гадаадын болон дотоодын иргэдэд хилийн хориг тавьдаг байдал хэт хавтгайрсан. Төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагынхан өөрсдийн үзэмжээр хориг тавьдаг байдал газар авсан байсныг цэгцэлж зөвхөн прокурорын хяналт дор хилийн хориг тавьдаг боллоо.

Хориг тавихын тулд тухайн үндэслэл шаардлага бий болсон уу, үгүй юу гэдгийг нягтлах журам гаргаж байгаа. Үндсэндээ гадна, дотнын 5000 орчим иргэн хилийн хоригт хамрагддаг байсан бол хууль бусаар буюу үндэслэлгүйгээр хориг тавигдсан хүмүүсийн хоригийг цуцалсан. Үүн дээр тодорхой ахиц гарсан. Ажлын хэсэг Засгийн газарт танилцуулна.

-Төрийн захиргааны болон хууль хяналтынхан яагаад хөрөнгө оруулагчдад дарамт учруулаад байгаа юм бол?

Яг наад асуудлын чинь хүрээнд нягталж, судалж үзсэн. Монгол Улсын хэмжээнд мөрдөгдөж буй хуулиуд хоорондын зөрчилтэй, уялдаагүй байдал хөрөнгө оруулагчдад нэлээдгүй чирэгдэл учруулдаг юм байна. Үүнийг зохицуулах шаардлага байгаа тул бид шинээр батлагдах Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульдаа суулгаж өгөх юм.

Хуулийн байгууллагын ажилтан тодорхой  асуудлыг үзэмжээрээ эрүүгийнх болгох, эрүүгийн хэргийг иргэнийх  болгох байдлаар зүйл ангийг өерчлөх боломж байдаг. Тиймээс хуулийн процессын дагуу эрүүгийн хэрэг нь эрүүгээрээ, иргэний хэрэг нь иргэний хэргээрээ явах нөхцөлийг бүрдүүлэх хуулийн зохицуулалт хийхгүй бол болохгүй нь. Хүндрүүлье гээд иргэний хэргийг эрүүгийн хэрэг болгодог энэ байдлаас гарахгүй бол хууль хяналтын байгууллагын ажилтнуудын гарт энэ боломж нь байсаар байгаа.

2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль гарсан ч үүнийг Гаалийн албан татварын тухай хууль, НӨАТ- ын тухай хуультай уялдуулах зүйлсээ бид хийж өгөөгүйн улмаас хэчнээн сайн хууль батлагдсан ч мөрдөгдөх боломжгүй болчихсон. Үүнээс улбаалан хууль хоорондын зөрчил, уялдаагүй байдлаас шалтгаалан хөрөнгө оруулагчдад бэрхшээл тулгардаг. Тиймээс хуулиудыг боловсронгуй болгох, уялдаа холбоог нь хангах тал дээр анхаарал хандуулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн.

-Төрийн албан хаагчдын ёс зүй хэр байна вэ?

Төрийн албан хаагчдын ёс зүй өөрсдийнх нь ажил үүргийн хариуцлагатай нь холбоотой. Төрийн албан хаагчдын ажил үүргээ зохих ёсоор нь гүйцэтгэж байна уу, үгүй юу гэдэг дээр хариуцлага тооцож, үнэлдэг, түүнийг нь шалгаж нягталдаг тогтолцоо алга болсон. Яам болгон дээр Төрийн албаны салбар зөвлөл ажилладаг.

Төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ хэр биелүүлж, иргэддээ хүнд суртал гаргалгүй асуудалд хандаж байна уу гэдгийг нь хянадаг. Асуудал байвал түүнд нь хариуцлага тооцдог, засч залруулдаг ажлууд хийгдэхээ больжээ. Түүнээс болоод төрийн албан хаагчдын ёс зүй суларсан.

Тиймээс хүнд суртал гаргадаг, үзэмжээр ханддаг, цаг хугацаа алддаг, шан харамж хардаг зүйл байсаар байгаа тул хариуцлагын тогтолцоог хангах үүднээс Төрийн албаны тухай хуулийн журмуудаар хариуцлагыг бий болгох хэрэгтэй. Ингэж байж хувь хүн, хуулиас хамаарах зүйлс нэг мөр шийдэгдэнэ.

2012 онд Монгол Улсад нийтдээ 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт  хийгдэж байсан бол 2016 оны эхний  хагас жилийн байдлаар  36 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Энэ нь манай экспортын голлох бүтээгдэхүүний ханш олон улсын зах зээлд унасантай холбоотой ч нөгөө талаар Монгол Улсын төрийн бодлого тодорхой, тогтвортой биш, түүнийг хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй.

Үүнээс болж хөрөнгө оруулагчдын итгэл алдарсан. Тодорхой ийм асуудлууд байгаа гэдэг дүгнэлт гарсан. Засгийн газрын хуралдаанаар танилцуулаад цаашдаа УИХ-аар ямар хууль тогтоомжийг яаж боловсронгуй болгох вэ гээд хийх ажлууд их байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиас болж эрх баригчид нэлээдгүй сөрөг дайралтад өртсөн. Та харин “Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг удахгүй өргөн барина” гэж байсан. Энэ хууль юу болж байна вэ. Хэр өөрчлөлт орж байгаа бол?

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг 2004 онд баталсан байдаг. Уг хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлыг салбар дундын зохицуулалт, хариуцсан байгууллагуудын эрх үүргийг тодорхой биш тусгасан.

Тиймээс тус хуулийг сайжруулахаар 2009 оноос хойш ажлын хэсэг гарч, тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжиж байсан. Ингэж явсаар 2016 онд баталсан. Уг хууль Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуультай хамт хэрэгжихээр байсан ч УИХ- аас хэрэгжилтийн хугацааг нь 2017 оны долдугаар сарын нэгэн болгож хойшлуулснаар дагалдах хуулиуд мөн хойшилсон.

Үүнтэй холбоотойгоор хэрэгжих хугацаа хойшлохоор байсан тул Засгийн газар уг хуулийг яаралтай хэрэгжүүлэх, одоо мөрдөгдөж байгаа Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг нэн яаралтай хэрэгжүүлэх үүднээс УИХ-д өргөн барьсан. УИХ-аар хэлэлцэх эсэх нь шийдэгдээд, ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ойрын хугацаанд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдана. Энэ хуулийн үндсэн концепци үзэл баримтлал огт алдагдаагүй  Цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсэд, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг харин ч илүү тодорхой болгож нэлээд хатуу чанга заалтууд оруулсан. Өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл зөрчилд тооцогдоод үүнээс улбаалан хүлээлгэх хариуцлага нь сул байсан тул гэр бүлийн хүчирхийлэл ингэтлээ газар авсан. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд орж ирж байгаа.

Өмнө нь манайхан эхнэр, нөхөр хоёр гэр орондоо муудалцаж байлаа гэхэд би илүү, "Эр эмийн хооронд илжиг бүү жороол" гэсэн үгтэй гээд нүдээ анин, чихээ таглаад өнгөрдөг байсан бол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг хүлээж байгаа. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх юм. Ингэснээр энэ төрлийн хэргийн илрүүлэлт нэмэгдэж, гаралт буурна.

Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, хариуцлага тооцох асуудлыг иж бүрэн цогцоор нь өөрчилж байна. Үүнтэй холбоотойгоор төрийн захиргааны байгууллага, ТББ, иргэдийн оролцоог хангана. Ингэснээр өмнөх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас ялгаатай болж байгаа. Сүүлийн жилүүдэд яах аргагүй гэр бүлийн хүчирхийлэл эрс нэмэгдсэн.

Үүний шалтгааныг нь судлаад үзэхээр мөнөөх л эдийн засаг нийгмийн байдалтай эргээд холбогдож байгаа юм. Эдийн засгийн өсөлт буурч, 120 гаруй мянган аж ахуйн нэгжийн тал нь хаалгаа барьсан. Нэг аж ахуйн нэгжид дор хаяж таван хүн ажилладаг байлаа гэхэд хамгийн багадаа 300 мянган хүн ажилгүй болсон байна.

Ингэснээр иргэд орлогогүй болж, гэр бүл нь гэдэс цатгалан мөр бүтэн байж чадахгүйн улмаас бухимдах, гэр бүлийн маргаан үүсэх нь их болсон. Тиймээс нөгөө талдаа эдийн засгаа өсгөх, ажлын байр бий болгох, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар анхаарч ажиллах ёстой. Орчин сайжирч байж гэр бүлийн хүчирхийлэл гарах нөхцөл багасна.

-Намрын чуулганаараа баталж амжих юм уу?

Намрын чуулгандаа тэр дундаа аравдугаар сардаа багтааж батлуулахаар хичээн ажиллаж байна. Их хурлаар хэр хурдан батлагдана, тэр хэрээр хэрэгжих хугацаа нь наашилна.

-Таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд болж байхад Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хойшлуулах асуудал сөхөгдөн багагүй хэл ам гарч байсан. Та харин энэ тал дээр албан ёсны байр суурь илэрхийлээгүй?

Эрүү, Зөрчлийн хууль есдүгээр сарын нэгнээс хэрэгжих байсан ч хуулиа албан ёсоор ёсчлоогүй. Уг нь ёсчилсны дараа Ерөнхийлөгч хориг тавих эсэхээ шийдээд, Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Харамсалтай нь тийм боломж байгаагүй. Үүнтэй холбоотой Эрүү, Зөрчлийн хууль батлагдсантайгаар сургалт явуулж, сурталчилгаа хийх, хуулийг хэрэгжүүлэх орчин нөхцөлийг бүрдүүлэхээс эхлээд олон асуудал байсан.

Энэ бүгд хийгдээгүй. Тухайлбал, 40 орчим мянган төрийн албан хаагчид энэ хуулийг ингэж хэрэгжүүлнэ гэдэг нарийвчилсан сургалт явуулж, хууль хэрэглэх боломжийг тэр хүмүүст эзэмшүүлэх ёстой байсан юм. Эдгээр ажлууд хийгдээгүй тул хууль хэрэгжих боломжгүй .болсон. Хоёрдугаарт, Эрүү, Зөрчлийн хууль гэдэг бол Монгол улсын гурван сая иргэнд  хамааралтай гэтэл хуулийн сурталчилгаа хийгдээгүй. Эдгээр хуулиуд нэг салбарын харилцаа зохицуулсан, явцуу хүрээний хууль биш. Монголын гурван сая иргэний ажил, амьдрал хувь заяатай холбоотой хууль.

Тэр утгаараа жирийн иргэн "Би ийм үйлдэл хийвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ. Ийм үйлдэл хийвэл зөрчлийн хариуцлага хүлээнэ. Ийм үйлдэл хийж болох юм байна. Ийм үйлдлийг хийж болохгүй юм байна” гэдгээ мэддэг, мэдэрдэг болсон байх ёстой. Ингэснээр тэр хүн санамсаргүй байж байгаад гэмт хэрэгтэн болохоос урьдчилан сэргийлж чадна. Сургалт, сурталчилгаа явуулах боломж бүрдээгүйн дээр нөгөө талдаа хуулиар хүлээлгэх хариуцлагыг богино хугацаатай болгосон.

-Богино гэдэг нь?

Долоо хоног баривчлах ял өгдөг болж байсан. Долоо хоног баривчилна гэдэг чинь тэр хэмжээгээр маш олон хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгээд эхлэхээр олон хүн шоронд орох асуудал үүснэ. Хэд хоносон ч бай тэр хүний нэр сэвтэж, шоронд орсон хүн гэх хар сүүдэр насан туршид нь байж таарахгүй биз дээ.

-Гэхдээ Ц.Нямдорж гишүүний батлуулсан шоронжсон хуулийг халуулж байна гэж тухайн үедээ ярьж байсан биз дээ?

Бодит байдал дээрээ тийм биш. Яг үүнтэй холбоотойгоор аймаг болгонд нээлттэй хорих анги байгуулахад 95 тэрбум төгрөг шаардлагатай болсон. Гэх мэтээр хууль хэрэгжүүлэхэд хууль сахиулахынхныг бэлдэх хэрэгтэй байсан. Ингээд үзэхээр хууль хэрэгжих ямар ч боломж байгаагүй. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас хуулийг хойшлуулах шийдвэр гарсан хэрэг.

-Гэхдээ таны хэлж байгаа хүчин зүйлсийг хууль хойшлуулах шалтгаан биш. Зүгээр л шалтаг байна гэж өмнөх Хууль зүйн сайдууд хэлж байсан л даа?

Эрүү, Зөрчлийн хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр болж хойшлуулсан. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэхчилэн дагалдах хуулиудыг буцаасан.

Дээр дурдсан хуулиудыг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэхээр ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Эрүүгийн хуулийн хувьд хуульдаа асуудал байна уу гэвэл байгаа юм. Тухайлбал, эмч хүн санамсаргүйгээр хариуцлага алдаж, түүнээс болж хүний амь нас эндэх юм бол 80 сая төгрөгөөр торгох, найман жил хүртэлх хугацаагаар ял эдлүүлэх гээд өмнө байсан хуулиас хүндэрсэн заалтууд маш олон орж ирсэн. Эрүүл мэндийн салбарынхан эсэргүүцэл илэрхийлж,

“Бид хүний эрүүл мэндийг аврах гэж, эрүүл болгох гэж зүтгэдэг. Санамсаргүй алдаанаас болж ийм том хариуцлага хүлээлгэнэ гэх юм бол эрүүл мэндийн салбарт чинь хүний амь насыг аврах гэж ажилладаг хүн байхгүй болно. Салбар чинь үүнийг дагаад унана шүү” гэдэг шаардлага хүртэл хүргүүлж, тэмцэл хийж байсныг санаж байгаа байх. Үүнийг бид эргэж харах ёстой. Мөн залилангийн хэрэг байна.

Хүнийг залилж явж байгаад хариуцлага хүлээхгүй үлдэх боломж бий. Залилсан этгээд нь хожиж, залилуулсан хүн нь хохирдог болох гээд байгаа юм. Хэдэн жил явж явж шүүх хурал болтол нөгөө нөхөр уван цуван хохирлыг чинь барагдуулсан нэр зүүвэл гэмт хэрэгт тооцохгүй гэдэг. Ийм байдлаар хүмүүс бие биенээ залилж, залилсан нь хождог, залилуулсан нь хохирдог хуулийнзаалтууд уг хуульд орж ирсэн. Үүнийг цаашид өөрчлөх шаардлага бий.

-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан гэж дуулсан. Засгийн газарт эхний ээлжинд танилцуулахад цааш нь судлах үүрэг өгсөн гэж дуулсан. Шалгалтын явцад 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэх юм. Үнэн юм уу?

Хөгжлийн банкны татан төвлөрүүлсэн хөрөнгө, захиран зарцуулсан байдал нь хууль тогтоомжид нийцсэн үү, үгүй юу гэдэг асуудлыг шалгах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалсан. Сангийн яам, Монголбанк гэх мэтчилэн холбогдох байгууллагууд орж ажилласан юм. Хөгжлийн банкнаас таны асуусан 1.3 их наядын зөрчил илэрсэн гэж Засгийн газрын хуралдаан дээр танилцуулсан. Засгийн газраас илэрсэн зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах үүргийг ажлын хэсэгт өгсөн.

-Хөгжлийн банкны мөнгө гэхээр л АН, МАН-ын хүмүүсийн компани аваад идчихсэн гэж ярьдаг. Гэхдээ таны хувь эзэмшдэг Нью Прогресс групп Хөгжлийн банкнаас мөнгө авсан гэдэг яриа гарсан. Ингэж хэрээ хэрээнийхээ харыг гайхсаар байх юм уу?

Хулгайч л "Хулгайчийг бариарай" гэж хашгирдаг. Энэ бол ердөө зөвхөн Ардын намынхныг харлуулах гэсэн арга ядсан зүйл. 2015 онд Л.Энх-Амгалан гишүүн Хөгжлийн банкийг шалгах ажлын хэсгийг ахалж ажиллах үеэс эхлэн Ардын намынхан чинь өөрсдөө зээл авсан юм байна. Ардын намынхан чинь өөрсдөө хулгай хийсэн юм байна шүү дээ гэдэг зүйл ярьж эхэлсэн.

Тийм зүйл байхгүй. Энэ зүйл яригдаж эхлэхэд би АТГ, прокурорт өөрөө хүсэлт тавьж шалгуулсан. С.Бямбацогт ямар нэгэн байдлаар Хөгжлийн банктай холбоотой асуудлууд дээр албан тушаалаа ашиглаж оролцсон юм байна уу, С.Бямбацогтын хувьцаа эзэмшдэг компани зээл авсан зүйл байна уу гэж шалгуулсан. Миний хувьцаа эзэмшдэг, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг компани нэг ч төгрөгийн зээл аваагүй. Тантай холбоотой ямар ч асуудал алга гэдгийг ч албан бичгээр надад ирүүлсэн.

Миний хувь эзэмшдэг компани хийсэн ажлынхаа санхүүжилтийг Хөгжлийн банкнаас авсан. Харин зээл авсан юм байхгүй. Гэтэл' үүнийг зээл авсан мэтээр мушгиж, тайлбарлаж байсан. Надтай холбоотой ямар нэгэн зүйл байхгүй гэдгийг 2015 онд хууль хяналтын байгууллага шалгаад тогтоочихсон. Худлаа үгийг мянга давтахаар үнэн болдог гэж бодож байгаа бол том эндүүрч байна шүү гэдгийг гүвээ давахгүй зэс нь цухуйх гүтгэлэг тарааж байгаа тэр нөхдөд хэлчихье.

-Аль нэг нам гэхээсээ илүүтэйгээр бизнесийнхэн өөрсдийн үйл ажиллагаанд хэрэгтэй мөнгөө Хөгжлийн банкнаас авсан байх. АН- ынхан нь МАН-ынхан зээл авсан, МАН-ынхан АН-ынхан зээл аваад үрэн таран хийсэн гэдэг. Өөрсдөө болохоор АН-ын эдийн засаг, МАН- ын эдийн засаг гэж байхгүй гэдэг хэрнээ эдийн засагтаа нэмэр болохоор зүтгэж байгаа хувийн хэвшил рүүгээ дайрах юм л даа?

Үүн дээр анхаарах ёстой зүйл бий. Хөгжлийн банкны хөрөнгөөр замууд барилаа. Зам хэрэгтэй юу хэрэгтэй. Барьсан нь зөв үү гэвэл би зөв л гэж хэлнэ. Ганцхан зам барьсан өртөг нь хэтэрхий өндөр байгаа юм. МАН-ын үед нэг км хатуу хучилттай автозамыг 500 сая төгрөгөөр барьдаг байсан болХөгжлийн банкны санхүүжилтээр барьсан нэг км авто замын өртөг нь хоёр тэрбум төгрөг хүрсэн байх жишээтэй.

Үүнийг л би буруу гэж хэлээд байгаа юм. Түүнээс биш зам барьж байгааг буруу гэсэнгүй. Нөгөө талдаа зээл өгсөн нь буруу гэж манай намынхан яриагүй. Баялаг бүтээх, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр барьж яагаад болохгүй гэж. Н.Номтойбаярын МАК, Ц.Гарамжавын Монполимет цементийн үйлдвэр байгуулах гэж зээл авсан гэдэг. Импортоор цемент авч валютын урсгал гадагшаа явж байхад түүнийг зогсоохын тулд Монголдоо цементийн үйлдвэр байгуулсан энэ хүмүүс яагаад буруутай гэж.

Олон хүнийг ажлын байраар хангаж, валютын гадагшлах урсгалыг зогсоож байна. Зээл авсан бүгдийг буруутгах шаардлагагүй. Авсан зээлээ харин зориулалтын бусаар зарцуулсан, хийсэн санхүүжилт нь салхинд хийссэн нөхөдтэй л асуудал ярих болохоос биш зээл авсан бүх компанийг харлуулах шаардлагагүй. Харин төрийн бодлого хэрэгжүүлж байгаа нэрээр хулгай хийсэн, зувчуулсан, ашиглаж шамшигдуулсан зүйл дээр хатуу хариуцлага тооцох ёстой.

-Засгийн газрын 100 хоног дөхөж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам дээр дурдсанаас гадна ямар ажлуудын ард гарч байна вэ?

Хууль зүй, дотоод хэргийн яам бол салбарын яам биш. Энд тэдэн байшин сүндэрлэлээ, ийм зам тавилаа, тийм уурхай нээлээ, цалин ингэж нэмлээ гэж ярьдаг байгууллага биш. Бодлогын яам. Засгийн газрын мөрийн хөтөлбөр Засаглалын бодлого тэр дуйдаа хууль хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хууль хүн бүрт тэгш үйлчлэх хууль сахиулах байгууллагын ажилтан, албан тушаалтнууд Монгол Улсын иргэдийнхээ амгалан байдлын төлөө сонор, соргог ажиллах ийм л чиг үүргийг хэрэгжүүлдэг яам.

Энэ хүрээндээ бид тодорхой ажлуудыг хийсэн. Түрүүн ярьсан оффшортой холбоотой асуудлыг цэгцлэх, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тэднийг дэмжих бодлого боловсрууллаа. Мөн хууль зөрчиж, хуулийг гууль болгосон хүмүүст хариуцлага тооцох үүднээс Хөгжлийн банкинд шалгалт явуулах, "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотойгоор ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа гэх мэтчилэн олон зүйл бий.

Түүнчлэн иргэдийг бухимдуулаад буй тусгай дуут дохио ашиглах автомашинуудыг журам гаргаж шинэчлэх гээд ажлууд байна. Нийслэлд бараг 10 машин тутмын нэг нь дуут дохио ашиглаж байна гэдэг мэдээлэл урьд нь байсан. Тэгвэл одоо хууль бусаар дуут дохио хэрэглэж байсан машинуудын дуут дохиог хурааж авах, хариуцлага хүлээлгэх ажлыг хийж байна.

УИХ-д хууль өргөн барьж хэлэлцүүлэх хүрээнд Арбитрын тухай хууль, Хилийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, оффшортой холбоотой хууль, Эрүү, Зөрчлийн хуулийн дагалдах хуулиуд гэх мэтчилэн хуулиуд дээр ажиллаж байна. Улсын бүртгэлийн тухай хуулийн хүрээнд улсын бүртгэл, эд хөрөнгийн бүр^гэлтэй холбоотой хуулиудыг нэг бүрчлэн цэгцлэх,

"Нэг иргэн-Нэг бүртгэл” бий болгох чиглэлд томоохон ажлууд хийгдэж байгаа. Хил дээр "Иммергейшн" төсөл хэрэгжүүлж хилээр орж, гарч буй хүн бүрийн бүртгэлийг цахимжуулж байгаа гээд Засгийн газрын 100 хоногийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил их, хэлэх үг ч чамгүй байна даа. Яамны үйл ажиллагаа жигдэрч, бүтэц зохион байгуулалт, стратеги хөтөлбөр ч батлагдаад байна.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ХЗДХЯ-тай холбоотой ямар асуудал багтсан бэ?

Засаглалын бодлогын хүрээнд 2030 он хүртэл улс орноо хөгжүүлэх Үндэсний хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Үзэл баримтлалын хүрээнд төрийн бодлого тодорхой болох ёстой. Төрийн бодлого тодорхой болсны дараа тогтвортой хэрэгжих ёстой.

Тогтвортой хэрэгжүүлэхийн тулд чадавхитай боловсон хүчинтэй байх ёстой. Энэ тал дээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход илүү анхаарч ажиллах ёстой гэж үзсэн. Хуулийн зөрчил, хийдэл, давхардлыг арилгах тал дээр ч бодпогын зорилтууд суусан.

Эдгээрээс гадна эдийн засаг бизнесийнхэн ямарваа нэг айдас дарамтгүй, чөлөөтэй бизнесээ хийдэг эрх зүйн чиглэл рүү анхаарч аж ахуй, бизнесийн чиглэлийн хуулиудад анхаарч байгаа. Үүнийг хийчихвэл баялаг бүтээгчдийг дэмжсэн маш том бодлого болно.

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталснаар баялаг бүтээгчдийн нуруу тэнийнэ гэж байсан. Гэтэл өнөөдөр мөнөөх айдас түгшүүр хэвээрээ л байгаа. Хууль хэрэгжихдээ баян, ядуу, гадаад, дотоод гэж ялгалгүй бүгдэд эрх тэгш үйлчилдэг байх тал дээр Хууль зүй, дотоод хэргийн яамны бодлого чиглэж байна.

-Засгийн газрын зүгээс эдийн засгийн уналтыг зогсоох, цаашлаад эдийн засгийн өсөлт гаргах тал дээр анхаарал хандуулна гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Таны хувьд МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа 21:100 хөтөлбөрийг боловсруулж байсныг санаж байна. Аймаг бүр үйлдвэрлэгч болно гээд. Энэ хөтөлбөр хэрэгжих боломж байна уу?

Хэрэгжих боломж бүрэн байгаа. Монгол Улсад байгаа түүхий эд, баялгаа эцсийн бүтээгдэхүүн болгоод экспортод гаргаж байж нэг талдаа ажлын байр бий болгож, нөгөө талдаа гадагшаа урсах валютын урсгалыг зогсооно. Монголын гурван сая иргэнийхээ хэрэглээний 88 хувийг бид импортоор авдаг. Мах, сүү, төмс хүнсний ногоо гэсэн зүйлсээр л дотоодын хэрэгцээгээ хангаж байна.

Ядаж үүнийг 88 биш 60-70 хувь РУУ оруулах ёстой. Ингэхийн тулд дотооддоо үйлдвэрлэдэг, үнэ цэнэгүй болчихоод байгаа малын гаралтай түүхий эдээ үнэ цэнэтэй болгож дотоодын хэрэгцээгээ хангах, илүүдлээ экспортлох хүрээнд 21:100 хөтөлбөрийг боловсруулсан. 21 аймагтаа 100 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бий болгоё гэж байгаа юм. Энэ хэрэгжвэл ажлын байр нэмэгдээд явах боломжтой.

-Эдийн засаг амаргүй байна. Тэгэхээр энэ бүгдийг хийж хэрэгжүүлнэ гэдэг бас л амаргүй байх?

Эдийн засаг амаргүй байна гээд бид зүгээр суугаад байж болохгүй. Эдийн засгийн хямралаас гарахын тулд дээр дурдсан асуудлуудаа шийдээд явах хэрэгтэй. Засгийн газрын бодлого бол томоохон төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөж, эдийн засгийн хямралыг даван туулах шаардлагатай. Гаднаа савсан өр зээлийг хэрхэх вэ гэдэг дээр томоохон менежмэнт хэрэгтэй.

Жижиг дунд үйлдвэрүүдээс ажлын байр бий болно. Түүнээс биш томоохон төсөл хөтөлбөрүүдээс олон ажлын байр бий болохгүй. Харин эдийн засагт үүсээд буй дарамт, хүндрэлийг багасгахад гарц шийдэл тэндээс гарах юм. Тиймээс нөгөө талдаа ажлын байрыг олноор нь бий болгодог аж үйлдвэр, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих ёстой.

-"Эрдэнэт"-ийн хувьчлалыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Яг юуг нь шалгаад, яах юм бол. Уг нь нэг монгол нь үйлдвэрээ аваад ажиллуулах тийм буруу зүйл юм уу?

Шалгах зүйл байгаа болоод л шалгаж байна. Монголын ард түмнийг 38 жил тэжээж, улсын төсөвт 5.5 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлсэн саалийн үнээгээ зуданд тавиад туучиж таарахгүй. Төр 51 хувийг нь эзэмшиж байгаа хэрнээ 49 хувийг нь эзэмшиж байгаа талд эрх мэдлээ алдаж болохгүй.

Бүх зүйл хууль дүрмийн дагуу явж чадаагүйд л хамаг учир байгаа. Тиймээс цаашид тодруулах зүйл их бий. Ямар ч байсан төр 51 хувийн эрх мэдлээ хэрэгжүүлж, ТУЗ-д ч, Гүйцэтгэх удирдлагад ч илүү үүрэгтэй оролцох ёстой. Бас "Эрдэнэт" үйлдвэрийн улсад өгдөг өгөөж, төсөвт төвлөрүүлдэг орлого буурах учиргүй.

ШИНЭ МЭДЭЭ