Д.Эрдэнэбат: Шалтаг л даа
УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, түүнд хамаарах процессын хуулиудын хэрэгжилтийн хугацааг хойшлуулах тухай асуудлыг хэлэлцэж, гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-д суудалтай АН-ын гишүүд энэ асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын олонхи байх үед батлагдсан уг хуулийг ёсчлоогүй, бэлтгэл ажил хангагдаагүй гэсэн шалтгаанаар хойшлуулах гэлээ гэсэн нэгдсэн байр суурьтай байна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат байлаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат
"Бүгдээрээ сууж байгаад л баталсан хууль. Хоёр парламент дамжин хэлэлцсэн хууль. Монгол Улсад ардчилсан нийгэм тогтож, хүний эрх, эрх чөлөөг хангах зорилгын үүднээс дээр, дооргүй ажиллаж байж баталсан хууль. Дуншиж, дуншиж 8 жилийн дараа батлагдсан хуулийг дахин хойшлуулах тухай ярьж байна" гээд хоёр асуулт асуулаа.
1. Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс 2016 оны 7 дугаар сарын 27-нд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд Эрүүгийн хууль, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан гэсэн бичиг н.Сарантуяа даргаас ирсэн байна. Яагаад хоёр зөрчилтэй ойлголт яваад байна вэ?
2. Эрүүгийн хуультай дагалдаж гарсан Процессын 5 хуулийг ёсчлоогүй, албан ёсоор хэвлэгдээгүй гэсэн шалтгаанаар батлаагүй хууль гэж байна. Эдгээр хууль батлагдсан хууль мөн үү?
Эдгээр асуултад нэр бүхий хоёр гишүүн хариулахыг УИХ-ын дарга М.Энхболд хүслээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт:
"Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсан уу гэдэг дээр холбогдох байгууллагуудаас санал авсан. Монгол Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хуульчдын холбоо, ЦЕГ, ШШГЕГ зэрэг олон байгууллагаас хуулийг хэрэгжүүлэх боломжгүй байна гэдгээ тодорхой үндэслэл, шалтгаанаар тайлбарласан. Тиймээс бид Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг хойшлуулахаас өөр аргагүй байдалд орлоо."
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
"Байнгын хорооны дарга болсон өдрөө холбогдох байгууллагуудад албан бичиг явуулсан. Шүүх, прокурорын байгууллагуудаас эдгээр хуулийг хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэсэн хариу ирүүлсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн тухайд сургагч багш нар бэлдсэн гэсэн бичиг ирсэн. Тэрнээс биш Эрүүгийн хууль, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх боломж бүрдсэн гэсэн агуулга байгаагүй."