Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах болсон шалтгаанаа мэдэгдлээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хэлэлцэх асуудлын хоёрдугаарт Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал нэрлэгдсэн. Тэгвэл яг одоо гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
Хэлэлцэх асуудлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт чуулганы индэрээс танилцууллаа. Түүний танилцуулгад яагаад Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хугацааг хойшлуулах болсон шалтгаанаа тайлбарласан тайлбар багтсан байлаа. Тэрээр хэлэхдээ,
"Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдаж, 2016 оны 9 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр байсан. Гэвч цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Учир нь Эрүүгийн хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Прокурорын тухай гэсэн хуулиудын эцсийн найруулгатай танилцаагүй, ёсчлон батлаагүй, албан ёсоор Төрийн мэдээлэл эмхтгэлд хэвлэн нийтлэгдээгүй байгаа тул Эрүүгийн тухай хууль, түүнд хамаарах холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах боломжгүй боллоо.
Мөн холбогдох хууль зүйн 70 орчим дэд актууд, 10 гаруй маягтууд бэлэн болоогүй, боловсруулалтын шатандаа байгаа. Мөн хуулийг олон нийтэд таниулах, сурталчлах, хуулийн хэрэгжилтийг хангах төрийн албан хаагчдыг бэлтгэх, түүнд шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх шаардлагатай" байгааг ч дурдлаа. Түүнчлэн хууль сахиулах байгууллагуудад хуулийн хэрэгжилттэй холбоотой техник хэрэгсэл, материаллаг бааз дутмаг байна гэлээ.