Улиран сонгогдсон ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ гишүүд
2016.06.30
Улстөр

Улиран сонгогдсон ХАМГИЙН ТУРШЛАГАТАЙ гишүүд

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр явагдаж дууслаа.

Сонгуулийн дүнгээр МАН 65, АН ес, МАХН нэг, бие даагч нэг тойрогт тус тус ялалт байгууллаа. Энэ удаагийн сонгуульд нилээд олон нэр дэвшигч улиран сонгогдсон байна.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан долоо дахь удаа дахин сонгогдлоо. Тэрээр 1992 оноос хойш УИХ-д тасралтгүй сонгогдож байна. Д.Лүндээжанцан энэ удаагийн сонгуульд БГД-ийн 70-р тойрогт АН-ын дарга, "хатуу самар" З.Энхболдтой өрсөлдсөн ялалт байгууллаа. 

Ц.Нямдорж долоо дахь удаагаа УИХ-ын гишүүний суудалд суухаар боллоо. Тэрээр өмнөх жилүүдэд Увс аймгаас парламентад сонгогдож байсан бол энэ удаад тойргоо сольж Хан-Уул, Багахангай дүүргийн 56-р тойрогт өрсөлдөн Г.Байгальмаа /АН/, Б.Одсүрэн /БДНД/ нарыг ардаа орхилоо. 

Н.Энхболд УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Н.Энхболд Төв аймгийн 30-р тойрогт АН-ын Д.Доржпүрэв, МАХН-ын О.Буяннэмэх нартай өрсөлдөн ялалт байгууллаа. 

Ө.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр тав дахь удаа сонгогдлоо. Тэрээр өмнө нь Хөвсгөл аймгаас сонгогдож ирсэн бол энэ удаад хотын тойрогт анх удаа өрсөлдөн ялалт байгууллаа. Ө.Энхтүвшин Чингэлтэй, Налайх дүүргийн 65-р тойрогт Б.Мөнхтуяа /АН/, Д.Эрдэнэбат /МАХН/ нартай өрсөлдөв.

 

Сангийн сайд асан Ч.Улаан дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдов. Тэрээр энэ удаад Сүхбаатар аймгийн 24-р тойрогт АН-ын Ж.Батсуурьтай өрсөлдөн ялалт байгууллаа.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд дөрөв дэх удаа УИХ-д сонгогдож байна.

Тэрээр энэ удаагийн сонгуульд Төв аймгийн 28-р тойрогт Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн охин Энхбайгальтай өрсөлдөн ялалт байгууллаа. 

Сүхбаатар, Багануур дүүрэг 60-р тойрогт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Батболд ялалт байгуулснаар УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Түүний хувьд тойрогтоо УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй өрсөлдсөн юм.

 Даяар дурсагдах дархан аварга маань УИХ-д дөрөв дэх удаагаа сонгогдож байна. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувьд өөрийн төрсөн нутаг Хэнтийн аймгийн 40-р тойрогт нэр дэвшсэн.

 

УИХ-ын гишүүн Л.Болд энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН-аас сонгогдсон цөөн гишүүдийн нэг. Тэрээр дөрөв дэх удаа УИХ-д сонгогдож байна.

Л.Болд Хан-Уул, Багахангай дүүргийн 57-р тойрогт МАН-ын С.Оюунбилэгтэй өрсөлдсөн.

 

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга С.Бямбацогт гурав дахь удаа сонгогдлоо.

Тэрээр энэ удаагийн сонгуульд Ховд аймгийн 35-р тойрогт АН-ын Д.Батцогттой өрсөлдсөн юм. Ховд аймгийн иргэдээ төлөөлж буй хоёр гишүүн базууд юм.

 

Ч.Хүрэлбаатар УИХ-д гурав дахиа сонгогдож байна. Ч.Хүрэлбаатар төрөлх нутаг Увс аймгийн 33 тойрогт АН-ын Отгонбаяр, МАХН-ын Н.Уламбаяр нартай өрсөлдөн ялалт байгууллаа.

 

 

ШИНЭ МЭДЭЭ