Жижиг намуудыг шахах бодлого бариагүй
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2015.12.30
Улстөр

Жижиг намуудыг шахах бодлого бариагүй

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

  Бүлгийн дарга С.Бямбацогт Сонгуулийн хуулийн тухайд хар  машин тутмын хоёрын нэгийг гараар тоолохоор хуульд тусгуулж чадсандаа МАн сэтгэл хангалуун. Түүнчлэн эмэгтэй гишүүдийн квотыг 30 хувьд хүргэсэн хийгээд орон нутгийн сонгууль тэр чигтээ можоритари системээр явах болсон гэдгийг тодотголоо.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

Гацууртын ордоор Сонгуулийн хуулийг наймаалцсан гэх хардлага явж байна. Танай бүлэг Гацуурт дээр яг ямар байр суурьтай байгаа бэ? 

Гацууртаар сонгуулийн хуулийг наймаалцсан гэж хардах хэрэггүй. Сонгуулийн хууль бол гурван жилийн өмнөөс эхлээд яригдсан хуулийн төсөл. Гацуурт дээр манай бүлэг  эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгдсэн. Гэхдээ орчин тойронд нь байгаа булш бунханы асуудалд хянамгай хандана гэсэн байр сууриа хэвээр хадгалж байна.

Парламентад суудалгүй улстөрийн намууд танай намтай нэгдсэн Сонгуулийн хуулдиар байр сууриа илэрхийлж байсан. Тэдний хүсэж байсан заалтууд сонгуулийн хуулинд тусгагдаж чадсан уу? 

Хамгийн маргаан дагуулсан асуудал бол хар машины тооллогын асуудал байсан. Ардын нам ард түмэндээ итгэдэг. АН хар машинд итгэдэг. Тиймээс хар машинд итгэх ард түмний эргэлзээг тайлах шаардлагыг МАН болон бусад 21 нам тавьсны үр дүнд хоёр автомат машин тутмын нэг нь гараар тоологдох боломжтой боллоо. Ингэснээр сонгууль шударга болж МАН ард түмэнтэйгээ хамт ялалт байгуулах боломж бололцоо бүрдсэн гэж бид үзэж байгаа.

Тойргоос сонгогдсон гишүүнгүй бол жагсаалтаар гарч ирэх боломжгүй гэсэн заалт хуулинд орсон. Энэ нь жижиг намуудыг шахах бодлого биш үү? 

Энэ заалт дээр бид эсрэг байр сууриа илэрхийлсэн. Жижиг намуудыг шахах бодлого бариагүй. Ийм олон улсын жишиг бий. Заавал олон түмэнд танигдсан өөрийн гэсэн орон зайтай хүн дагаж, жагсаалт явах учиртай гэсэн ерөнхий зарчим олон улсын сонгуулийн хуулинд тусгагддаг юм байна. Тэр жишгийн дагуу дээрх заалт орсон байгаа. 

Жагсаалтаар  улстөрийн нам сонгодог  хэлбэр хуучнаараа батлагдсан. Энэ заалт дээр сонгогчид мэдээлэл өгөх ямар нэгэн шинэ заалт нэмж тусгагдсан уу? 

Саналын хуудастай хамт  тухайн намын жагсаалтаар  парламентэд суух хүний нэр бүхий мэдээллийн хуудас сонгогчдод очно. Ингэснээр хүний нэр харж байж, намаа дугуйлах боломж сонгогчдод үүсэж байгаа. Гэхдээ манай нам анхнаасаа  хүн дугуйлах үзэл дээр хатуу байр суурьтай байсан. Хэлэлцүүлгийн явцад бидний санал дээрх байдлаар тусгалаа олсон байгаа. 

Сурталчилгааны хоногийг 18 гээд заачихаар шинэ хүмүүс  өөрсдийгөө бүрэн таниулах боломж хангалттай үүсэх үү? 

Сурталчилгааны 18 хоног бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр  зорилтот сурталчилгаа нэвтрэх хугацаа юм. Орон нутгаар иргэдтэй уулзалт хийх бусад байдлаар өөрийгөө таниулах боломжуудыг сонгуулийн хуулиар хязгаарлаагүй.

 

ШИНЭ МЭДЭЭ