“МАН-ын бүлэг ажил хаялтаа үргэлжлүүлнэ”
МАН-ын бүлэг
2015.12.14
Улстөр

“МАН-ын бүлэг ажил хаялтаа үргэлжлүүлнэ”

МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Өнөөдөр бүлгийн хурал дээр Сонгуулийн Ерөнхий хорооноос санал тоолох машинтай танилцах хүсэлт тавьсан. Гэвч иж бүрдэл нь дутуу байсан учраас танилцаагүй. Бид зөвхөн санал тоолох хар машин буюу хайрцагтай танилцахыг хүсэхгүй байна. Гол нь санал тоолж байгаа программ, тэр программыг нээдэг эх кодтой нь танилцах хүсэлт тавьсан. Гэвч код нь АНУ-д байдаг учир Монгол Улсад авчирч танилцуулах боломжгүй гэсэн. Тиймээс бид танилцах боломжгүй гэж шийдвэр гаргасан. Цаашид Сонгуулийн тухай хуулинд хар машинаас гадна, гараар тоолох заалтыг оруулах байр суурь дээр хатуу зогсоно. Энэ заалтыг оруулахгүй бол энэ долоо хоногийн байнгын хороо болон УИХ-ын чуулганд оролцохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна хэмээлээ.

Өнгөрсөн хавар Эдийн засгийн ил тод байлын тухай хуулийг баталсан. Анх хуулийн төсөл өргөн барихдаа хөрөнгөө нуусан, хууль бусаар хөрөнгөтэй болсон хүмүүсийг өршөөхөөр оруулж ирсэн учир бид эсэргүүцсэн. Үүнээс МАН-ын бүлгийн шахалт шаардлагаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 30 гаруй мянган албан тушаалтан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль буюу татварын өршөөлд хамрагдах ёсгүй.

Яагаад гэвэл авлига, албан тушаалын хэрэг нь өршөөгдөх учир энэ хуулийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв төрд ажиллаж байгаа хүмүүс өршөөгдөх хүсэлтэй байвал, төрийн албан тушаалаа өг гэдэг үүднээс хөрөнгө орлогын тухай мэдүүлэг гаргадаг албан тушаалтануудад үйлчлэхгүй болгож гаргасан. Гэтэл энэ долоо хоногт хөрөнгө орлогын мэдүүлэг гаргадаг 30 гаруй мянган албан тушаалтны гэр бүлийн хүмүүс түүний эхнэр хүүхдийг хамруулах тухай асуудал орж ирж байна. Үүнийг буруу гэж үзэж байна гэж мэдэгдлээ.

Энэхүү мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.

-Өнөөдөр АН-ын бүлгийн хурал дээр Сонгуулийн Ерөнхий хороо хар машиныг танилцуулсан. Энэ машин ямар ч асуудалгүй гэдгийг ч баталсан. Гэтэл та бүхэн эсэргүүцэж ажил хаяж байгаа нь зөв юм уу. Тэгвэл төрийн хэргийг яах вэ?

-Төрийн ажил гацаж байгаа юм байхгүй. Явж байгаа. Хууль тогтоох ажил саатаж байгаа нь үнэн. Энэ бол Сонгуулийн тухай хуулийг батлах ёстой 10-хан хоногийн дотор хар машинаар ч гар аргаар ч тоолох заалт оруул гэсэн шаардлагыг хүлээж авахгүй байгаад учир бий. Хууль тогтоох ажил саатаж байгаа нь төрийн эрх баригчид хариуцлага хүлээх үндэслэл болно. Харин завсарлага авч байгаа бидэнд хариуцлага ноогдохгүй.  

-Өнөөдрийн энэ талцсан намуудаас болж ард түмэн хохирогч болоод байна. Гэтэл та бүхэн асуудлыг гацааж ард түмнээ айлгаад байгаа юм уу?

-Өмнө нь намууд хугацаагүй завсарлага авч, ард түмний эрх ашгийг гацаадаг байсан. 2012 онд завсарлагын хугацааг тав хоног болгосон. Монголын төр гэж байгаа бол чухал асуудлыг яаралтай шийдэж гацаанаас гарах хэрэгтэй. Бид ард түмний дунд эргэлзээ төрүүлээд байгаа санал тооллогыг үнэн бодитой явуулах шаардлагыг тавьж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ