Малчид нэг жил нийгмийн даатгал төлбөл 1.2 жилээр тооцох тухай хуулийн төсөл санаачиллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан
2015.11.30
Улстөр

Малчид нэг жил нийгмийн даатгал төлбөл 1.2 жилээр тооцох тухай хуулийн төсөл санаачиллаа

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт нарын 17 гишүүний 2015 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд малчнаар нэг жил ажилласан хүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэг жил хоёр сараар тооцох тухай тусгажээ.

2015 оны байдлаар насанд хүрсэн малчдын 90 гаруй хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. 2004 онд нийт малчдын 13 хувь нь тэтгэвэр авч байсан бол 2014 онд 11 хувь нь тэтгэвэр авч байгаа нь туйлын хангалтгүй үзүүлэлт хэмээн үзэж нэр бүхий гишүүд уг хуулийн төслийг санаачилсан байна.

УИХ-ын гишүүн Д.Батцогт, Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын шимтгэлийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Энэ хуулийг хэрэгжүүлснээр улсад ямар ч хохирол учрахгүй. Малчдын ирээдүйд үзүүлэх нийгмийн халамжийн зардал багасна. Мөн малчдад ч даатгал төлөх сонирхол нэмэгдэх давуу талтай гэж тайлбарлав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Бид 2014 оны тавдугаар сард малчдын нийгмийн даатгалын шимтгэл нэг жил төлсөн хугацааг 1.6 жилээр тооцох тухай тусгасан хуулийн төсөл санаачилж, өргөн барьсан.

Гэтэл 2015 оны арваннэгдүгээр сарын 6-нд өргөн мэдүүлсэн төслийг өнөөдөр хэлэлцэж байна. Малчид цаг наргүй, хүнд, хортой нөхцөлд ажилладаг. Энэ хоёр хуулийн төслийг нэгтгээд хэлэлцэж болоогүй юм уу.

Д.Батцогт, Хуулийн төсөл миний албан бланк дээр бичигдсэнээс биш 17 гишүүн санаачилж, гарын үсэг зурсан. Хамгийн гол нь энэ хууль батлагдах нь чухал, хэн санаачилсан нь сонин биш.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Батцогт гишүүн ээ, Та өмнө нь хүний санаачилсан хуулийн төслийг дахин өргөн мэдүүллээ. Энэ чинь хүний цүнхнээс юм хулгайлснаас ялгаагүй санагдаж байна гэлээ.

Хуулийн төсөл санаачлагчаас гишүүд сонирхсон асуултдаа хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

ШИНЭ МЭДЭЭ