БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи бараалхав
2015.11.23
Гадаад харилцаа

БХАТИХ-ын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.23/ Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга хатагтай Янь Зюньчи, Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жан Дөзяны халуун дотно мэндчилгээг уламжлав. Мөн тэрээр “Улсын Их Хурлын дарга Таны 2014 онд БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлал маш амжилттай болж, энэ үеэр “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан.

Үүний бодит үр дүн болох Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хурал болох гэж байна. Энэ хуралд БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын зүгээс ихээхэн ач холбогдол өгч, олон салбарын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна. БНХАУ, Монгол Улс хөрш орнууд төдийгүй эдийн засгийн хувьд түнш учраас улс төрийн итгэлцлийг нэмэгдүүлэх шаардлага бий хэмээн үздэг. Парламентын солилцоо, хамтын ажиллагааг явуулах нь үүнд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн итгэж байна” гэлээ. Түүнчлэн хоёр орны хөгжлийн талаар харилцан ярилцаж, стратегийн бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрхэн уялдуулж, хамтран ажиллах талаар санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

 

Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Монгол Улсын Их Хурал, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын  Байнгын хороо хооронд хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” хэрэгжиж, парламент хоорондын байнгын уулзалт болж байгаад баяртай байна гэв. Мөн БНХАУ хөрш орнуудтайгаа харилцахдаа “илүү дотно, илүү чин сэтгэлээсээ, илүү нээлттэй, илүү хүртээмжтэйгээр хандаж, хамтын ажиллагаанаас илүү ашиг тус хүртээх” бодлого баримталж буй нь Монгол, Хятадын харилцаа төдийгүй бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд илүү их боломж, таатай нөхцөл бүрдүүлж байгааг тэмдэглэн хэлсэн юм. Түүнчлэн БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг онцлов.

 

Хоёр улсын парламент, улс төрийн намуудын төлөөлөгчдийн харилцан солилцоо хамтын ажиллагаа бүх түвшинд идэвхтэй явагдаж ирснийг цаашид ч үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Монголын улс төрийн намууд нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлаар өөр өөрийн бодлого дэвшүүлдэг хэдий ч гадаад бодлогын хүрээнд БНХАУ-тай найрсаг харилцаа хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг санал нэгтэй дэмждэг болохыг уулзалтын үеэр Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн юм.

Мөн энэ үеэр Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засаг, уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааны талаар харилцан ярилцаж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол Улс, БНХАУ-ын харилцаа улам хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа хоёр тал илэрхийлэв. Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр эхлэх хоёр орны парламент хоорондын байнгын уулзалтын анхны уулзалтад амжилт хүслээ.

 

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дэд дарга Г.Батхүү,  Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа,  Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон албаны бусад төлөөлөгчид байлцлаа.

Энэхүү уулзалтын дараа БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Янь Зюньчи тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга М.Энхболдтой уулзалт хийж, Монгол-Хятадын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын хамтарсан хуралд оролцоно хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ШИНЭ МЭДЭЭ