Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа
2009.10.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Тавантолгойн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.13, 33.1.2 дахъ заалтыг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 9, 10,11-р зүйлийн дагуу Таван толгойн нүүрсний ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийж, ордын нөөцийг тооцож, эрдэс баялгийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, улсын эрдэс баялгийн нөөцийн санд бүртгүүлсэн мэдээлэлтэй холбогдуулан дараах асуулгыг тавъж байна.

  1. Нийт хайгуул хийсэн талбай, тогтоогдсон нийт нүүрсний нөөц, (А,В,С1,С2 гэх мэт зэрэглэлээр), тогтоогдсон нийт нөөцийг коксжих нуүрс, нүүрсээр ангилсан мэдээлэл.
  2. Нийт хайгуулын талбай болон тогтоогдсон нийт нүүрсний нөөцөөс Монгол Улсын Засгийн Газар, орон нутгийн өмчит компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж тус бүрээр хайгуулын болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан талбай, нүүрсний нөөц (коксжих нүүрс , нүүрсээр)-тэй холбогдсон мэдээлэл.
  3. Өмнөх хуулийн этгээдүүд өөрсдийн тусгай зөвшөөрөл эзэмшиж буй талбайгаасаа олборлосон нийт нүүрсний хэмжээ ( коксжих нүүрс, нүүрсээр), борлуулсан эсхүл экспортолсон нэгж үнэ\ тухайн жилийн дэлхийн зах зээлийн үнэтэй харъцуулсан байдлаар\ , нийт борлуулалт эсхүл экспорт (коксжих нүүрс, нүүрсээр), нийт борлуулалтаас холбогдох бүх төрлийн татвараар улсын төсөвт оруулсан орлогын хэмжээ зэрэгтэй холбогдох мэдээлэл.
  4. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон Таван толгойн нүүрсний ордод тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн уг зөвшөөрлийг эзэмшиж эхэлснээс өнөөг хүртэл төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийн нийт хэмжээ \ жил бүрээр\, мөн эдгээр компаниуд энэ ордод шинээр болон нэмэлт хайгуул хийсэн бол тэр зардлын дүн \ жил бүрээр\ .
  5. Ашигт малтмалын тухай хуулийн 60-р зүйл, Ашигт малтмалын тухай хууль батлагдсантай холбогдуулж авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын 5-р зүйлийг үндэслэн Тавантолгойн ордод хийсэн хайгуул, нөөцийг тогтооход тухайн үед улсын төсвөөс гаргасан зардлын нөхөн төлбөрийн хэмжээг өнөөгийн байдлаар шинэчлэн тогтоосон талаарх мэдээлэл.
  6. 2007 оны 02 сарын О6-ны УИХ-ын 27-р тогтоолоор Таван толгойн нүүрсний ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтанд хамруулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 60.4.-ийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй.", 26.9.-ийн "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно", Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6-р зүйлийн "Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ордод олгогдсон ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх үед тухайн ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулсан тохиолдолд төрийн эзэмшлийн хувь, хэмжээг шинэ хуулийн дагуу тогтоож, гэрээ байгуулж болно", мөн хуулийн 5.3.-ийн "Улсын төсвийн хөрөнгөөр эрэл, хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тухайн ордыг ашиглах , гэрээгээр тодорхойлно.", 9.1.5.-ийн  "стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэж заасныг баримтлан Тавантолгойн ордыг хамгийн оновчтой, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй олборлох, ашиглахта холбогдсон Засгийн газрын бэлтгэл ажлын явц, байр суурийн талаар;
  7. УИХ-ын 2 7-р тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтанд хамрагдсан бусад 15 ордыг олборлох, ашиглах талаар Засгийн газрын бэлтгэл ажлын явц, байр суурийн талаар. Мөн Ашигт малтмалын тухайн хуулийн 9.1.4.-ийн "Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх" гэсний дагуу шинээр стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах ашигт малтмалын орд байгаа эсэх.
  8. Манай коксжих нүүрс, нүүрс хэд, хэдэн боомтоор дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур үнээр зөвхөн өмнөд хөрш рүү экспортлогдсоор байна. Эдгээр косжих нүүрс, нүүрсийг эх орондоо боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох нь Монгол улсын төр, засгийн чухал зорилтын нэг билээ. Нөгөө талаас эдгээр түүхий эд хэт хямд үнээр экспортлогдож байгаагийн шалтгаан нь худалдан авагч ганцхан улс байгаатай холбоотой. Энэ тохиолдолд манай экспортлогчид ашигт малтмалын түүхий эдээ хямд үнээр борлуулахын төлөө өрсөлдөхөд хүрээд байна. Иймд ашигт малтмалын бүтээгдэхүүнийг далайн боомтод хүргэх, бусад оронд экспортлохтой холбогдсон тээврийн ложестик, улмаар Төмөр замын тээврийн тухай хуульд заасан Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа эсэх, энэ чиглэлд засгийн газрын бэлтгэл ажлын явц, байр суурийн талаар


Иймээс асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.3, 33.4-д заасны дагуу ирүүлж, УИХ-ын нэгдсэн хуралдаанд сонсгохыг танаас хүсье.

Улсын их хурлын гишүүн

П.АЛТАНГЭРЭЛ
С.БЯМБАЦОГТ
Д.ГАНХУЯГ
Г.ЗАНДАНШАТАР

 

ШИНЭ МЭДЭЭ