Нийгмийн даатгалыг шийднэ
УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна.
2015.06.19
Орон нутгийн хөгжил

Нийгмийн даатгалыг шийднэ

Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн даатгалыг шийднэ

УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ өдрүүдэд Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр ажлаа боловсролын салбарынхантай уулзсанаар эхлүүлжээ.

Ховд аймгийн тухайд хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүстээ тэргүүлж буй аймаг. Тэр ч утгаараа тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежид орон нутгийнханаас гадна ойролцоо зэргэлдээх аймгаас ирж суралцах нь ихэсчээ.

Материллаг бааз, боловсон хүчнээр хангаад өгвөл заавал Улаанбаатарыг зорихгүйгээр Ховд нутагтаа өндөр чанартай боловсрол эзэмших боломж бүрэн дүүрэн байгааг тус салбарынхан онцолж байлаа.  Мөн орон нутагт их дээд сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр дотуур байр, номын сан, сургалтын төв нэмж байгуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа тус салбарт ажиллагсад уламжилж байлаа.

Хамгийн гол нь тус салбарт ажиллагсад зуны хоёр сар буюу хичээл амарсан үед ажилгүй байдаг. Үүнээс болж цалин тасарч, нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгддөггүй гажиг нөхцөл байдал одоо хүртэл байгааг засч залруулах шаардлагатай байгааг тус салбарт ажиллагсад онцолж байлаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт нь өмнө нь Ховд Их Сургууль, Хөгжил Политехникийн коллежийн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд тус салбарын хөрөнгө оруулалтанд онцгой анхаарч ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлээд тус салбарт ажиллагсдын эрхийг зөрчиж байгаа алдаатай бодлогыг өөрчилж боловсролын зуны саруудын цалин, нийгмийн даатгалын тасалдуулахгүй байх арга хэмжээ авахаар хууль тогтоомжийн төсөл өргөн барина гэдгээ илэрхийллээ.

Баруун аймгийнхан Ховдод эмчлүүлэхээр ирэх нь ихэсчээ

Ховд аймгийн нэгдсэн эмнэлгийг бүсийн эмчилгээ оношилгооны төв болгох шийдвэрийг 2001 онд гаргаж, Ховд аймаг төдийгүй зэргэлдээ Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн ард иргэдэд үйлчлэхээр зохион байгуулж тодорхой нарийн эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмжүүдийг шинэчилсэн байдаг. Гэвч жилээс жилд эмчлүүлэгчдийн тоо нэмэгдсээр тус эмнэлэг ачааллаа дийлэхгүй байдалд хүрээд байгааг УИХ-ын гишүүн, УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтыг төрөлх Ховд аймагтаа ажиллах үеэр нь эмч, эмнэлэгийн ажилтнууд хэллээ. Ганц жишээ дурдахад  дүрс оношилгооны аппарат нь хоногт 18 хүнд үзлэг хийх стандарттай бол тус төв өдөрт 60-70 хүнд үйлчилж байна.

Ингэж их ачаалалтай ажиллаж байгаа хэрнээ тус төв бусад Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн авч буй санхүүжилтээс бага дэмжлэг авч байгаа нь тэгш бус байдлыг бий болгожээ. Тухайлбал,  Дорнод аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв 155 мянган хүнд үйлчилдэг хэрнээ 501 ажилтантай 7.1 тэрбумын санхүүжилт авдаг бол Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 385 мянган иргэнд үйлчилдэг хэрнээ 5.6 тэрбумын санхүүжилтийн төсөв, нийгмийн даатгалын сангаас авдаг 501 ажилтантай байгууллага аж. Шинэчлэлийн Засгийн газрын үед зэргэлдээ аймгийн төвүүдийг оношилгоо эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангасан ч 2001 онд хийгдсэн хөрөнгө оруулалтаас хойш тоног төхөөрөмжөө шинэчилж чадаагүй. Гэхдээ Ховд аймгийн БОЭТ-ийг зорих иргэдийн цуваа нэмэгдсээр байгаа нь эмч мэргэжилтнүүд ур чадвар сайн байгаагийн илэрхийлэл юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Баруун бүсийн эмчилгээ оношилгооны төвийн техник тоног төхөөрмжийг шинэчлэхэд Бельги улстай хамтран ажиллаж тодорхой асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгаагаа уламжлав. УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан “Сандаг сан”-гийнхаа шугамаар АНУ-ын тусламжийн байгууллагаар дамжуулж 4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж төсвийн хөрөнгө харалгүйгээр гадаад харилцааны тал дээр идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн мөн багийн эмч нарыг унаажуулсан, сумын эмнэлэгүүдийг шинэчилсэн, шинээр 50 ортой төрөх эмнэлэг байгуулах асуудлыг дэмжиж шийдвэрлэсэн зэрэг эрүүл мэндийн салбарт анхаарч ажиллаж ирсэнд талархаж явдагаа эмч, ажилтнууд илэрхийлж байлаа.

Мөн энэ жил тус аймгийн Дарви, Мөст, Ховд, Эрдэнэбүрэн суманд түргэн тусламжийн машин олгох асуудлыг шийдэж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Булган, Дуут, Цэцэг, Мөнххайрхан суманд түргэн тусламжийн автомашин олгуулахаар ажиллаж байгаа гэдгээ онцолсон юм.

ШИНЭ МЭДЭЭ