21 аймагт төрийн далбааны өндөрлөг босгох ажил Ховд хотоос эхэллээ
2015.06.18
Орон нутгийн хөгжил

21 аймагт төрийн далбааны өндөрлөг босгох ажил Ховд хотоос эхэллээ

Одоогоос хэдэн сарын улс төр, нийгэм, урлаг соёлын салбарынхан нийлж “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагыг байгуулсан.

Тэгвэл монголчуудынхаа эв нэгдлийг бэхжүүлэх зорилготой тус байгууллагынхан Монгол Улсын 21 аймагт төрийн далбааны өндөрлөг байгуулах санаачлага гаргаж Ховд аймгаас ажил хэрэг болгон эхлүүлжээ. Ховд аймгийн Ховд хотод болсон төрийн далбааны өндөрлөгийн нээлт, хандивын аян, шав тавих ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Я.Төмөрбаатар нар оролцлоо.

“Бид нэг Монгол” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Бидний зорилго маш энгийн. Элдэв талцал, улстөр, үзэл суртлаас үүдэлтэй ялихгүй хуваагдал, хагарлын дэгээ салмыг тасдаж, Монгол түмнийхээ эвийн галыг үргэлж өрдөн бадрааж явах их үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах явдал юм. Улсынхаа төрийн голомтоос өрхийн гал тогоо хүртлээ намаар талцаж, нэгэндээ муу үгийн зэв чулуудсаар та бид итгэл, итгэлцлээс улам бүр холдох аюултай нүүр тулаад байгааг огоорч, сэтгэх цаг хэдийн болжээ.

Туурга тусгаар Монгол Улсынхаа бүтэн эрх чөлөөний төлөө үргэлжид цогтой тэмцэж, баатарлаг түүх, бүтээх ирээдүйнхээ эзэд болсон Ховд нутгийнхаа зүрхэн талбайгаас Монгол түмний эв нэгдлийн их бэлгэдэл төрийн далбааны өндөрлөгийг сүндэрлүүлэх ажлыг эхэлж байгаа нь бэлгэшээлтэй хийгээд гүн гүнзгий шүншигтэй үйл хэрэг юм. Энгийн мэт боловч эгэлгүй утга, бэлгэдэл агуулсан төрийн далбааны өндөрлөгөө бид Монгол орныхоо 21 аймагт сүндэрлүүлнэ” гэж онцлов.

Харин аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан “С.Бямбацогт гишүүний энэхүү санал санаачлагыг бүрэн дэмжиж байна. Талцал хуваагдалгүй ажиллах ёстой. Аймгийн удирдлагууд энэхүү ажлыг бүх талаар дэмжиж ажиллана”  гэдгээ илэрхийлсэн юм.

Ингээд хандивын аяны салхийг хагалж тус аймгаас гаралтай БСШУ-ы дэд сайд Я.Төмөрбаатар хувиасаа нэг сая төгрөг хандивласан бол аймгийн АН, МАН-ын хорооныхон мөн нэгэн зэрэг хандив өргөв. Ард иргэд ч энэхүү санаачлагыг дэмжиж хандив өргөж байлаа. Цаашид Монгол Улсынхаа 21 аймагт сүндэрлэх төрийн далбааны өндөрлөг бүтээх ажилд халуун сэтгэлт ард түмнээ хандив тусламж үзүүлэхийг “Бид нэг Монгол” төрийн бус байгууллагаас уриаллаа.

ШИНЭ МЭДЭЭ