Урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах асуудлаар хамтарна
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хөгжлийн бодлогын ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт
2015.03.02
Эдийн засаг, Худалдаа

Урт хугацааны хөгжлийн стратегийг боловсруулах асуудлаар хамтарна

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хөгжлийн бодлогын ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон нарыг хүлээн авч уулзлаа.

НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох асуудлаар 2012 оноос техникийн туслалцаа үзүүлж, олон улсын Т-21 загварыг нэвтрүүлэх, хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлаар ихээхэн дэмжлэг үзүүлэн амжилттай хамтран ажиллаж  байгаа юм.

Уулзалтаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн стратеги боловсруулахаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт цаашид үргэлжлүүлэн техникийн туслалцаа үзүүлэх, хөгжлийн бодлогын зорилт, стратегийг улс төрийн бүх хүчин, иргэний нийгмийн байгууллага, орон нутгийн иргэд, салбаруудын хүрээнд өргөн хэлэлцүүлэг хийж, тэдгээрийн саналыг тусган эцэслэн боловсруулах, улс төрийн аль нэг хүчнээс үл хамаарсан тогтвортой бодлоготой болох, түүнийг хэрэгжүүлэхэд бүхий л боломжит байдлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.

Өнөөдөр манай улсад УИХ, Засгийн газрын баталсан 400 гаруй бодлого, хөтөлбөр байдаг ч хөгжлийн асуудал нь сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын амлалт, мөрийн хөтөлбөрөөр хязгаарлагдаж, салбар хоорондын болон төв, орон нутгийн түвшний уялдаа холбоо сул байдгаас тэдгээрийн хэрэгжилт туйлын хангалтгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Дэлхийн ихэнх улс орон урт хугацааны хөгжлийн алсын хараа, зорилтуудаа нарийвчлан тодорхойлж, түүндээ тогтвортой хүрэх бодлого, хөтөлбөрүүдийг тууштай хэрэгжүүлдэг. Үүний адилаар манай улс ч гэсэн өөрийн улс орны онцлог, гадаад дотоод нөөц бололцоо, дэлхийн хөгжлийн чиг хандлага зэрэг олон хүчин зүйлсийг тооцсон урт хугацааны бодлогоо тодорхойлох шаардлагатай байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ