С.Бямбацогт: Энэ хариултыг сонссондоо сэтгэл хангалуун байгаа шүү
2009.11.15
Улстөр

С.Бямбацогт: Энэ хариултыг сонссондоо сэтгэл хангалуун байгаа шүү

Ерөнхий сайд С.Батболдын Засгийн газрын танхимын сайд нарын асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Тэргүүн шадар сайд Н.Алтанхуягт хандан ширүүхэн үг хэлэхэд нь АН-ын гишүүд эсэргүүцэж байсан. С.Бямбацогт гишүүн "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх. Та нар арай даварч байна. Засгийн газраас гар гэвэл гарах уу. Мөн 2012 оноос өмнө МАХН-ынхан болохгүй бүтэхгүй байна гээд хамтарсан Засгийн газраас гараад явах уу" гэхэд АН-ын гишүүн Р.Гончиг-Дорж "Юу асуугаад байгаа юм бэ, болиоч ээ" хэмээн эсэргүүцэн хаш-төрч байсан юм. С.Бямбацогт гишүү-нээс яагаад ийнхүү хэлэх болсон талаар нь тодрууллаа.

-Нэгдсэн хуралдаан дээр яагаад ингэж асуусан бэ. Заавал хариу авч, сэтгэлээ амраах гэж байгаа юм шиг байсан..?

-Өнгөрсөн сонгуулиар МАХН-д сонгогчдын олонх саналаа өгч, манай нам УИХ-д олонх болсон. Олонх болно гэдэг чинь дангаараа Засгийн газрыг байгуулах бүрэн эрхтэй. Гэхдээ хоёр нам сонгуулийн үеэр ард түмэндээ амласан амлалтуудаа хэрэгжүүлье, Монгол Улсын хөгжлийн төлөө тавьсан зорилтуудаа хэрэгжүүлье гээд хамтарсан Засгийн газар байгуулсан. Хамтарсан Засгийн газрын ажлыг сайн байна гэж хэлж чадахгүй, харьцангуй удаан байгаа. Гэхдээ өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлэхийн тулд 2012 он хүртэл ажиллах шаардлага байна. АН-ынхан замын дундаасаа буцаж, 2011 онд ч юм уу "бид болилоо" гэхгүй биз дээ гэдгийг тодруулж асуусан юм. Энэ буцаасай, хамтарсан Засгийн газар удаан хугацаанд ажиллаж, хоёр намын амлалтыг тусгасан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаарай. Аль болох хамтарч ажиллахын төлөө байна шүү гэдгийг хэлсэн юм. УИХ дээр үүнийгээ илэр-хийлсэн байдал зарим хүмүүст таалаг-даган байж болно. Ч.Сайханбилэг гишүүн өөрөө "МАХН-ынхан хусмаа чамласан хүүхэд шиг хандахгүй байлгүй дээ" гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Үүний хариулт болгож гэдэг юм уу, арай жаахан эвгүйгээр "Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх" гэсэн нь хүмүүсийн эгдүүцлийг төрүүлчих шиг болсон.

-Ийм асуулт тавьсан нь танай намын даалгавар байсан уу. Хувь хүний байр суурийн илэрхийлэл байв уу?

-Хувь гишүүний байр сууриа илэрхийлсэн. Хамтарсан Засгийн газрын тогтвортой ажиллаж, ард түмний өмнө амласан амлалтаа хэрэгжүүлэн, Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хийж бүтээе гэсэн зорилго тэмүүллийг нь би дэмжиж байгаа. "Та нар Засгийн газраас гарч явахгүй биз дээ, дэмжиж байгаа шүү, ажлаа сайн хийгээрэй" гэсэн хувийн байр сууринаас асуудалд хандсан. Н.Алтанхуяг сайд "2012 он хүртэл хамтарсан Засгийн газар ажиллана, бид хаяж явахгүй ээ, үерхэлдээ үнэнч байна" гэж хэлсэн. Энэ хариултыг сонссондоо сэтгэл хангалуун байгаа шүү. Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайдынхаа хувьд Монгол Улсын үйлдвэржилтийн асуудлыг хариуцаж байгаа. Монгол Улсын Засгийн газарт урьд өмнө байгаагүй том зорилт тавьж, Монгол Улсыг үйлдвэржүүлэх бодлого, үйлдвэржилтийн хөтөлбөр гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөртөө тусгасан. Үйлдвэржилт-тийн хөтөлбөрийг бид өнгөрсөн сард баталсан байгаа. Монгол Улсын үйлдвэрлэл, ялангуяа боловсруулах үйлдвэрийг хөгжүүлж байж нэмэн өртөг бий болно, тэр хэмжээгээр ард түмний гаралтай түүхий эдийг хуучин боловсруулж чаддаг байсан бол одоо чадахгүй байна. Зүгээр л түүхий эд бэлтгэн нийлүүлэгч улс болсон. Хэрэв малын гаралтай түүхий эдээ бэлтгэн нийлүүлдэг, байгалийн баялаг, ашигт малтмалаа түүхийгээр нь экспортолдог байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Харин үйлдвэржилтийн бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө ажиллах шаардлагатай байна. Тухайлбал, өнөөдөр малчдын амьдрал хамгийн хүнд байна. Мах, мал, түүхий эд нь үнэгүй, банкны зээлийн барьцааны мал хариулаад байж байна шүү дээ. Төр засгаас үүнд анхаарал тавьж, яаралтай арга хэмжээ авах шаардлага байна. Үүний тулд малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийг байгуулах, үүний зэрэгцээ малын гаралтай түүхий эд хаягдлыг цэвэрлэх байгууламжуудын асуудлыг ч бас шийдэх учиртай. Ингэснээр энэ асуудал иж бүрнээр шийдэгдэнэ. Малын гаралтай түүхий эдийг боловсруулаад эхэлбэл, тэр хэмжээгээр мал, мах, түүхий эдийн үнэ өснө. Тэр хэмжээгээр малчдын орлого нэмэгдэнэ. Тэр хэмжээгээр тэдний нийгмийн асуудал шийдэгдэнэ, өөр өөрсдийнхөө амьдралыг аваад явах чадвартай болно. Ингэж асуудлыг цогцоор нь ярихгүй бол хүнд л болно. Энэ талаар Н.Алтанхуяг сайдаас асуухад "хийнэ" гэж байна лээ. Хийө гэж байгаа ажлыг нь дэмжилгүй яахав. Гэхдээ шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ.

-Чуулганы нэгдсэн хуралдаан дээр Ч.Сайханбилэг гишүүн та хоёр хэдэнтээ маргалдсан. Та хоёрын хооронд оор асуудал байгаа болохоор ингээд маргалдаад байгаа юм уу?

-Үгүй. Ч.Сайханбилэг бид хоёр ойр дотно байдаг. Ажил төрлийн маргаан хаана ч байдаг шүү дээ. Ажил төрлөөс болоод маргалдсан бол дараа нь ойлголцож чаддаг. Харин ч бусад гишүүдээс илүү ойр дотно харилцаатай шүү.

ШИНЭ МЭДЭЭ