С.Бямбацогт: Төр улам нүсэр зардалтай болж буйд эмзэглэдэг
2009.11.17
Улстөр

С.Бямбацогт: Төр улам нүсэр зардалтай болж буйд эмзэглэдэг

Өнгөрөгч долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүн С.Бямбацогт нэлээн ширүүхэн дуугарч “Манай нам танай намыг хөөвөл хөөгдөх үү” гэх мэт асуулт чулуудаж байсан нь Ардчилсан намын гишүүдийн дургүйцлийг илт хүргэсэн. Хэдийгээр тэрбээр хэлсэн үгнийхээ учрыг “Хамтарсан засгийн газрыг хамтарч ажиллахыг сануулан хэлсэн” хэмээн тайлбарлаж байгаа ч олонхи хүмүүсийн ойлголт түүнийг сайдын суудалд сууж чадаагүйдээ бухимдсан хэлбэр гэж таамагласан. Зарим нь аль нэг бүлэг, фракцын үзэл бодлыг дамжуулсан явдал хэмээн үзэж байна. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Таныг хүмүүс дуу цөөтэй, хэр баргийн үг хэлдэггүй гэж ярьдаг. Гэтэл өнгөрсөн чуулганы үеэр та нэлээн зоригтой дуугарч, бүр олон учиг шалтгаантай зүйл ярьсан. Ямар нэгэн зорилготой байсан уу?

-Миний тэгж хэлсэн нь хэн нэгний захиалга биш ээ. Хатуухан хэлсэн энэ үгний гол санаа нь ард иргэдийнхээ төлөө хамтарсан Засгийн газар байгуулж хэн нэг нь дундаасаа шантарч эргэж буцахгүй, ажлаа үргэлжлүүлэн хийгээсэй гэж бодсондоо хэлсэн үг.

-Үе үеийн Засгийн газрын тэргүүн солигдоход сайд нар нь дагаад өөрчлөгддөг. Гэтэл энэ удаад тийм зүйл болоогүй. Таныг сайдын тушаал горьлож байсан нь талаар болсон учраас бухимдлаа илэрхийлсэн гэх хүн олон байна?

-Надад сайд болох бодол огт байгаагүй. Их хурлын гишүүнээр анх удаа сонгогдсон. Тиймээс энэ хариуцлагаа үүрч, төрийн түшээгээр ард түмний дуу хоолой болж, хууль тогтоох дээд байгууллагад ажиллах үүргээ сайн биелүүлэхээр сэтгэлээсээ ажиллаж байна. Надад хийх ажил их байна.

-Тухайн үед таны хэлсэн үг бүр чинь “Элсний 13”-ын өнгө аястай ижилхэн сонсогдож байсан?

-Хуучин “Элсний 13” гэж үзэл санаа нийлсэн хүмүүс фракцалж байсан гэж сонссон. Түүнээс биш миний одоо харж байгаагаар тэр бүлэг нь хаана байдгийг мэдэхгүй юм. Тэгээд ч би хэн нэгэнтэй далдуур тохирч асуудлыг ярьдаггүй. Тухайн үед асуудлыг юу гэж бодож байна. Түүнийгээ өөрийнхөөрөө л илэрхийлдэг. Надад хэн нэгний дуу хоолой болж, аль эсвэл хэн нэгнээр хэлэх үгээ заалгаад байх шаардлага байхгүй. Хаана ч хэлэх үгээ хэлнэ. Өмнө нь ч тийм байсан хойшдоо ч хатуухан үг хэлж байх болно.

-Таны хэлснээр “Манай нам танай намыг хөөвөл хөөгдөх үү” гэдэг нь угаасаа хоёр намын хооронд нэг нэгнийгээ шахах гэсэн, эсвэл хамтарсан Засгийн газраас болих гэсэн асуудал яригдсан болоод та тийнхүү хэлсэн гэж ойлгогдож байна?

-Миний хэлсэн үгэнд хэн нэгнийг хөөх, шахах гэсэн зорилго санаа байхгүй. Ганцхан санаа нь хоёр нам өөр өөрийнхөөрөө сонгуульд уралдаж тус тусдаа ард түмнийхээ төлөө амлалт өгсөн. Тэгээд манай нам олонх болсон ч АН-аас хамтарсан Засгийн газар байгуулъя гэдэг санал гаргасан юм. Тиймээс ч ялалтаасаа татгалзаад ард түмнийхээ төлөө хамтарч ажиллахаар болсон. Бүгд мэднэ. Харин замаасаа битгий хазайгаасай, бүү шантраасай 2012 он хүртэл хамтдаа байгаасай гэсэндээ тэгж хэлсэн юм. Тийм ч байх ёстой. Гэхдээ сандал суудал, албан тушаалын төлөө хамтарч ажиллаж байгаа бол энэ Засгийн газар амархан нурж унах нь гарцаагүй. Тийм л битгий байгаасай гэж бодож байна.

-Бодож санаж хэлсэн үгийг чинь бусад хүмүүс, ялангуяа АН-ын гишүүд ойлгоогүй юм шиг байна лээ?

-Илэрхийлсэн хэлбэр маань хурц байсан байх. Үгний маань эхлэлийг өнгөц сонсоод буруу ойлгосныг үгүйсгэхгүй. Гэхдээ үгийн утгыг ухаж ойлговол өөр байх болно. Энэ бүхэнд шалтаг шалтгаан өө эрвэл юу ч гарч ирнэ шүү дээ.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг цаг үеийн асуудалд хандуулъя. Одоо төсвийн тухай хэлэлцэж байгаа ч 354 тэрбум төгрөгийн алдагдалтай гэсэн тоо гарсан. Үүнд таны бодол?

-Төсөв сүүлийн үед улам л данхайгаад байгаа. Өмнө нь Сангийн яам гэхэд гуравхан давхар байшиндаа арав гаруй жил ажиллаад болоод л байсан. Гэтэл хажуудаа 9-10 давхар байшин барьж эхэллээ. Мэдээжийн хэрэг тэр том савны хэрээр түлш халаалт, гэрэл цахилгаан, түүнд ажиллагсдын цалин гээд нэмэгдэх нь гарцаагүй. Иймэрхүү маягийн төсвийн урсгал зардалд бид өөрчлөлт хийх ёстой. Төр улам л данхайгаад байдаг. Яг ард түмний амьдралд бодит нөлөөл байдаггүй. Хэрвээ төр тийм их өргөжиж байгаа бол тэр хэмжээгээр үйлчилгээгээ ард түмэндээ хүргэж байх ёстой. Гэтэл бодит байдал тийм биш. Төр улам нүсэр зардалтай болоод байгаад эмзэглэдэг.

-2010 оны төсвийн зардал нэмэгдсэн үү?

-Монгол Улсын төсвийн урсгал зардалд 160 гаруй тэрбум төгрөг нэмэгдэж байгаа. Тэгсэн хэрнээ жил болгон төсвийн зардлыг багасгана гэж ярьдаг мөртлөө төрийн урсгал зардлыг хумиж чаддаггүй. Дандаа өсч байдаг. Түүнчлэн нийгмийн халамжийн тогтолцоог зорилтод бүлэг рүү нь чиглүүлье гэж ярьдаг. Ингэж байнга ярьдаг мөртлөө хэрэгжүүлж чаддаггүй нь харамсалтай.

-Ирэх онд хүүхдийн мөнгийг олгохгүй болгох талаар яригдаж байгаа гэсэн?

-Бид төсвийн зардлыг хэмнэх зорилгоор хүүхдийн мөнгөн дээр ч ярьсан гэхдээ боломжтой айл хүүхдийн мөнгө авдаггүйтэй адилхан төрийн албаны удирдах албан тушаалтнууд энэ мөнгөнөөс сайн дураараа татгалз гэсэн саналыг гаргасан. Гэтэл “Эд нар хүүхдийн мөнгийг өгөхгүй болгож байна” гэсэн зүйлийг ярьж хавтгайд нь хамааруулж байна. Өнөөдөр Монгол Улс хүүхдийн мөнгөнд 104 тэрбум төгрөг өгдөг түүнээс 80 орчим тэрбум нь хүүхдүүддээ очдог. Үлдсэн 20 тэрбум нь боломжтой айлын хүүхдүүдийн мөнгө. Яг үүн шиг дарга нар татгалзаж эхэлбэл 20 тэрбум цааш нэмэгдэнэ. Ийм байдлаар хэмнээд эргээд нөгөө мөнгө нь хүрэхгүй байгаа айл өрхдөө нэмээд өгнө. Ингэж л хуримтлал үүсгээд эргээд түүгээрээ асуудлыг хялбархан шийдвэрлэх талаар санал оруулсан л даа. Харамсалтай нь энэ маань дэмжигдсэнгүй ээ.

-Манай улс эмзэг бүлгийнхэн, гарцаагүй халамж хүртэх ёсттой хүмүүсийнхээ судалгааг гаргаж чадаагүй юм шиг санагддаг. Тиймдээ ч үнэн худал нь мэдэгдэхгүй төрөөс халамж хүсдэг хүмүүсийн тоо жил ирэх тутамд нэмэгдсээр байх боллоо?

-Тийм. Өнөөдөр хувийн машинтай. Түүгээрээ халтуур хийгээд амьжиргаагаа залгуулаад явахаар чадалтай хэрнээ “Ажилгүй” гэдгээр халамж авч л байдаг. Хувийн байшинтай. Түүнийгээ бусдад түрээслүүлчихээд мөн л халамж авдаг. Тийм хүмүүс дүүргийнхээ ч юм уу хорооныхоо даргатай сайн найзууд болчихсон байдгаас өнөөдөр амьдрах боломжтой, мэдлэгтэй боловсролтой хүмүүс тэтгэмж авч байгаа. Гэтэл цаана чинь үнэхээр мэргэжилгүй, групт байдаг, орон гэргүй хүмүүс нь тэр болгон халамж хүртээд байгаа нь үгүй. Харин эрүүл хэрнээ тахир дутуу гэдгээр, дөрвөн жил их, дээд сургуульд сууцан хэрнээ орлогогүй гэсэн хүмүүс тэтгэмж авч болоод байгаа учраас өнөөдөр хэн ажил хийхийг хүсэх юм бэ. Тиймээс л бид энэ бүхэнд хүрч үйлчилж, зорилтод бүлэгт халамж өгөхийн тулд санал оруулж хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

-Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт үйлдвэржилтийн тухай яригдаж байгаа. Энэ тал дээр?

-Өнөөдөр малчдын асуудал хамгийн хүнд байна. Малын гаралтай түүхий эдийн үнэ унцан. Боловсруулж чадахгүй байгаа. өнөөдөр бид Дэнжийн-1000 зах дээрээс хаа гуя авахад 30 мянган төгрөг болж байна. Гэтэл хөдөөнөөс бүтэн хонь авахад 25 мянган төгрөг болдог. Энэ ялгааг л яаж арилгах уу гэдэг чухал асуудал болоод байна. Тиймээс мах боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Гэтэл манай улс өмнөхийн адил хоцрогдсон хэвээрээ л байна. Хамаг байдгаа гадагшаа зөөгөөд байгаа.

-Өмнө нь манай улсад түүхийн эдийн бааз, үйлдвэрүүд байсан. Гэтэл хувьчилж байна гэдэг нэрээр одоо бүгдээрээ үгүй болоод сүйдсэн. Энэ бүхнийг үргүйдүүлсэн хүмүүст арга хэмжээ авч дахин тэр үйлдвэрийг үүсгэн байгуулж болдоггүй юм уу?

-Тийм ээ. Би үүнтэй санал нэг байна. Хэрэв тэр бүх арга хэмжээг аваад түүхий эдийн үйлдвэр байгуулах юм бол ажилгүйдэл багасна. үүнийг дагаад өнөөх халамж үйлчилгээ авагчид ч цөөрнө. Ингээд цаашаа ярьвал төсвийн алдагдалгүй болно л гэсэн үг дээ.

 

ШИНЭ МЭДЭЭ