С.Бямбацогт: Гэрээний төслийг сайжруулахын төлөө дахиад ажиллах боломж засгийн газарт байна
2009.08.19
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: Гэрээний төслийг сайжруулахын төлөө дахиад ажиллах боломж засгийн газарт байна

Н.Батбаяр гишүүн бид хоёр гэрээг 15 жилээр хийхийн тулд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар төсөл өргөн барьсан УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Ээлжит бус чуулган өнөөдоөр болно. Хэлэлцэх асуудал тодорхой байгаа. Оюутолгойн гэрээний төслийн талаар Та хатуу байр суурьтай байсан Засгийн газрын ажлын хэсэг тодорхой үр дүнд хүрлээ гэж тайлбарлаж байгаа. Та бүхний байр суурь өөрчлөгдсөн үү?

-2008 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 40 дүгээр тогтоол гарсан. ТүүниЙ дагуу Засгийн газрын ажлын хэсэг өнгөрсөн гуравдугаар сард Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барьсаны дагуу Эдийн засгийн байнгын хороо ажлын хэсэг байгуулсан юм. Тэндээс 14 зүйлтэй маш тодорхой санал, зөвлөмж гаргасан, Харамсалтай нь, Засгийн газрын ажлын хэсэг түүний дагуу сайн ажиллаж чадаагүй. ТиЙм учраас УИХ-ын 67 дугаар тогтоол гарч, чиглэл өгсөн. Тэгэхэд Засгийн газар "Бид нар чадлынхаа хэрээр ажилласан. Үүнээс илүү үр дүнд хүрэх боломжгүй" гэдэг байр суурьтай, хэрэв одоо батлахгүй бол "Рио Тинто" Монголоос гараад явчихна шүү гэсэн утгатай тайлбар хийж байлаа. "Рио Тинто" гараад явчихсангүй. Хэлэлцээ ч өмнөхөөс илүү үр дүнд хүрлээ. Бидэнд танилцуулсан мэдээллээс үзвэл ямар ч байсан Монгол Улсад хоёр тэрбум орчим ам.долларын шууд ашигтай байдлаар гэрээний төсөл сайжирчээ. УИХ-ын 57 дугаар тогтоол гэрээний нөхцөл байдлыг гацаагаагүй харин нь ч сайжрууллаа шүү дээ.

-Өмнө нь эсрэг байр суурьтай байснаараа та нарын хэдэн гишүүн янз бүрээр хэлүүлсэн. Хятадын талыг баримтлагчид гэж хүртэл цоллуулсан байх аа?

-"Рио Тинто"-г хөөж явуулснаар Засгийн газраар "оролдож" эхэллээ гэх мэт янз бүрээр хэлүүлсэн дээ. Гэрээг илүү сайжруулж Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх боломж байсан, Эдийн засгийн бодит салбарт тодорхой хугацаанд ажилласан хүний нүдээр боломж нь харагдаж байсан учраас итгэлтэй хатуу байр суурь баримталсан. Шахаж шаардсаны хүчинд л гэрээний нөхцөл сайжирч байна шүү дээ. "Рио Тинто" гараад явчихвал дараачийн хөрөнгө оруулагч байхгүй шүү л гээд шахаад дарамтлах өнгө аясаар асуудалд хандаад байсан. Гэр бүлийн хоёр муудалцаад эхнэр нь хамаг хувцасаа баглаад явлаа гэж тунирхдаг шүү дээ. Хүүхдүүд нь хэнийх нь ч бурууг мэдэхгүй "Аав аа та ээжийг битгий явуул л даа" гээд л. Түүн шиг гэрээний нөхцөл нь шударга бус байгаагхарахгүй эхнэр саллаа, "Рио тинто" явлаа гэдэг байдлаар л зүтгүүлээд байвал үр дүнд хүрэхгүй. Оюутолгой бол 200-260 тэрбум ам.долларын орлого олох дэлхийд нөөцөөрөө гуравт орж байгаа баялаг орд, "Рио Тинто" дэлхийд тэргүүлэгч компани. Энэхүү төслийн эдийн засгийн үр ашгийг сайтар мэдэж байгаагийн хувьд бид хөрөнгө оруулахад эрсдэлтэй нөхцөл санал болгоогүй гэдгийг мэдэж байгаа. Хөрөнгө оруулагч тал явлаа гэж тунирхахын оронд яавал түргэн хугацаанд гэрээгээ байгуулж харилцан ашигтай хамтран ажиллах вэ гэдэг дээр тодорхой санаачлага гаргавал илүү үр дүнтэй, Одоо санал болгож байгаа нөхцөл өмнөхөөсөө сайжирсан ч гэрээг байгуулахдаа холбогдуулж Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдэд санал нийлэхгүй сайжруулах шаардлагатай зүйлс байна.

-Тухайлбал ямар зүйл байна вэ?

-Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг тэглэх хуулийн төсөл өргөн барьжээ. Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжихийн тулд ийм төрлийн татвартай болсон гэж би ойлгодог. Монголчууд хэдий болтол түүхий эд бэлтгэн нийлүүлэгч улс байх юм. Монголд ээс хайлуулах үйлдвэр байгуулъя, түүнд бүтээгдэхүүнээ нийлүүлбэл 68 хувийн татвар авахаа болъё гэсэн байр суурьтай байгаа. Хэрэв зэсийн баяжмалыг түүхийгээр экспортловол үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн татвар ногдуулах ёстой. Эсвэл энэ татварын оронд өсөн нэмэгдэх нөөцийн төлбөр буюу үнийн өсөлтийн хэлбэлзлээс хамаарсан орлуулах татвартай болох нь зөв юм. УИХ-ын 57 дугаар тогтоолын гуравдугаарт эрх зүйн орчинг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа Монголын талын эзлэх хувь 50 хувиас доошгүй байна гэж зааж өгсөн, Энэ талаар тодорхой тохиролцоонд хүрсэн эсэх нь мэдэгдэхгүй байна. Засгийн газар тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаагаар байгуулахыг монголчуудын дийлэнх нь эсэргүүцэж байгаа. Үүнийг хэлэлцээнд оролцогч талууд онцгой анхаарах ёстой, 30 жилийн дотор Оюутолгойн баялгийг ухаад аваад явчихна, Эздэд нь юу үлдэх юм гэсэн болгоомжлол их бий. Энэ хугацааг нааш нь татах хэрэгтэй. Таван жилийн дотор үйлдвэр ашиглалтад орох бололцоотой.

Дараагийн таван жилд хөрөнгө оруулагчид гаргасан зардлаа нөхчихнө. Түүний дараагийн таван жилд нь ашгаа олох бүрэн бололцоотой, бид өмнөх алдаан дээрээ суралцах хэрэгтэй. "Бороо гоулд"-ын амьд жишээ бий шүү дээ, 15 жилийн гэрээ хийгээд таван жилийн дотор хамаг баялгийг маань ухаад авчихсан. Монгол Улсын эрх ашиг хохироод үлдсэн. Тийм учраас л Н.Батбаяр гишүүн бид хоёр Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах замаар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хугацааг 15 жил гэж өөрчлөх хуулийн төсөл өргөн бариад байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүргийн нэг нь уул уурхай. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь эдийн засгийн өсөлтийг хангах, эрүүлжүүлэхэд онцгой ач холбогдолтой. Хяналт хариуцлагыг сайжруулах шаардлагатай олон жишээ бий. Жишээ нь "Эрдэнэт" үйлдвэр өнөөдрийг хүртэл зэсийн баяжмалаа түүхийгээр нь гаргаж байна. 2005 онд нэг тн цэвэр зэсийн өөрийн өртөг 1360 ам.доллар байсан. 2008 онд нэг тн цэвэр зэсийн өөрийн өртөг 2713 ам.доллар болсон. Зардал яагаад хоёр дахин өсөв гэдэг нь эргэлзээтэй. Үүнийг судлах, шалгах шаардлагатай. Үндсэн болон туслах материал түлш сэлбэгийн үнэ 2005 оныг 2008 онтой харьцуулахад хоёр дахин өссөн гэсэн тайлбар хэлж байгаа. Гэтэл энэ хугацаанд инфиляц үнийн өсөлт ийм хэмжээгээр явагдсан уу гэдэг асуудал эргэлзээ төрүүлж байгаа юм.

-Гэрээний нөхцөл өмнөх төслүүдээс сайжирсан юм бол та бүхний байр суурь өөрчлөгдсөн үү гэж дахин асууя?

-Оюутолгойд төр засаг болон төрийн бус байгууллагуудаас тавьж санал болгож байгаа ямар ч нөхцөлд нь хөрөнгө оруулалт хийсэн ашигтай. Эдийн засгийн өндөр үр ашигтай төсөл. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулаад алдах зүйл байхгүй. Харин хөрөнгө оруулагчтай шударгаар тохиролцож чадахгүй бол Монгол улсад алдах зүйл бий. Тиймээс том эрх ашгаа бодолцож бид зарчмын асуудал дээр хатуу байр суурь баримталсан. Үүнээс илүү үр дүнд хүрэх бололцоогүй гэж Засгийн газар өмнө нь тайлбарлаж .байсан юм.. Шахаж шаардсаны хүчинд өмнөх төслүүдээс илүү үр дүнд хүрснийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ дахиад ч сайжруулахын төлөө ажиллах боломж байна. Гэрээг цаг алдалгүй батлах нь зөв. Яарвал даарна гэдгийг ч бас мартаж болохгүй. Гэрээг батлахын тулд УИХ, Засгийн газар, хөрөнгө оруулагч тал харилцан ойлголцсон, уян хатан байр суурь баримтлах ёстой гэсэн бодолтой байгаа.

-Гэрээтэй холбогдуулж Авто замын тухай, Усны тухай зэрэг зарим хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Авто зам төрийн мэдлийнх байдаг. Зам, усны хөрөнгө оруулалтыг төсвийн хөрөнгөөс гаргадаг. Дээрх хуулиудад өөрчлөлт оруулснаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчид өөрсдөө авто замаа тавьж, усны эх үүсвэрээ хайх, ашиглах нөхцөл бий болно. Гэхдээ тэдэнд давуу эрх олгохгүй. Манай компанийн хөрөнгө оруулалтаар барьсан зам, усны эх үүсвэр учраас бид давуу эрхтэйгээр ашиглана гээд бусдыг хааж боох эрх үүсгэхгүй байх зарчмыг баримтлах ёстой.

-Оюутолгой төслийг тойрч ярихдаа гол зүйлээ мартаад байх шиг санагдах юм. Олох эсвэл алдах эрх ашгийн талаар илүүтэй яриад байдаг. Гэтэл Оюутолгой бол Монгол Улс хөгжих эсэх, стратегийн бусад 14 ордоо үр ашигтайгаар ашиглах загвар нь болно гэдгийг мартаад байх шиг. Энэ талаар Та ямар бодолтой явдаг бол?

-Оюутолгойн төсөл бол зөвхөн Монгол Улсын эдийн засагт шууд нөлөө үзүүлээд зогсохгүй. Дэд бүтэц, шинэ хот, шинэ технологи, шинэ бизнесийн орчин, ажлын байр үйлдвэрлэл, гадаад дотоод хөрөнгө оруулалт, гадаад харилцаа гээд улс орны амьдралд нөлөөлөх нөлөөлөл нь ч өргөн цар хүрээтэй. Таны хэлсэнтэй санал нэг байна. Стратегийн 15 орд бий. Цаашдаа хэд ч болж нэмэгдэж мэднэ шүү дээ. Тийм учраас УИХ, Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарал хандуулах ёстой. Дараагийн хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ярихад "Та нар Оюутолгойг ийм, тийм нөхцөл, хөнгөлөлтөөр ашиглуулсан. Одоо бидэнд болохоор яахаараа өөр нөхцөл тавиад байгаа юм" гэсэн байдлаар барьцах асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Оюутолгой том төслөөс гадна дараагийн томоохон ордуудын гэрээг Монголын талд ашигтайгаар байгуулахад жишиг, загвар болох ёстой гэдгийг бүх төвшиндөө ухамсарлах хэрэгтэй юм.

Ялангуяа УИХ, Засгийн газар энэ талд маш хариуцлагатай хандах ёстой гэсэн байр, суурьтай байдаг. Аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахын тулд эцсийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох л ёстой. Ингэж байж л Монгол Улс хөгжинө. Ингэхдээ уул уурхайн салбартаа түшиглэсэн том алхам буюу орлуулах Монгол Улсад ашигтай хуулийн зохицуулалтыг хийх учиртай. Үүний тулд л гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг Монгол Улсад ашигтай байдлаар өөрчлөх хэрэгтэй гэж үзээд байгаа юм. Гэхдээ энэ татварыг хаана, хаанаа ашигтайгаар зохицуулж болно. Хэрэв зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад байгуулбал 68 хувийн татвар авахгүй байж болно. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжихэд хөшүүрэг болох гол зүйл бол гэнэтийн ашгийн 68 хувийн татвар юм.

-Та өөрийнхөө байр суурь, үзэл бодолд итгэлтэй байна уу?

-Бүх зүйл өөрийн гэсэн орон зайтай цаг хугацаанд захирагддаг. Аль нь үнэн, худал, аль нь зөв, буруу болохыг цаг хугацаа харуулна. Би өөрийнхөө санаачлага, баримталж буй байр сууриа зөв гэж бодож байна. Яагаад гэвэл үзэл бодол, итгэл үнэмшилдээ итгэлтэй байна. Оюутолгойг тойрч ингэж их асуудал босч байгаа нь энэ төсөл ямар чухал болохыг харуулж байгаа хандлага шүү дээ.


ШИНЭ МЭДЭЭ