С.Бямбацогт:Харамсалтай байна. Төрийн далбааны өдрийг тэмдэглэхгүй нь
2009.07.10
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

С.Бямбацогт:Харамсалтай байна. Төрийн далбааны өдрийг тэмдэглэхгүй нь

Өнөөдөр уг нь Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх өдөр. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Ж.Сүхбаатар, С.Бямбацогт нар өнгөрсөн оны аравдугаар сард Төрийн далбааны өдөр тэмдэглэх тухай хууль санаачилж, батлагдсан юм. С.Бямбацогт харин бухимдангуй явна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Долгортой ярьж, Төрийн далбааны өдөр тэмдэглэх тогтоол гарсан эсэхийг лавлахад сайд "үгүй" гэсэн хариу өгчээ. Ингээд энэ өдөр монголчууд Төрийн далбааныхаа өдрийг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх нь өнгөрөв бололтой. С.Бямбацогттой ярилцлаа.

-Та бухимдалтай яваа юм байна. УИХ-ын гишүүн болоод анх санаачилсан Төрийн далбааны өдөр тэмдэглэх тухай хуулийг хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гараагүй гэсэн үг үү?

-2008 онд монголчууд олимпийн анхны аваргатай болж, хүн бүр баярлаж, бахадсан сэтгэлээ төрийн далбаагаараа илэрхийлж байлаа. Томоохон эмгэнэлт явдал тохиолдсон ч гэлээ бөхийлгөж уй гашуудлаа тайлах гэх мэтээр Төрийн далбаандаа монголчууд асар их хүндэтгэлтэй ханддаг. УИХ-ын гишүүнээр анх сонгогдсон хүний хувьд эхний санаачлан боловсруулалцсан хууль маань төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх өдөртэй болох тухай байсанд бэлэгшээдэг. Тэр дагуу жил бүрийн долдугаар сарын 10-нд Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэх өдрийг хуульчилсан.

-Тогтоол өнөөдрийг хүртэл гараагүй байгаа хэрэг үү...

-Засгийн зрын тогтоол гарчихсан байх гэж найдаж байсан. Тэгээд Б.Долгор сайд руу ярьсан чинь тогтоол гараагүй гэдэг байгаа. Түүнээс болж Төрийн далбааны өдрийг тэмдэглэх хууль хэрэгжихгүйд болсонд харамсаж байна.

-Долдугаар сарын 10-ны түүхэн өдрийг хүн бүр мэддэггүй. Энэ сайхан өдрийг бас дурсах л ёстой...

-БНМАУ-ын тусгаар тогтнолыг БНХАУ хүлээн зөвшөөрдөггүй байсан үе. Харин ЗСБНХУ хүчин чармайлт гаргасны дүнд манай улсын тусгаар тогтнолыг Хятадуудаар хүлээн зөвшөөрүүлж, энэ тухайгаа Х.Чойбалсанд хэл дуулгасан байдаг юм билээ. Тэр үед Х.Чойбалсан Москвад байж. Тэндээсээ яаралтай буцаж ирээд Улсын Бага Хурлыг хуралдуулж, одоогийн төрийн далбааны эхийг зохиосон гэдэг. Алтан соёмбо таван хошуугүй болохоос анхны хэмжээ, агуулга, бэлгэдэл нь хэвээрээ үлдсэн. Бид Төрийн далбааны өдрийг тэмдэглэх талаар ярилцаад "төрсөн өдрөөр" нь буюу долдугаар сарын 10-ныг сонгосон юм.

-Наадмын үеийн ашигтай бизнесийн нэг нь Төрийн далбааг худалдаж ашиг болох болж. Таван хошуутай алтан соёмбо бүхий далбаа ч зарж байх шиг. Хэмжээ, хийц бол янз бүр байна билээ. Төрийн далбааг ашиглахыг зохицуулсан журам байдаг уу. Дуртай хүн түүгээр бизнес хийгээд байж таарамгүй санагдах юм.

-Төрийн бэлэг тэмдэг болсон Төрийн дуулал, сүлд, далбаа зэргийг хаана, хэрхэн ашиглахыг зохицуулсан тодорхой журам бий. Эдгээрээс иргэн бүр чөлөөтэй ашигладаг нь далбаа юм. Гэхдээ батлагдсан загвараар хэрэглэх ёстой.

Манай зарим иргэн Төрийн далбааныхаа түүх, бэлгэдэл, агуулгыг нь мэддэггүй юм шиг. Таван хошуутай далбаа зараад байна гэсэн гомдол санал гарсан байна лээ. 1990 онд таван хошууг нь аваад бусдыг нь хэвээр үлдээсэн шүү дээ. Үүнийг мэддэг, мэддэггүйд нь хэлдэг байх хэрэгтэй. Төрийн зохих байгууллагууд энэ талаар арга хэмжээ авах л ёстой. Нийслэлийн удирдлага, Баяр наадмыг зохион байгуулах комисс үүнийг анхаарна биз ээ.
Солонгосын нэгэн үйлчилгээний газар манай Төрийн далбааг уруу нь харуулаад байрлуулчихсан байсныг тэнд ажиллаж, амьдардаг монголчууд бөөн юм болж байж залруулсан гэсэн. Түүн шиг л Төрийн далбаандаа хүн бүр хүндэтгэл үзүүлж, түүх, бэлгэдлийн утга агуулгыг нь маш сайн мэддэг байх ёстой юм.

-УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэнгийн санаачлан байгуулсан Төрийн далбааг Төв цэнгэлдэхийн тэр хувьд, ямар ч хараа хяналтгүй зэлүүд газар байрлуулсан байна билээ. Азидаа хамгийн том далбаа гэдэг гэсэн. Салхигүй тогтуун үед тусгай төхөөрөмжөөр намируулдаг байсан. Харж хандах байгууллага, хүнгүйгээс тэр нь хулгайд алдагдаж, нэвсийсэн улаан, цэнхэр даавуу шиг харагддаг юм билээ. Үүнд хүмүүс маш их эмзэглэдэг. Тэндээс нь зөөгөөд танктай хөшөөний суурин дээр байрлуулчихаасай гэж олон хүн хүсдэг юм билээ?

-Азид байхгүй том далбаа Улаанбаатарын Төв цэнгэлдэхийн хажууд, манай гэр бас тэр орчимд байдаг юм. Би хажуугаар нь байнга явна. Тийм сайхан зүйлийг харж, хамгаалах үүрэгтэй хүмүүст харамсдаг. Өнөөдөр хүртэл /өчигдөр/ далбааг нь авчихсан зүгээр төмөр шон байсан.

УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн түүнийг санаачлан байгуулаад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хан-Уул дүүргийн удирдлагад хүлээлгэж өгсөн. Гэтэл төрийн байгууллагын албан тушаалтнууд түүнд хайнга хандсан. Азид байхгүй ийм сайхан Төрийнхөө далбааг эх орончоор харж хандаад, зөв ашиглах нь тэдний үүрэг шүү дээ.

Байршлын хувьд эргэж харах зүйл бий. Хуучны танктай хөшөө буюу 120 мянгатын тойрогт байрлуулчихмаар санагддаг юм. Монголд ирж буй гадаадын зочин, жуулчид, эх орондоо ирж, буцдаг монголчууд тэр хавийн замаар зорчдог. Түүгээр өнгөрөхдөө гадаадынхан сонирхож, биднээр бахархдаг. Алс холын аянаас ирэх, зорих эх орон нэгтнүүд маань сүрлэг сайхан далбаагаа хараад сэтгэл нь хөдөлж, бахархаж, омогших, төрийн сүлд өршөө гээд адис авдаг байх юм бол маш сайхан. Энэ бүхнийг бодоод одоогийн байгаа газраас нь 120 мянгатын буюу танктай хөшөөний суурин дээр байрлуулчихмаар санагддаг.

-УИХ-ын гишүүн Таны зүгээс энэ талаар санаачилга гаргах боломж байна уу?

-Надад бодож, төлөвлөж байгаа зүйл бий. Нийслэлийн удирдлага миний санаачилгыг дэмжих байх гэж найдаж байна. Ямар ч сайхан сүрлэг хөшөө, нэрт зүтгэлтний дурсгалаас илүүтэйгээр монгол хүн бүр Төрийн далбаагаараа бахархаж, хүндэтгэдэг. Тэнд байрлуулснаар эх оронч үзлийг үе үеийнхэнд төлөвшүүлж, Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж бахархал омогшил төрүүлэхэд маш том хувь нэмэр болно гэдэгт найддаг.

 

ШИНЭ МЭДЭЭ