С.Бямбацогт: Илүү харж, билүү долоох гэж УИХ-д ороогүй
2009.06.24
Улстөр

С.Бямбацогт: Илүү харж, билүү долоох гэж УИХ-д ороогүй

Энэ удаагийн “Дугаарын зочин”-оороо УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг урилаа. Эдийн засагч мэргэжилтэй эрхэм гишүүн хуулийн чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Хэдийгээр шинэхэн түшээдийн олонх нь УИХ-ын чуулганы танхимд таг дуугүй суусаар он жилүүдийг үддэг ч эл эрхэм үзэл бодлоо илэрхийлж, хийе гэснийхээ төлөө хөдөлж чадах залуу гэх тодорхойлолтыг аль хэдийнээ ард түмнээсээ аваад амжчихсан. Ард түмний эрх ашгаас дээгүүр эрх ашиг гэж байхгүй хэмээн мэдэгддэг тэрбээр намынхаа хурал дээр ч хэлье гэснээ хэнээс ч айлгүй хэлээд тавьчихдаг гэж дуулддаг. Бас тэрбээр ногоон өнгөнд дуртайгаа их л ойр дотно санагдаад байдаг гэж тайлбарлах юм билээ. Ингээд эрхэм гишүүнтэй хөөрөлдснөө хүргэе.

-Хоёулаа яриагаа бага насны тань дурсамжаар эхлэх үү?

-Багадаа нэлээд хөдөлгөөнтэй, гэхдээ их нийтэч хүүхэд байсан. Сахилгүйтвэл сахилгагүйтнэ. Тал талын л юм хийчихдэг байсан даа.Ер нь бол үеийн хүүхдүүдийн жишгээр матакдаж, анчин ба гөрөөс болж хөөцөлдөж тоглодог байж билээ. Арай жаахан томроод “цагаан мод” хаядаг байлаа. Тэгээд зун нь Буянт голын усанд загас жараахайтай хөөцөлдөж гүрдэн хөх гэдэг шиг сайртай амьтан л гүйж явдаг байлаа.

-Одоо ч хүүхдүүд ном уншихаа байж. Таны үед хүүхдүүд ном их уншдаг байсан даа?

-Тэр ч тийм шүү. Дээхэн үед хүүхдүүд их ном уншдаг байсан. Сүүлийн үед компьютер гараад ном унших нь багасаад байх шиг байгаа юм. Түүнээс биш бидний үед бүгдээрээ л номтой нөхөрлөдөг байлаа. Би гуравдугаар ангид байхдаа нэг жилийн дотор 165 ном уншиж, “Номын сайн нөхөр” гэдэг шагнал авч байлаа. Хүүхэд байхад их л том шагнал авсан мундаг амьтан шиг санагддагсан. Гэтэл одоо жилд үсрээд л арван ном уншиж чадвал их юм байдаг болж.

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хуулийн чиглэлээр номын дуу сонсож байгаа болохоор хуулийн ном л харж байх шив дээ.

-Ингэхэд та арван жилийн сургуулиа хаана төгслөө?

-Нутагтаа Ховд аймгийн төвийн II арван жилийг дүүргэсэн. Аав маань тухайн үед сум нэгдлийн дарга байсан учраас аавыгаа дагаад Чандмана, Мянгат сумын сургуульд шилжин суралцаж байлаа. Гэхдээ аравдугаар ангиа анх нэгдүгээр ангид орсон аймгийн төвийнхөө сургуульд төгссөн.

-Тэгвэл аравдугаар ангиа төгсөөд л хотод анх ирж байсан хэрэг үү?

-Тэгсэн.

-Хөдөөнөөс анх хотод ирсэн хүмүүс төөрч будилсан тухайгаа хөгтэй юм нэлээд ярих юм билээ. Таны хувьд хотын хүн болох гэж зүдэрсэн үү?

-Гайгүй дээ. Ах эгч нараараа заалгаад л явдаг байсан. Гэхдээ хүүхэд байсан болохоор зүг чигээ олохгүй будлиад, голын ус эсрэг тийшээ урсаад байгаа юм шиг их л сонин санагддаг байж билээ. Одоо ч дасчихаж дээ.

-Өрөөний чинь хананд өлгөсөн зурагнаас харахад өөрөө уулын спортоор хичээллэдэг юм уу даа?

-Ууланд авирах дуртай. Алтай таван богд, Мөнх хайрхан, Цамбагаравын оргилуудад гарч байлаа. Тэгээд ч багадаа хөдөө ууланд малд их явдаг байсан. Ер нь манай нутаг чинь өндөр уултай газар шүү дээ. Бас фото зураг их сонирхдог. УИХ-ын гишүүн С.Баярцогтын өрөөний хананд өлгөөтэй зураг чинь миний авсан гэрэл зураг. Алтай таван богдод авирсныхаа дараахан гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан юм.

-Ууланд авирахдаа авирсан замаараа буцаж буудаг гэсэн, үнэн үү?

-Хэцүү бол анх гарсан замаараа л буудаг юм. Сонирхуулахад Мөнх хайрханд авирах үед хашир уулчидтай гараагүй бол балрах байсан шүү. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, Болдбаатар нартай хамт явсан юм. Эгц дээшээ мөсөөр авирч байтал гуталны мөсөнд шигддэг кошак мултраад тэр хоёр цаг алдалгүй мэдэж, арга хэмжээ авч олсонд дүүжлэгдэж байж амьд үлдсэн. Хашир уулчид байгаагүй бол өнөө хоёрыгоо ч чирээд хамтдаа л хадан хясаан дээрээс нисч үхэх байсандаг.

-Хүн болгон л хэрэг болгон ямар нэг зүйл цуглуулдаг юм билээ. Харин та?

-Чулуу сонирхдог. Хөдөө гадаа, гадаад дотоод гээд хаа очсон газрынхаа чулууг авч хадгалдаг. Бас чулууны тухай ном, альбом ч цөөнгүй бий. Бас цаг цуглуулдаг. Гайгүй цаг харагдвал авчихдаг юм.

-Хамгийн үнэтэй нь ямар цаг вэ?

-Нэг их үнэтэй цаг байхгүй ээ. Зүгээр л таалагдсан эсвэл сонирхсоноо авдаг.

-Чулуу цуглуулдаг гэхээр хөөрөг ч бас сонирхдог байлгүй?

-Хөдөөний хүн гэхэд хөөрөг, морь нэг их сонирхоод байдаггүй. Хүмүүс морины уяан дээр өнжиж алжаалаа тайлдаг гэдэг ч миний хувьд зааланд тоглож, агаарт алхах нь таатай амралт болдог. Магадгүй насны онцлог ч байж болох юм. Нас тогтоод ирэхээр сонирхох ч юм билүү, хэн мэдэхэв.

-Буянт голын эрэг дээр гүрдгэр хөх болтлоо наадаж өссөн юм чинь загасчлахдаа хэнийг ч дагуулахааргүй мундаг биз дээ?

-Нэг их загасчлаад байдаггүй. Харин ан авд найзуудтайгаа явчихдаг юм. Гэхдээ сүүлийн гурав, дөрвөн жил амжсангүй. Мартснаас сонгуулийн үеэр нэг сонин дээр хориотой анчин гээд гарчихсан байсан. Хэдэн жилийн өмнө найзуудтайгаа анд явж байгаад тэх буудаад зургаа авахуулсан юм. Тэр зураг олдохгүй байсан чинь улс төрийн сонгуулийн үеэр ил гараад ирдэг байгаа. Ний нуугүй хэлэхэд сонгуулийн ачаар өөрийнхөө ан хийж явсан үеийн дурсгалтай зургийг олж авсан.

-Төрийн түшээ гэдэг цаг завгүй ажил. Гэхдээ залуу хүн юм чинь ар гэрийн ажилд оролцдог л байлгүй?

-Ёстой гэрийн ажилд оролцдоггүй. Манай эхнэр ар гэрийн албаа 100 хувь сайн амжуулдаг. Намайг гар хүргэдэггүй юм. Халамжтай сайн эхнэр, сайн ээж л дээ. Сонин хэвлэл дээр онцгүй юм бичсэн л харагдана лээ. Энэ ташрамд хэлчихэд бичээд байдаг шиг чинь хүн биш. Харин ч эсрэгээрээ сайн хань, сайхан ч эмэгтэй. Гэртээ манай хүү, бид хоёр чинь хоёр эрх хүүхэд шиг л байдаг юм.

-Гэхдээ гарын хоолтой биз дээ?

-Манай хүү өндөгтэй будаа, би будаатай хуурга хийж чадна. Ээжийг нь байхгүйд хоёулаа өлсөхөөрөө будаатай л нөхөрлөнө шүү дээ. Бага байхдаа айлын том байсан болохоор хоол хийх гэхчлэн гэрийн ажилд сайн л байсан. Хамгийн анх долоон настайдаа гурилтай хоол хийж байснаа мартдаггүй юм. Ээж сургуульд явчихсан, аав дүү хоёртойгоо л хамт байдаг. Тэгээд л нэг орой аавыгаа ажлаасаа тараад ирэхэд нь лапша хийчихсэн. Аав маань маш их баярлаж байсан нь санаанд тод үлдэж. Одоо бол хоол хийж, гэрийн ажилд оролцдоггүй. Амждаг ч үгүй. Ерөнхийдөө гэрийн ажлаас хол хөндий гээд ойлгочиход болно.

-Гэр бүлийн тань хүн ямар ажил эрхэлдэг юм бэ?

-Төрийн бус байгууллагад ажилладаг.

-Эхнэртэйгээ нэг нутгийнх гэж дуулсан. Анх яаж танилцаж байсан бэ?

-УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гуай, манай хадам аав, манай аав гурав нэг голын хамтдаа тоглож, өссөн хүүхдүүд. Ялангуяа манай хадам аав, манай аав хоёр их дотно найзууд. Тэр утгаараа бага байхын л эхнэр бид хоёр гэр гэрээрээ орж гардаг байсан. Ерөнхийдөө зургаадугаар ангиасаа бие биенээ мэддэг. Аравдугаар ангиа нэг ангид, нэг ширээнд хамт сууж төгссөн дөө.

-Олон үндэстэн ястны өлгий нутаг Ховдынх юм чинь найрын дугараанд толгой өвдөхгүй биз?

-Тэр тал дээр санаа зоволтгүй. Сургуульд байхдаа сургуулийнхаа концертод гоцлол дуу дуулдаг байлаа. Энэ ташрамд сонирхуулахад манай нутгийн Буянт гол шиг дахиад нэг дуутай болчих юмсан гэж боддог. Дуунд зориулж босгосон анхны хөшөө манай аймагт бий. 2002 онд нутгийн зөвлөлийн санаачлагаар босгосон.

-Хүний амьдралын алтан үе яах аргагүй оюутан нас. Оюутан цагийнхаа гэгээн дурсамжаас хуваалцахгүй юу?

-Сахилгагүй оюутан байсан. Сахилгагүй гэхээр хорлонтой гэж ойлгож болохгүй шүү. Оюутны байранд байсан болохоор бусад оюутнуудтай л адил нийлж дарвина, охид эргүүлнэ. Хааяа шоудна. Хэтрэхээрээ зодоон цохион ч хийчихдэг байсан.

-Улс төр, бизнес хоёр нэг тогоонд багтахгүй гэх нь бий. Та үүнтэй санал нийлдэг үү?

-Ямар ч зүйлийг болно, болохгүй гэж ярьж болно л доо. Гэхдээ бүх зүйл тухайн хүний үнэт зүйл, үзэл бодлоос хамаарна. Би хувийн хэвшилд, баялаг бүтээдэг салбарт ажиллаж байгаад УИХ-д орж ирснээрээ их бахархдаг. Бусдын ярьдаг шиг илүү харж, билүү долоох гэж УИХ-д орж ирээгүй. Тэртээ тэргүй хувийн амьдралаа аваад явчих баялгаа боломжийн хэрээр бүтээчихсэн. Монгол Улсад татвараа төлж байсан. Сая “Алтан гадас” авсны дараа УИХ-ын шинэ залуу гишүүн юу хийсэн гэж авч байгаа юм бэ гэх яриа гарч л байна лээ. Ний нуугүй хэлэхэд би арван хэдэн жил бизнес эрхэлсэн. Үндсэндээ 4000 орчим хүний ажил, амьдралыг зохицуулдаг компани удирдаж байсан. Таван тэрбум төгрөгийн татвар улсад төлдөг. Түүнийг маань үнэлж, өдгөө улс эх орныхоо төлөө их юм хийгээрэй гэж өглөө л гэж ойлгосон. Бизнес хийдэггүй, Монгол Улсын төсөвт ямар ч татвар төлдөггүй мөртлөө хүний эдэлдгээс илүүг нь эдэлдэг хүн зөндөө л байна. Тэр хүмүүс ямар мөнгө, хаанаас орсон орлогоор амьдраад байгааг гайхдаг. Тэд бизнес, улс төр хоёр нэг тогоонд багтахгүй гэж ярьдаг мөртлөө цалингаараа амьдарч байна гээд тансаглаад байгаад хэн итгэх юм бэ.

-Улс төрчдөөс хэнийг хүндэлдэг вэ?

-Ц.Нямдорж даргыг хүндэлдэг. Бас УИХ-ын дарга Д.Дэмбэрэл гээд олон хүн бий. Гэхдээ Ц.Нямдорж шиг гишүүн, түшээ болохсон гэх бодол, эрмэлзлийг дотроо тээж явдаг.

-Ингэхэд нутаг руугаа очиж амжиж байна уу?

-Хуучин бол жилд нэг л очдог байлаа. Ээж маань нутагтаа амьдардаг. Гишүүн болсноосоо хойш найман удаа очсон. Тухайн тойргоос сонгогдсон учраас шаардлагатай байх юм.

-Таны хэлэх дуртай үг?

-Хүн зорилготой, зоригтой, зарчимтай байх ёстой гэж…. Би ч өөрөө тийм байхыг хичээж, бодож явдаг.

-Нэг гишүүн УИХ-ын гишүүн болсноосоо хойш их уцаартай болчихлоо гэж байсан. Ажлын ачааллаасаа ч болдог биз. Таны хувьд төрийн түшээгийн ажил уцаар төрөх зүйл ихтэй байна уу, эсвэл үгүй юу?

-Би өөртөө ч, бусдад ч тэр хатуу шаардлага тавьдаг. Тэр хэрээр хатуу хүн гэх ангилалд багтдаг юм билээ. Төрийн түшээ болоод ч тэр зарчмаараа л ажиллаж байгаа учраас уурлаж, бухимдаад байх юм алга. Хийх ёстой ажлаа сайн хийхсэн гэж хичээж ажиллаж байна. Тэгтлээ бухимдаад байх юм одоогоор алга даа.

-Та хүний ямар занд дургүй вэ?

-Агуулга, хэлбэр хоёрын нэгдэл, зөв зохистой байж үр дүнгээ өгч, төгс төгөлдөр болно. Тэр утгаараа хүн нэг зангаараа байх ёстой гэж боддог. Харыг харж харваж, шарыг харж шарвалздаг занд дургүй.

-Найзын хүрээлэл хэр өргөн бэ?

-Би чинь арван жилдээ их олон сургууль дамжсан учраас ангийн найзууд олонтой. Тэр утгаараа атаархмаар сайхан багын найзууд бий. Ямар ч үед нэг л зангаараа, бие биентэйгээ уулзаад амьдрал ахуй, гэр бүлийнхээ талаар ярилцаж, зөвлөлдөг болж, одоо. Зарим хүмүүс “Энэ нөхөр чинь их хурлын гишүүн болчихсон юм чинь” гээд арай өөрөөр хандах гээд байгаа тал ажиглагдахад их гайхдаг. Хүн нэг л зангаараа байх нь зүйтэй. Ярихгүй таг болчихоор нь гайхаад араас нь залгах ч үе гарах л юм. Найзуудтайгаа буу халж, сайхан аялгуу сонсоод суух ч сайхан шүү. Уг нь би хуучны итали дуу, морин хуурын аялгуунд хачин их дуртай. Гээд одоо амьдрал өглөө гараад, орой ирдэг нэг хэв маяганд орчихож. Хөгжим сонсоод суух зав ч олдохгүй юм даа.

 

ШИНЭ МЭДЭЭ