С.Бямбацогт: Санаа зоволтгүй би хатуу зогсож чадна
2009.06.18
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Санаа зоволтгүй би хатуу зогсож чадна

Үдийн хоолны цагаар С.Бямбацогт гишүүнд "эргэлт" ирэв.  Хонины толгой чанаад хэрчиж зэхжээ. Хярвастай шөлөнд нь будаа нэмж буцалгасан байх юм. Тэрээр гэргийнхээ гарын тэр хоолоор Төрийн ордны зоогийн газарт УИХ- ын гишүүдийг дайллаа. "Ховор сайхан хоол байна даа" хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн ахин дахин амтархаж, залуу гишүүний гэргийд талархал уламжилна лээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцав.

-Хонины толгойгоор хоол бэлдсэнийг бодоход орчин цагт үлгэр жишээ гэргийтэй байх нь ээ?

-Манай хүн ер нь хоол сайтай шүү. Толгой, цувдай янзлаад хачин гоё хоол хийдэг. Бид хоёр өнгөрсөн амралтын өдөр Дэнжийн 1000-ын захын ойролцоох бойноос толгой, шийр авсан юм. Тэгээд өнөөдөр нөгөө толгойгоороо хоол бэлдээд явуулчхаж.

-Танай эхнэрийн талаар зарим хэвлэлд "хэрэгт дурламаар" мэдээлэл гардаг. Эрх танхи гэж сонссон юм байна. Ажлын тань өрөөнд өнжиж, захирч зааварладаг сурагтай?

-(Инээв). Манай эхнэр эрх танхи биш ээ. Би л эхнэртээ эрхэлдэг юм. Дэгс яриа, худал үг бүрийн араас явалтай биш. Бодит байдалд манай эхнэр надад халамжтай сайн хань, үр хүүхдэдээ элбэрэлтэй ээж. Миний өрөөнд эрхэлж суусан ганц удаа үгүй. Харин ажил төрөлд минь тус нэмэр болж яваа хүн л дээ. Тэр маань Ховдын хөгжлийг дэмжих чиглэлээр төрийн бус байгууллага удирддаг. Муу хэлүүллээ гээд ажил хэрэгч зангаа тавихгүй ээ.

-УИХ-д шинээр сонгогдсон гишүүд эхний жилдээ парламентын үйл ажиллагааг харзнах маягтай сууж өнгөрүүл-дэг. Бизнес эрхлэгчдийн дунд бөөн маргаан өрнүүлсэн хуулийг төслийг УИХ-ын зарим гишүүн боловсруулсны нэг нь Та. Бизнесийн салбараас УИХ-д орж ирмэгцээ Өрсөлдөөний тухай хуулийг барьж авснаа тайлбарлахгүй юу?

-Өрсөлдөөний хуулийг 2004-2008 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцүүлэх гэж төсөл санаачлаад амжаагүй гишүүд байдаг. Тэд яагаад чадаагүй вэ гэхээр бизнесийн томоохон бүлэглэлүүдийн эрх ашиг хөндөгдөнө гэж болгоомжилсон байж магадгүй. Миний хувьд УИХ-д орж ирээд өмнөх төслийг сайжруулж, Д.Ганхуяг нарын гишүүнтэй хамтарч Өрсөлдөөний тухай хуулийг шинэчлэн найруулж өргөн барьсан.
Би УИХ-ын гишүүн болохоосоо өмнө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан. Тэгээс эхэлж, улаан гараараа хөрөнгийг бий болгосон томоохон татвар төлөгчийн хувьд компаниудын хооронд шударга бус ямар өрсөлдөөн үйлчилдэг, бизнесийн салбарт төрөөс ямар дарамт үзүүлдэг вэ гэдгийг сайн мэднэ.

-Та Өрсөлдөөний тухай хуулийн өмнөх төслийг сайжруулсан гээд байдаг. Гэтэл бизнес эрхлэгчид тийм ч ам сайтай байдаггүй юм билээ. Та бүхний шинэчлэн найруулсан хууль төрийн хүнд суртлыг дэмжих, бизнесийг боомилох агуулгатай гэж шүүмжилж байгаа шүү дээ?

-Төрийн албан хаагчдын ажил үүргээ биелүүлж буй сэтгэлгээ, арга барилыг бүрмөсөн өөрчлөх ёстой гэдэгтэй би ч санал нийлдэг. Төрийн хүнд суртал гэдэг бол хуулиар хамгаалагдсан авлига. Байцаагч түшмэдийн халаасанд очих шан харамжийг шүүмжилж суугаа хүмүүст хандаж хэлэхэд "Санаа зоволтгүй, яг үүний эсрэг хатуу зогсож би чадна". Төрийн зүгээс бизнесийн шударга өрсөлдөөнийг дэмжих, дарамт шахалтгүй байлгахын төлөө тууштай явж байна. УИХ-аас иргэдийн эрх ашгийг хамгаалж, баталсан хууль хэрэгжих шатандаа төрийн албаныхны илүү харж, билүү долоосон сонирхлоор замхардаг явдлыг арилгахын тулд Өрсөлдөөний хуулийг барьж авсан юм.

-Энэ хуулийн төсөлд "торгоно", "шийтгэнэ", "хураана" гэсэн үг үсэг зонхилсон нь бизнесийнхнийг айдсаар хүлж байгаа бололтой?

-Хариуцлагын л асуудал шүү дээ. Хуулийн төсөлд тодорхой хязгаар тавьж өгсөн байгаа. Бизнесийн үйл ажиллагаа шударга өрсөлдөөний хязгаарыг хэтрээгүй бол Өрсөлдөөний тухай хуулиар хариуцлага оноох хүрээ үүсэхгүй. Шударга өрсөлдөөнөөс болгоомжилж байгаа хүмүүст энэ төсөл таалагдахгүй учраас шүүмжлэх нь гарцаагүй. Бизнесийн монополь компаниуд шударга бус өрсөлдөөний зарчмаар ажилладаг. Тэд Өрсөлдөөний тухай хууль үйлчилж эхэлбэл "махны машин"-д орохоос айж байгаа.

Шударга өрсөлдөөн хаана байна, тэнд хямд үнэ, чанартай үйлчилгээ ноёрхдог. Энэ тохиолдолд ард түмэн, хэрэглэгчид хожиж таарна. Ерөөсөө Өрсөлдөөний тухай хуулийн гол зорилго энэ юм л даа.

-Монополь гэгддэг бизнесийн төлөөллүүд тантай тохой залгаад УИХ-д нэг биш байгаа. Тэд сандрахгүй байна уу?

-Дотроо дургүйцэж л байгаа, мэдээж. Гэхдээ ямар нэг хэлбэрээр дургүйцлээ илэрхийлэхгүй байгаа нь сайн хэрэг. Тэд УИХ-ын гишүүнийхээ ёс зүйг ухамсарлаж, ашиг сонирхлын зөрчилтэй асуудалдаа хошуу дүрэхгүй байгаад нь талархах хэрэгтэй гэж бодож байна.

-Монгол Улсын нутаг дэвсгэрт валютаар арилжаа хийхгүй байх санаачилга шинэ биш. Огт хэрэгждэггүй шүү дээ. Төгрөгөөр наймаалцах хуулийг та санаачлаад байгаа. Хэрэгждэггүй хуулийн тоо нэмэгдэх биш үү?

-Хэрэгжихгүй гээд хаячихвал хөгжихгүй л гэсэн үг. Сайхан амьдаръя гэж бодож байгаа бол аль болох хийхийн тулд, хэрэгжүүлэхийн төлөө урагшлах хэрэгтэй, Урьд нь бүтээгүй юм чинь хууль санаачлаад яах вэ гэсэн гутранги үзэл надад алга.

-Та ч гэсэн валютаар тооцоо хийгээд явж байгаа биз дээ, хүүхдийн сургуулийн төлбөр гэдэг ч юм уу. Эсвэл таны өмчлөлд байдаг компаниуд ч валютаар ажил, үйлчилгээгээ борлуулж л байгаа. Яагаад зөвхөн төгрөг байж болохгүй байна?

-Төгрөгийн ханшын тогтворгүй байдал бизнесийн эрсдэлийг дагуулдаг. Монгол Улс импортоос хэт хараат байгаа нь валютын ноёрхлыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүргэдэг. Хэрэв монголчууд үндэсний үйлдвэрлэлээрээ дотоодынхоо хэрэгцээг хангадаг бол валютыг шүтээд байх шаардлагагүй, төгрөгөөр төлбөр тооцоогоо гүйцэтгэхэд ханшын эрсдэлд орохгүй. Дэлхийн эдийн засгийн хямралаас болж Монголын экспортын орлого буурч, валют ын нөөц багасах хэрээр ханш нь өсөх вий гэсэн хүлээлт төгрөгт итгэх итгэлийг алдагдуулсан. Тиймээс яг ийм үед хуулийн зохицуулалтыг бий болгох хэрэг тэй гэж би үзэж байна. Дахиад ийм эрсдэл гарвал яах вэ. Бид одоо л Валютын зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулж, төгрөгөөр төлбөр тооцоо хийх хуулиа батлах ёстой. Үндэсний мөнгөн тэмдэгт бол тусгаар тогтнолын нэг илэрхийлэл.

-Импортоос хараат Монголын зах зээлд төгрөг үнэтэй байх арга байна уу?

-Дотооддоо төгрөгөөр бараа, ажил, үйлчилгээг үнэлэх хуультай байх ёстой. Энэ дагуу үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх том бодлого бий.

-УИХ-ын гишүүн болсны тань эхний зорилго юу вэ. Ховдынхоо сонгогчдод таалагдах явдал мөн үү?

-Сонгогчдодоо таалагдах нь нэгдүгээр зорилго биш. Би тэдний амьдралд, улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг зорьж ажилладаг.

-Ховдынхонд таны яриад байгаа бизнесийн өрсөлдөөний асуудал, төгрөгөөр арилжаа хийх тухай санал ойлгомжгүй санагдаж мэдэх юм. Сонгогчдоо уурлуулж байгаа юм биш биз?

-Бас Төрийн далбааны тухай, Мэргэжлийн боловсролын тухай гээд хуулиуд байна л даа. Сонгогчдын ахуй амьдралд падгүй ажил гэж хэлэх гээд байна уу. Зарим сонгогчдод тэгж санагдаж болох л юм. Монгол Улсын хөгжилд зайлшгүй, бодлогын чанартай томоохон хуулиудыг санаачилж боловсрууллаа. Эдгээр хууль амьдралд хэрэгжвэл үр дүнг нь зөвхөн Ховдын иргэд биш монгол хүн бүр хүртэх юм. Хот, хөдөө бараа, үйлчилгээг ялгавартай үнээр хэрэглэж байгаа. Ялангуяа Ховдын иргэдийн амьжиргаа үүнээс болж нэлээд зутардаг. Хот, Ховд гэлтгүй иргэдийн орлого, зарлагыг адилтгахын тулд би Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг өргөн барихаар бэлтгэсэн. Түүнчлэн малчдын ноолуурыг үнэд хүргэх асуудал миний анхаарлын төвд байна.

Ховдын сонгогчдод хүртээлгүй гэж хэлэх гээд байгаа Өрсөлдөөний тухай хуулийг авч үзье. Ховдоос Улаанбаатар ороод буцах онгоцны тийз 750 мянган төгрөгийн үнэтэй. Тэгэхэд Улаанбаатараас Бээжин рүү ирж, очиход 350 мянган төгрөг байдаг. Сөүл рүү гэхэд хоёр талын тийз 600 мянган төгрөг хүрэхгүй.

Ховд руу "Изинис"-ээс өөр нислэгээр үйлчилж байгаа компани байхгүй. Бээжин, Сөүлийн чиглэлд авиа компаниуд өрсөлддөг учраас Ховд хүрэхээс хямд зардлаар далайн чанадад зорчиж байгаа. Өрсөлдөөний тухай хууль батлагдвал Ховд шиг хязгаар нутгийн ард иргэд хямд, чанартай үйлчилгээг хүртэнэ. УИХ-ын гишүүн сонгогчдодоо таалагдахын тулд атга гурил, чимх будаагаар аргацааж суухын оронд улс орны хөгжлийг тэтгэсэн, ард иргэдийн амьдралд өгөөжтэй хууль эрхзүйн орчныг бүрдүүлэхээр махарч ажиллах ёстой гэж би боддог.

-УИХ-ын сонгуульд хэн бэлэн сайхан амласан нь ялдаг биз дээ. Сонгогчид УИХ-ын гишүүдээс амласныг нь л шаардаж хүлээсээр ирсэн. Цаашид ч ийм байх болов уу?

-Сонгууль гэж амлалтаас амлалтын хоорондох буухиа болсон байна. Улстөрчид энэ марафонд уралдаад эцэж унах гэж яваа нь үнэн. Улсын төсөв ч ачааллаа даахаа больсон. Улстөрчдийн бэлэнчилж тарааснаар ард түмний амьдрал тэгтлээ өөдлөхгүй байна шүү дээ. Өрсөлдөгчийнхөө амласнаас давуулж амлаад, түүндээ хүрэх гэж гүрийсэн улстөрчид сонгогчдынхоо сэтгэл зүйгээр "тоглосны" дүнд ард иргэдээ улам залхуу, тэр хэрээр хоосон болгож гүйцжээ. Энэ байдлыг би сонгогчдодоо хэлж ярьж, тэд ч ойлгодог болсон. Сонгогчид хөөрүү гэнэн амлалтад хуурталгүй ажил хөдөлмөрийнхөө үр шимээр өөдөлж дэвжих бодлоор улстөрчдөд хандах биз ээ. Хүмүүс улстөрчдөөс бэлэн гэр, мал гэхээсээ сайн бодлого, ухаалаг шийдвэрийг шаардах хэрэгтэй.

-УИХ-ын өнгөрсөн сонгуульд Ховдын тойрогт нэр дэвшигчид хоорондоо төрөл садны холбоотой байснаараа онцлог байв. Яагаад Таныг сонгосон юм бол?

-Би өрсөлдвөл ялна гэдэгтээ дэндүү итгэлтэй байсан. Гэхдээ би УИХ-ын 2008 оны сонгуульд дэвших бодолгүй байсан юм шүү. Намайг өрсөлдөх вий гэсэн болгоомжлол нэр бүхий улстөрчдийг бүр эртнээс зүгээр суулгаагүй. Тэд намайг замаасаа зайлуулах гэж маш их хичээж байгааг нь хараад л нэр дэвшихээр шийдсэн юм, яг үнэндээ. Энэ шийдвэрийг хожуухан, гуравдугаар сард гаргах хүртлээ би 2012 оны сонгуульд өрсөлдөх төлөвлөгөөтэй байлаа, Яагаад намайг сонгосон гэвэл Ховдын-хон С.Бямбацогт гэдэг залуугаа эцэг өвгөдийнх нь үеэс мөс чанар, хийсэн ажил хөдөлмөрөөр нь андахгүй мэддэгтэй холбоотой байх.

-Таныг УИХ-д сонгогдоход “аймаар баян пацаан" гэсэн гуншин угтаж байлаа. Гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгээс харахад С.Бямбацогт топ баячуудын нэг юм билээ. Залуугаараа баяжсаны нууц таны юу вэ?

-(Инээв). Баян, баян, сэтгэлээрээ баян шүү. Худал хэлээгүй, хулгай хийлгүй хуримтлуулсан хөрөнгө бий. Хөдөлмөр зүтгэлээрээ хүний зэрэгт ажиллаж амьдарч яваа залуусын л нэг шүү дээ.

-Та бизнесийн туршлагатай хүний хувьд юуг, яаж эхлэхээ мэдэхгүй яваа хүмүүст арга зааж өгөөч. Зах зээлд орон зай байхгүй, аль хэдийн хэн нэг нь эзэлчихсэн юм шиг санаж яваа залууст та юу хэлэх вэ?

-Боломж дандаа байдаг, Олж хараад, даруйхан ашиглах хэрэгтэй. Би 1994 онд бизнесээ эхэлж байлаа. Тэр үед ганзаганд явж байхдаа 1990 онд наймаа хийж эхэлсэн хүмүүсийн яриаг сонсоод гонсойдог байхгүй юу.
Дөрвөн жилийн өмнө төрчихгүй яав даа, тэгсэн бол эдэн шиг тав нугарсан ашиг олох байж гээд л. Одоогийн залууст ч тийм сэтгэгдэл төрдөг л байх. Зах зээл эхэлж байхад хөдөлсөн хүмүүс л баяждаг гэж мохох хэрэггүй. Ерөөсөө тийм биш. Бид мэдээллийн зуунд, түмэн үйл явдал дунд төөрчихдөг. Боломж одоо ч, маргааш ч, үргэлж байгаа. Мэдээлэлд ойр бай, мэдээллийг боловсруулж өөртөө тунгааж бод. Эндээс ашиг олох санаа, амжилт төрдөг юм гэж хэлмээр байна.
Онц сурдаг хүүхэд болгон амжилтад хүрдэггүй шүү дээ. Тааруухан сурлагатай байсан мөртлөө бизнест одтой хүмүүс байдаг. Яагаад гэвэл бүх юмыг мэдэж байхаасаа илүү мэдээллийг ашиглаж чадсан нь л мөнгө хийдэг юм.

-Сүүлийн үед залуу хүмүүс бизнесийн салбарт хүч үзэхээсээ халширч, улс төрийн намууд руу хуйлардаг болсон. Хэн нэг даргыг дагаж гүйгээд хэдэн жилийн дараа өөрөө дарга болж байна. Энэ нь хэр зөв үзэгдэл вэ?

-Үүнийг би манай нийгмийн эмгэнэл гэж боддог. Залуу нас бол даллахад гарч ирээд, далай-хад далд ордог хүүхэлдэй юм уу. Гэтэл ийм хүүхэлдэйнүүдээр хүрээлүүлсэн улстөрчид оршоод байгаа нь харамсалтай. Даргадаа л долигоноод явбал амьдрал нь баталгаатай байдаг гэж бат ойлгосон, оюун ухааны хувьд гүйцэтгэгчээс үл хэтрэх улстөрчид Монгол Улсыг хөгжүүлэхгүй шүү дээ. Улс төрд Долдой нарын бүхэл бүтэн муухай үе гарч ирэхээс болгоомжлох ёстой.

-Та МАХН-ын дэргэдэх залуучуудын холбооны удирдагчдын нэг.Танай залуусыг МАХН-ын боловсон хүчний шинэ үе гэж үзвэл та нарын дунд ч гэсэн хүүхэлдэй маягийн улс төрөөр хоолоо олж идэх гэсэн залуучууд байдаг биз дээ?

-Одоо тийм хүмүүс моодноос гарч эхэлсэн. Залуучууд бид хийхгүй бол өөр хэн хийх вэ. гэсэн сэтгэлгээгээр ажиллаж амьдардаг хүмүүс манай холбоонд цугладаг юм.*УИХ-д сонгогдсон МАХН-ын залуусыг хар л даа.

-Та залуучууддаа итгэл өндөр ярьж байна. "Ах нар л мэднэ" гэж хэлээд шүүмжлэлд өртөж байснаасаа өөрчлөгджээ. Таны "ах нар" гэж хэн билээ?

-"Ах нар мэднэ" гэж хэлснийг маань Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр "Оросууд мэднэ" гэлээ хэмээн мушгив даа (инээв).
Миний хувьд улс төр дэх ах нар гэвэл 50, 60-аад оныхон. Өнөөдөр төрийн ажлын нүсэр хүндийг тэд маань үүрч яваа. Бид залгамж халаа болж бэлтгэгдэж байна.

-Хаврын чуулган хэлэлцэх ёстой асуудлынхаа 50 хувийг ч амжаагүй гэхчлэн улс төр удааширч байдаг. Гэтэл МАХН, АН-ын хамтарсан Засгийн газрыг эрс шүүмжлэгч хүн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Улс төрийн олон шийдлүүд гацаж мэдэх нөхцөл байдал бий боллоо гэвэл та санал нийлэх үү?

-Хамтарсан ЗасгиЙн газартай ажиллаж чадахгүй гэж хойш суух эрх шинээр сонгогдсон Ерөнхийлөгчид байхгүй. Монгол Улсаа хөгжүүлье гэж үнэхээр зорьж байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулсан энэ үед л хөгжлийн томоохон бодлогоо нугалах хэрэгтэй.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг бэлэн болгох гэж нэлээд хуга-цаа өнгөрлөө. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлт гараад мөн л удлаа. Улстөрчдийн зүгээс хэлэлцээг урагшлуулах гэсэн зүтгэл нэг их харагдахгүй байх шиг?

-УИХ сайн төсөл орж ирвэл нэг өдрийн дотор ч баталж дөнгөнө. Гагцхүү Засгийн газар назгай ажиллалаа. Илүү шуурхай ажиллах шаардлагатай байна.

-Та ирэх гурван жилд ямар хуулиуд дээр ажиллая гэж төлөвлөж байгаа вэ. Энэ парламентад үлдсэн хугацааг нэлээд "халуун" он жилүүд гэж хэлж болох байх?

-Гол нь үйлдвэрлэлийг дэмж-сэн хуулийн төслүүдийг толгой дотроо тойм маягаар боловсруулаад явж байна. Монгол Улс алийн болгон импортоос хараат орон байх билээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын ажлын хариуцлагыг дээшлүүлэхийн төлөө ажиллана.

-Монголын улс төрд Ховдын хөвгүүд цахиур хагалж байна.тийм үү?

-Монгол Улсын хамгийн том дарга хэн гэдгийг мэдэх хүн цөөн байх даа?

-Хэн гэж?

-Би юм гэсэн (инээв).

-Яагаад тэр билээ?

-УИХ-ын гишүүн Н.Батбаяр намайг байнгын хорооны хуралдаан руу ортол "Хөөх, Монгол Улсын хамгийн том дарга ирлээ" гэхгүй юу. Юу яриад байгаа юм бол гэсэн чинь "Танай Ховдоос Үндсэн хуулийн цэцийн дарга, УИХ-ын дарга, Улаанбаатарын мэр, Монголбанкны захирал, хамгийн сүүлд улсын Ерөнхийлөгч төрлөө. Энэ хүмүүс бүгдээрээ нутгийн зөвлөл гэдэг ганц газарт нэгддэг. Чи чинь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга юм байгаа биз дээ" гэнэ ээ. (инээв).

-Ховдын улстөрчдөд төрсөн нутгийн хүчин зүйл үйлчлэв үү, яав?

-Энэ хүмүүс бүгд Ховдод төрсөн нь тохиолдол. Харин улс төрд, ажил хөдөлмөртөө амжилт гаргаж ахиж дэвшсэн нь манай нутгийнханд түгээмэл ажиглагддаг тэмцэгч, бүтээлч чанараас үүдэлтэй болов уу. Түүнээс биш нутгархан бие биенээ өөд нь татаж албан тушаалд суулгасан гэвэл би лав итгэхгүй байна. Харин яаж энэ хүмүүсийг нэгтгэж Ховдын гэсэн сэтгэлийг нь нутгийн зөвлөлийн ажилдаа шингээдэг юм билээ гэж би бодож байгаа (инээв). Тэдэнд "Зууны мэдээ" сониноор дамжуулж нутгийн зөвлөлийнхөө ажилд жаахан цаг зав гаргаж байгаарай гэж хэлэхийг хүсэж байна,

ШИНЭ МЭДЭЭ