С.Бямбацогт: "Айвенхоу майнз" Оюутолгойг хаяал явбал дараагийн компани гэж байхгүй
2009.05.29
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Бямбацогт: "Айвенхоу майнз" Оюутолгойг хаяал явбал дараагийн компани гэж байхгүй

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.

-Монгол Улсын Төрийн тэргүүнийг сонгох сонгууль гээд нэлээд хугацаанд Оюу толгойн гэрээний асуудлыг "мартаж" орхилоо, бид. Сонгуулиас өмнө Эдийн засгийн байнгын хороо хэд хэдэн удаа хаалттай хуралдсан. Яг ямар асуудлаар хуралдсан талаар яриагаа эхэлье?

-УИХ-д Оюутолгойн төслийг өргөн бариад хоёр cap гаруйн хугацаа өнгөрлөө. Өмнө нь нэг удаа өргөн барьсан ч буцаасныг сэтгүүлчид мэдэж байгаа байх. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн захирамжаар байгуулагдсан болон Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсэг хамтран хуралдаж, асуудлыг судаллаа. Хоёр намын бүлгийн дүгнэлт ч гарсныг мэдэж байгаа байх, та. Бүлгүүдэд ажлын хэсэгт хүргүүлсэн байгаа. Дүгнэлтийг үндэслэн төрийн болон төрийн бус байгууллага, олон нийт, ард иргэдийн саналыг авч, байнгын хороо дүгнэлтээ гаргасан. Бид дөрвөн зүйлтэй, олон чухал асуудлыг дотроо хөндсөн дүгнэлт гаргалаа. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн оны арван нэг дүгээр сард 40 дүгээр тогтоолыг баталсан. Хамгийн гол нь энэ тогтоолын хүрээнд чиглүүлж өгсөн удирдамж, Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний 29 дүгээр зүйл, заалтад хэр тусгалаа олж вэ гэдэгт анхаарлаа хандуулж ажилласан, бид.

-АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг гэрээний хугацааг наашлуулж 15 жил болгох саналтай байгаа тухай сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ онцолж байсан л даа. Тэгэхээр ажлын хэсэг бүлгүүдээс ирүүлсэн саналыг тусгаж дүгнэлт гаргасан гэлээ. Энэ талаар?

-Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн дүгнэлтэд УИХ дахь намын бүлгүүдийн дүгнэлтээс чухал гэснээ оруулсан. Зөвхөн АН-аас ашиглалтын хугацааг багасгая гэсэн санал ирсэн юм биш шүү дээ. МАХН-аас ч гэсэн гэрээний хугацааг наашлуулах санал ирсэн. Ер нь 30 жилийн хугацааг наашлуулах нь зөв. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд "Нийт 100 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалтын гэрээг хийх юм бол УИХ батална. Хугацаа нь 30 жил байна" гэж заасан байдаг. Бид өөрсдөө санал оруулж, хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх замаар шийдэхгүй. Хуульдаа өөрчлөлт оруулж байж шийдэх учиртай. Түүнчлэн гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой асуудал байгаа. Эдгээрийг зохицуулж байж л 30 жилийн хугацааг наашлуулах тухай ярихаас биш, хэн нэгний хүсэлтээр шийдэх боломжгүй.

-Хүмүүсийн ярих нь Оюутолгойн ордын цаана хятадууд байгаа. Хамгийн гол нь энэ ордын хувьцааг хятадуудад худалдсантай холбоотой гэх юм?

-Австралийн Засгийн газар "Рио Тинто"-ийн 20 хүртэлх хувийг хятадын компани худалдаж авна гэж байна. Үүнийг зөвшөөрөх үү, үгүй юү" хэмээн ард түмнийхээ дунд санал асуулга явуулсан байсан. Энэ санал асуулгад оролцсон 12 хүн тутмын зургаа нь "Хятадын Засгийн газрын хөрөнгө оруулалтын саналыг Австралийн Засгийн газар хүлээн авах шаардлагагүй" гэж үзсэн байна лээ. Сонирхуулж хэлэхэд, "Рио Тинто" компани санхүүгийн хүнд байдалд орсон. Тийм учраас хятадын компаниас 27 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авч, есөн хувиа 18 болтол өсгөх гэрээ хийсэн юм билээ. Үүнийг Засгийн газар, ард түмэн нь зөвшөөрөхгүй байгаа учраас хятадууд "Рио Тинто"-д хөрөнгө оруулалт хийх боломжгүй болж байна. Тэгэхээр хятадын компани манай Оюутолгойд хөрөнгө оруулах эсэх нь тодорхойгүй байгаа юм.

-Зарим улстөрчид Оюутолгойн ордыг ашиглахгүй байснаар маш их хэмжээний алдагдал амсч байгаа гэх юм. Үнэхээр цаг хугацааны хувьд оройтсон юм уу?

-Миний бодлоор бид оройтоогүй. Энэ ордыг хурдхан ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэдгийг ард түмэн, төр засаг ч хүсч байгаа. Ганцхан алдчих вий гэдэг дээр л айж байна. Тиймээс бид алдахгүйн тулд долоон жил хүлээлээ шүү дээ.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр улстөрчдийн ашиг, сонирхлын зөрчил байгааг үгүйсгэхгүй байгаа, иргэд. Та санал нийлэх үү?

-Би санал нийлэхгүй. Ажлын хэсгийн гишүүдэд ашиг сонирхлын зөрчил байхгүй. Улс орныхоо болон ард иргэдийнхээ эх ашгийн үүднээс л асуудалд хандаж байгаа. Түүнээс биш ямар нэгэн эрх ашиг байхгүй гэдгийг дахин хэлье. Тогтвортой байдлын гэрээ батлагдвал Монголын Засгийн газар, магадгүй 30 жилийн дараа энэ гэрээнд өөрчлөлт оруулах ямар ч боломжгүй болно. Тиймээс бид "Долоо хэмжиж, нэг огтол" гэгчээр гэрээ байгуулахдаа нухацтай хандахгүй бол амаа бариад барахгүй юм болно. Гэрээг нийт 70 жилийн хугацаатай байгуулах гээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, эхлээд 30 дараа нь 20, 20 жилээр сунгах маягаар гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид 70 жил гар хүрч болохгүй гэрээ байгуулчихаад юу бодож суух билээ. "Бороо гоулд"-ын гашуун туршлага бий шүү дээ. Тэр хүмүүс тогтвортой байдлын гэрээг 15 жилийн хугацаатай байгуулаад тавхан жилийн дотор хамаг алтыг нь ухаж аваад явсан. Ийм алдааг дахин давтаж болохгүй. Хамгийн гол нь алдаагаа засах боломжийг ардаа үлдээсэн байх ёстой.

-"Айвенхоу майнз"-аас манай Засгийн газар урьдчилгаа болгож 125 сая ам.доллар авна гэж яриад байсан. Урьдчилгаагаа хэзээ авахаар болсон юм бол?

-Энэ мөнгө чинь урьдчилгаа биш. Маш өндөр хүүтэй зээл авах гэж байгаа байхгүй юу. Оюутолгойн гэрээг батлах бас нэгэн зорилго бол иргэн бүрт "Эх орны хишиг" өгөх, мөн санхүү, эдийн засгийн хүндрэлийг дарахад хувь нэмэр оруулах явдал юм. Гэтэл бид урьдчилгаа нэртэй өндөр хүүтэй зээл аваад яах юм бэ. Бодох л асуудал.

-Хуульд зааснаар Оюутолгойн орд монголчуудын өмч. Гэтэл "Рио Тинто" манай талаас зөвшөөрөл авалгүйгээр Оюутолгойн ордын хувьцааг хятадын компанид худалдсан. Ийм эрх тэдэнд бий юу?

-"Хэрэв хөрөнгө оруулагч тал хувьцаагаа зарах юм бол гэрээг автоматаар цуцална" хэмээх заалтыг гэрээнд оруулж байгаа. Цаад талын хөрөнгө оруулагч өөрчлөгдвөл гэрээгээ яах вэ гэдэг асуудлыг ч тодорхой тусгаж өгнө. Гэрээг УИХ-ын 40 дүгээр тогтоолоор баталсан удирдамж, Ашигт малтмалын тухай хуулийн хөрөнгө оруулалтын гэрээний 29 дүгээр зүйлийн хүрээнд байгуулахаар заасан байтал хуульд байхгүй, гэрээнд тусгах шаардлагагүй өргөн хүрээтэй олон заалтыг оруулж ирсэн шүү дээ. Үүнийг бид цэвэрлэж, зайлшгүй шаардлагатай чухал асуудлыг гэрээнд нэмж оруулах ёстой байгаа юм.

-Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахгүй цаг хугацааны хувьд удаашралтай хандаж байгаад хөрөнгө оруулагч компанийн хандлага өөрчлөгдөх магадлалтай юм?

-Оюутолгойн орд эдийн засгийн хувьд, ихээхэн үр ашигтай гэдгийг дэлхийн уул уурхай томоохон компаниуд бүгд мэдэж байгаа. Хэрэв "Айвенхоу майнз" Оюутолгойг хаяад явбал дараагийн компани байхгүй. Хугацаа алдаж удаагаад байвал улс оронд хохиролтой гэж бодож болохгүй. Хамгийн гол нь үүний цаана улс төр яваад байгаа юм.

-Гэрээ байгуулах хэд хэдэн хувилбар байгаа гэж дуулсан. Эдгээрээс аль хувилбар нь монголчуудад ашигтай юм бэ?

-Нэлээд олон хувилбар ярьж байгаа. Ер нь бусад орны Засгийн газартай хамтран ажиллах. алтан хувьцаа гаргах, концепцийн гэрээгээр эзэмшүүлэх, бүтээгдэхүүнээ урьдчилан худалдах гэх зэргээр гэрээ байгуулж болно. Хэрэв энэ гэрээ батлагдахгүй тохиолдолд бусад хувилбарыг судалж үзэх боломж бий, бидэнд. Гэрээн дээр яг таг тохиролцож чадахгүй бол хөрөнгө оруулагч компанитай хамтран ажиллах уу, үгүй юү гэдэг зүйл ч хөндөгдөнө. УИХ, Засгийн газар, ард түмэн "Оюутолгойн гэрээг хурдан батлагдаасай. Үр өгөөжөө хурдан өгөөсэй" гэдэг дээр санал нэг байгаа. Гагцхүү батлагдах гэрээ маань хуулиас давсан байж болохгүй. УИХ дуртай үедээ хуульд өөрчлөлт оруулах эрхтэй. Гэхдээ энэ гэрээ хууль шиг хүчин төгөлдөр ч хуулиас илүү үйлчилгээтэй юм. Гэрээ нэгэнт батлагдаж. хөрөнгө оруулагчид хүсээгүй тохиолдолд бид дахин хэзээ ч өөрчилж чадахгүй.

-Засгийн газраас гарсан ажлын хэсэг гэрээний төслийг боловсруулахад зөвлөх компаниараа Олон улсын байгууллагыг авсан. Энэ компанийнхан хөрөнгө оруулагчдын лоббид автсан гэх юм. Үнэнийн ортой юу?

-Тийм байж болзошгүй гэдэг таамаг бий. Яагаад гэвэл, Засгийн газрын ажлын хэсэгг зөвлөж байсан компани нь "Айвенхоу майнз"-ын хувьцааг эзэмшдэг шүү дээ.

 

ШИНЭ МЭДЭЭ