С.Бямбацогт: Алслагдсан нутаг орныг эзгүйрүүлэхгүйн тулд бүсийн нэмэгдлийн тухай хууль санаачилна
2009.04.22
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Алслагдсан нутаг орныг эзгүйрүүлэхгүйн тулд бүсийн нэмэгдлийн тухай хууль санаачилна

Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Монгол Улсын хууль, тогтоомжийг 2012 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Уг тогтоолын төсөлд УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын гишүүдээс 292 хууль, 15 УИХ-ын тогтоолын төслийн санал өгчээ. Үүнээс 157 хууль, долоон УИХ-ын тогтоолын төслийг үндсэн чиглэлд тусгасан байна. Уг тогтоолын төсөлд шинээр боловсруулах 47, шинэчлэн найруулах 24, нэмэлт, өөрчлөлт оруулах 86 хууль байгаа аж Харин долоон УИХ-ын тогтоолын төслийг нь шинээр боловсруулах юм байна. Байнгын хорооны хурлын үеэр зарим гишүүн хуулийн төсөл нэмж тусгуулах тухай саналаа хэлсэн юм. Тухайлбал, С.Бямбацогт гишүүн Энэ төсөлд бүсийн нэмэгдэл гэж зүйл огт алга нэг ч өгүүлбэр бичээгүй байна.Төв суурингаас алслагдсан аймаг сумын иргэдэд цалин, тэтгэвэр дээр нь нэмж тэтгэлэг олгох талаар өнгөрсөн сонгуулиар ч ярьж байсан. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөр батлах үед нэмэгдэл олгох тухай тусгасан шүү дээ. Тиймээс дээрх асуудлыг зайлшгүй оруулах шаардлагатай" хэмээсэн юм. Энэ талаар С.Бямбацогт гишүүнээс цөөн асуултад хариулт авлаа.

-Бүсийн нэмэгдлийн тухай хуулийн төслийг та боловсруулах уу. Бүсийн нэмэгдэл өгөхийн ач холбогдол юу вэ?

-Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн алслагдсан аймагт хүргэгдэхээрээ тээвэрлэсэн зардал нь нэмэгдэж үнэ өсдөг. Тэгэхээр иргэдийн цалин, тэтгэврийн хэдэн төгрөг нь хүрэлцэхгүй өр тавьж эхэлдэг. Харин малын гаралтай түүхий эд алс хязгаарт хямд, төвлөрсөн газар үнэтэй байдаг. Жишээлбэл, Ховд аймагт ноолуур 12 мянга, хонины нэхий мянган төгрөгийн үнэтэй байна. Үндсэн хуульд амьдрах оршин суух газраа сонгох эрхтэй гээд заачихсан. Өнөөдөр бараа үнэтэй учир цалин хөлс хүрэлцэхгүй байна гэсэн гомдол гарган нийслэл рүү ирэх юм бол яах юм бэ. Ингэхэд хүрвэл нутаг орон эзгүйрэх магадлалтай. Тиймээс л бүсийн нэмэгдэл өгөх ёстой гээд байгаа юм. Алслагдсан нутаг орныг эзгүйрүүлэхгүйн тулд бүсийн нэмэгдлийн тухай хууль санаачилна.Мөн аливаа бизнес эрхлэгч зах зээл рүү тэмүүлдэг. Зам тээвэртэй ойр, цахилгаанаар бүрэн хангагдсан таатай орчинд ажиллах юм бол ашиг олох нь хурдан. Иймд хөдөөд бизнес эрхэлж байгаа хүмүүст татварын хөнгөлөлт олгох хэрэгтэй.

-Төсөв хөрөнгө дутагдалтай байгаа үед бүсийн нэмэгдэл өгөх боломжтой юу. Хичнээн төгрөг шаардлагатай бол?

-Энэ жилийн хувьд хэрэгжих боломжгүй. Гэхдээ энэ бол бодлогын том асуудал. Мэдээж хэрэг тодорхой хэмжээний зардал гарна л даа. Хамгийн гол нь нийгмийн халамжийн зардлуудыг оновчтой болгох ёстой. Тиймээс нэмж зардал гаргахгүйгээр шаардлагагүй зардлаа танаснаар бүсийн нэмэгдэл олгох боломжтой байх. Хуулийн төслөө хараахан боловсруулаагүй байна. Нарийн судалгаа хийж үзэх болно. Төсөл бэлэн болох үед энэ талаар дэлгэрэнгүй ярья

ШИНЭ МЭДЭЭ