С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхийг ах нар мэднэ
2009.03.17
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэхийг ах нар мэднэ

УИХ-ын шинэхэн гишүүдийн дотроос Ховд аймгаас сонгогдсон С.Бямбацогт сүүлийн үед эдийн засгийн хямралын талаар нэлээд ярих болов. Угаасаа эдийн засагч мэргэжилтэй түүнтэй энэ удаа эдийн засаг ярихгүйг хичээлээ.

-УИХ-аар төсвийн тодотгол хийж байх үеэр та залуу гэр бүлд олгох 500 мянган төгрөгийг байхгүй болгоё гэж хэлээд Ц.Нямдорж сайдад загнуулж байгаа харагдсан. "Наад асуудал чинь манай намын мөрийн хөтөлбөрт орсон зүйл. Хэрвээ чи наадахаасаа татгалзмаар байгаа бол эхлээд намаасаа татгалзаарай" гэсэн. Уг нь тэр мөнгийг хасах нь зүйтэй байсан уу?

-Тиймээ, тийм юм болсон. Ер нь манай улс хавтгайрсан халамжаа цэгцлэх шаардлагатай л байгаа юм. Зэсийн үнэ өндөр байх үед маш их хэмжээний орлого төсөвт орж байсан. Тэр үед юу хийхээ сайн мэдэхгүй байснаасаа болж улстөрчид маань янз бүрийн байдлаар зарцуулж эхэлсэн л дээ. Гэтэл одоо орлого багасч төсөв алдагдалтай байгаа энэ үед алдаагаа буцааж яаж засах талаар бодох хэрэгтэй. Ер нь тэгээд зөв бүтэц, зөв тогтолцоотой байхгүй бол халам-жийн хавтгайрсан бодлого хүмүүсийг амьдрах чадваргүй болгоод байгаа юм. Ажил хийсэн хүнээ биш хийдэггүй хүнээ дэмжсэн бодлого яваад байна шүү дээ. Тийм болохоор аль болохоор ажил хийхгүй зүгээр суугаад байхыг бодох болсон байна. Тэр үүднээсээ би халамжийн хавтгайрсан бодлогыг цэг цэглье гэсэн санал тавьсан юм.

-Халамжийн тухай олон гишүүн ярьж олон хэвлэл дээр бичсэн. Харин таны ярьсан зүйл яагаад анхаарал татсан бэ гэхээр та намынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг ярьсан гишүүн болсонд л учир нь байгаа юм.

-Би зөвхөн залуу гэр бүлд өгөх мөнгөнөөс татгалзъя гэж яриагүй. Өнөөдөр Монгол Улсын сая хүүхдээс 800 мянган хүүхэд л халамж авч байгаа. Үлдсэн 200 мянган хүүхэд нь авдаггүй. Тэдэнд зориулж 24 тэрбум төгрөг төсөвлөдөг. Тэгэхээр амьдрал хүнд эмзэг давхаргын хүүхдүүдэд халамжаа өгье. Бүр нэмээд өгье. Харин амьдрал нь боломжтой айлын хүүхдэд өгөхөө байя гэхэд хүмүүс ойлгож татгалзах байх гэж бодсон. Бас нөгөө талаасаа залуу гэр бүлд өгч байгаа 500 мянган төгрөг бол үр дүнгээ өгөхгүй байгаа. Залуу байхад тэр мөнгөтэй мөнгөгүй гэрлэнэ, амьдарна. Хайр сэтгэл байхад бүх юм болдог шүү дээ. Хуримаа хийхгүй ч гэсэн амьдардаг.

Энэ 500 мянган төгрөгийг авахын төлөө хуурамч гэрлэлт ихсэх хандлагатай байгаа. Бас 500 мянган төгрөгийг өгдөг улс нь олон нугалаа гаргаж тийм ч бичиг баримт, ийм ч шинжилгээ гэх зэргээр завхруулж байгаа нь үнэн. Бүр хуримын ордон дээр 20 хоногийн сургалтад суулгаж байгаа. Бүр "Чиний мөнгийг өнөөдөр гаргаад өгье. Чи тэдэн төгрөг өгчих" гэх зэргээр хууль бус ажиллагаа их гарах болсон. Ийм учир шалт-гааны улмаас халамжийн бодлогоо цэгцэлье гэж бодсон юм.

-Таны энэ саналыг дэмжиж байгаа гишүүд танай намд аль хэр олон байна вэ?

-Ер нь бол би зөвхөн манай нам гэхгүй УИХ-ын бүх гишүүд халамжийн энэ хавтгайрсан бодлогыг болиулахыг дэмжинэ гэдэгт итгэж байгаа шүү.

-УИХ-ын гишүүд өөрсдөө дэмжихгүй ч байсан "Нэгэнт нам ингээд шийдчихсэн юм чинь" гэсэн маягаар асуудалд хандаад байдаг. Харин та энэ удаа энэ уламжлалыг эвдэх шиг боллоо?

-Энэ асуултад хариулахад  мэдээж бид намын нэрээр дэвшиж, намын мөрийн хөтөлбөрөөр УИХ-д төрийн түшээ болж сонгогдсон нь үнэн. Гэхдээ бид УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн хүмүүс Нэгдүгээрт, төрийн эрх ашиг, хоёрдугаарт намын эрх ашиг, гуравдугаарт, хувийн эрх ашгаа тавьдаг ч юм уу. Ингэж л ажиллахын төлөө тангаргаа өргөсөн шүү дээ. Хэрвээ намаас явуулж байгаа бодлого буруу байх юм бол намын эрх ашиг гэхгүйгээр төрийн эрх ашгаа л дээгүүр тавих зарчмаар цаашид ажиллах болно.

-Тойрог тойрогт хуваарилдаг 250 сая төгрөгийг энэ удаа яасан бэ?

-Энэ удаа тийм мөнгө байхгүй шүү дээ. Өмнө нь өгч л байсан гэсэн. Гэхдээ үүнд төрийн албаны нэг дутагдал байгаа юм. Аймагт Засаг дарга гэж бий. ИТХ гэж байгаа. Түүний дарга нь бий. Гэтэл тэд биеэ даагаад аливаа зүйлийг шийдвэрлэхийн оронд УИХ-ын гишүүнээсээ зуураад байдаг. Малчид өвсгүй боллоо гэхэд л УИХ-ын гишүүн рүүгээ утасдаж байх. Нэг айлын гэр шатахад "Гэр байна уу" гээд ярьж байх жишээтэй. Ган зуд болоход бас л ярина. Бид очоод яах юм бэ. Бороо оруулж мөнгө өгөх үү. Энэ мэтээр УИХ-ын гишүүний асуудал их учраас тэр зовлонг нь шийдэхийн тулд нэг УИХ-ын гишүүнд 250 сая төгрөг өгдөг болсон байх.

-Тэр мөнгө ч тийм учиртай мөнгө биш л дээ. Дахин сонгогдохын тулд сонгогчдынхоо саналыг худалдаж авахад зориулсан мөнгө шүү дээ. Таны хэлдэг шиг надад саналаа өгөөрэй. Хариуд нь энэ гэрийг ав гэх маягаар асуудлыг шийддэг л дээ?

-Би тэгж ойлгохгүй байгаа.

-Энэ мөнгийг танай нам УИХ-д үнэмлэхүй ялалт байгуулсан цагаасаа эхэлж өгсөн гэдгийг та мэдэх үү?

-Тийм гэсэн. Эхлээд 10 сая, 100 сая, Тэгээд 250 сая болсон гэж сонссон. Би бол тойргийн элдэв асуудлаа шийд л гэж өгч байгаа мөнгө байх гэж ойлгож байгаа шүү. Өдөрт л хэдэн арван захидал гуйлт ирэх юм байна шүү дээ.

-Та тэгээд тэр гуйлтуудыг яаж шийдэж байна вэ?

-Миний хувьд би бодлогын түвшинд л ажлаа хийх ёстой болохоос сонгогчдынхоо хүссэн бүхнийг биелүүлэх шаардлагагүй гэж бодож байгаа. Тийм бололцоо ч надад байхгүй. "Хүнд загас барьж өгөхийн оронд загас барих аргыг нь зааж өг" гэж үг байдаг шүү дээ. Тийм болохоор асуудлыг бодлогын түвшинд нь шийдэхэд л хувь нэмрээ оруулна. Тэрнээс хүссэн болгоныг нь шийдэж өгч чадахгүй.

-Шинэ парламент ажил-даа орсон цагаас хойш улстөрчийнхөө хувьд хэр боловсорч байна даа?

-Ер нь маш их сурч мэдэж байна шүү. Алдаа ч их гаргаж байна. Алдаанаасаа ч суралцаж байна. УИХ-ын гишүүн гэдэг бол улстөрчийнхөө хувьд хамгийн өндөр карьер нь энэ шүү дээ. Тэгэхээр энд л сурч боловсорч, хичээх хэрэгтэй.

-Та ер нь долдугаар сарын 1-ний үйл хэргийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Энэ тухай бараг хүн бүхэн ярьсан шүү дээ. Мон-голын түүхэнд мартагдахын аргагүй үйл явдал болж өнгөрсөн.

-Энэ хэргийн хохирогч МАХН мөн үү?

-Хохирогч мөн. Сонгуульд ялчхаад намынхаа байрыг шатаалгачхаад байж байгаа нь хохирогч мөн биз дээ.

-Тэр олон хүмүүсийг хэдэн зуугаар нь өдөр бүхэн шоронд илгээж байна. Тэд хохирогч биш үү. Тэр талаар бодол сонин байна?

-Үнэхээр буруутай хариуцлага тооцохоор хүмүүс байвал хариуцлага тооцох нь зөв өө. Төр төмөр нударгатай гэдэг шиг хуулийн дагуу л шийдэх ёстой. Хэрвээ хуулиа мөрдөхгүй бол бид хуулийн дор амьдарна гэж яриад яах юм бэ. Гэхдээ бас хүүхэд эмэгтэйчүүдийн хувьд асуудлыг эргэж харах шаардлагатай байх.

-"Нью прогресс" гэж таны компани уу?

-Минийх ч юу байхав. Би тодорхой хувийг нь эзэмшдэг.

-Тэр архи импортолдог компани байх аа?

-Үгүй л дээ. Нийгмийн бүтээн байгуулалтын салбарт ажилладаг. Баялаг бүтээдэг компани шүү дээ.

-Үгүй дээ. Гаалиар нэлээд их хэмжээний архи оруулж ирсэн байсан даа. Бур жил ирэх тусам оруулж ирдэг архиных нь хэмжээ өссөн байна билээ?

-Яг тэр материалыг чинь үзэх юмсан. Гэхдээ надад хамаагүй, би үзэх ёсгүй л дээ. Би тэр компанийн хувьцаа эзэмшигч нь болохоос эзэн нь биш шүү дээ. Тэр их хэмжээний архи оруулж ир-сэн гэдэг мэдээлэл худлаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Өнгөрсөн 2007 онд жаахан юм оруулж ирсэн байх. Мөн2008 оны эхний хагаст жаахныг оруулж ирээд 2009 онд юу ч оруулж ирээгүй. Тэр компани бас татваргүй барааны дэлгүүртэй.

-Duty free юу

-Тиймээ. Duty free.

-Тийм хэдэн дэлгүүртэй юм бэ?

-Ганцхан дэлгүүр ажиллуулдаг байсан.

-МАХН-ын байранд ажиллуулдаг байсан тэр дэлгүүр мөн үү?

-Тиймээ, мөн.

-Одоо тэгээд шатаад юу ч үгүй болчихсон уу?

-Одоо жаахан юм үлдсэнээ зараад дуусгахыг хичээж байгаа гэсэн. Тэгээд л бушуухан салахын түүс болж байгаа байх.

-Танаас долдугаар сарын 1-ний өдөртэй холбоотой асуулт асуусны учир энэ л дээ. Тэр дэлгүүрээс ганц шил виски авчихсан, эсвэл хагалчихсаны төлөө олон хүүхэд залуус шоронгийн хаалга татлаа. Та үүнд эмзэглэдэг үү?

-Үгүй, харин ч баярладаг.

-Яагаад?

-Яагаад гэвэл тухайн үед тэр дэлгүүрийн эзэд нь хэвлэлийн бага хурал хийлгээд "Манай дэлгүүрээс нэг шил архи аваад зүйл анги нь нэмэгдэж байгаа хүмүүс байвал бид гомдолгүй ээ. Хохиролгүй" гэдгээ мэдэгдсэн шүү дээ. Тэрний дагуу зүйл анги нь хүндэрч байсан хүмүүсийн зүйл анги нь хөнгөрсөн гэж сонссон шүү.

-Та тэр хэвлэлийн бага хурлыг хий гэж хүссэн үү?

-Үгүй, би тэгж хүсээгүй. Тэгж ч хэлээгүй. Яахав тэр хүмүүс адилхан хүн учраас, тийм болохоороо болсон зүйд хүнлэг хандъя гэж бодсон байх. Тэр долдугаар сарын 1-ний асуудал дотор манай жолоочийн дүү хүртэл явж байгаа шүү дээ. Тэгээд бид бас адилхан л тэр зовлонг амсаад явж байгаа.

-Та өөр ямар компанитай вэ?

-Компанитай нь юу байхав. Би эдийн засагч мэргэжилтэй. Багаасаа хөрөнгийн зах зээлийг сонирхдог байсан болохоор нэлээд олон компанийн хувьцааг эзэмшдэг. Ер нь хувьцаа эзэмшдэгээрээ бол би хамгийн олон компанийн хувьцаа эзэмшдэг байж магадгүй юм. Ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцааг аваад л, жаахан тиймхэн санагдвал зарж л орхидог.

-Мөдхөн Ерөнхийлөгчийн сонгууль болно. Танай нам удахгүй нэр дэвшигчээ тодруулах байх. Улстөрч хүний хувьд та ямар бодолтой байгаа вэ. Одоо ажиллаж байгаа хүнийг нь дахин ажиллуулах уу, эсвэл өөр нэр дэвшигчийг тодруулсан нь зөв үү?

-Энэ асуултад ёстой хариулж мэдэхгүй байна. Манай ах нар, өөрөөр хэлбэл, улс орны бодлого тодорхойлдог хүмүүс мэдэх байх. Би бол улс төрд дөнгөж л орж ирж байгаа залуу шүү дээ. Тийм болохоор би юу ярих вэ дээ.

-Та чинь УИХ-ын гишүүн болчихсон болохоор бодлого тодорхойлогч биш үү. Тэгсэн атлаа хуучцуулыгаа дагана гээд байгаа юмуу?

-Намын Удирдах зөвлөл, намын бага хурал шийдэг. Тэрнээс өмнө би тааж юм ярих нь зохисгүй байх л даа.

-Баярлалаа. Танд амжилт хүсье

ШИНЭ МЭДЭЭ