С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зах зээлийн зарчимд оруулах ёстой
2009.03.06
Эрүүл мэнд

С.Бямбацогт: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зах зээлийн зарчимд оруулах ёстой

Бид эрүүл мэндээ төрдөө даатгадаг. Түүнийхээ төлөө чамлахааргүй мөнгийг цалин, орлогоосоо татвар хэлбэрээр төлдөг. Харамсалтай нь үр дүн байдаггүй гэхэд болохоор. Урьдчилж мөнгө төлөөд байдаг хэрнээ аль ч эмнэлэгт бүхий л үйлчилгээ нь төлбөртэй. Энэ нь даатгал төлөгч иргэдийг хамгийн их бухимдуулдаг юм. Эрүүл мэндийн даатгалын ийм гаж тогтолцоог боловсронгуй болгохоор УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төсөл санаачилж байгаа аж. Тэгээд иргэд төлж буй даатгалаараа ямар ямар үйлчилгээ авах ёстой талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүсэж Эрүүл мэндийн сайд С.Ламбаад асуулга тавьжээ. Энэ талаар нь С.Бямбацогоос тодрууллаа

-Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог эргэж харах зайлшгүй шаардлага бий болсон байна. Орлого багатай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн эрүүл мэндийн даатгалд хөнгөлөлт үзүүлдэг. Орлоготой иргэд цалингийнхаа тодорхой хувиар, өндөр орлоготой иргэд 100 000 төгрөгөөс доошгүй татварыг даатгал хэлбэрээр төлдөг. Би өмнө нь 40 000 гаруй төгрөг төлдөг байсан. Ингээд бодохоор жилдээ 500 000-1000 000 төгрөгийн шимтгэл төлдөг хүмүүс олон байгаа юм. Тэгсэн хэрнээ аль ч эмнэлэг төлбөр нэхдэг. Уг нь даатгал төлсөн хэмжээгээрээ эрүүл мэндийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах ёстой. Энэ гаж тогтолцоог арилгахын тулд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж үзэж сайдад асуулга тавьсан юм.

-Би ийм хэмжээний мөнгө төлсөн учир түүндээ тохирсон эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй авах ёстой, үгүй ядаж төлсөн мөнгө маань хаана байгаа талаар мэдээлэл авъя гэх эрх танд байх ёстой биз?

-Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхийн үлгэрээр эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн хөрөнгийг үгүй хийж байна. Миний төлсөн мөнгөөр өөр хүмүүст үйлчилгээ үзүүлдэг юм шиг байна лээ. Өөрийнхөө эрүүл мэндийн даатгалд төлсөн мөнгөний хуримтлал хэд болсон, юунд зарцуулдгийг мэдэх боломж хаалттай байна.
Хөгжилтэй орнуудын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сонирхож үзсэн. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нь хуримтлагдсаар тэтгэвэрт гарахад нь хадгаламж хэлбэрээр үлддэг. Түүнээсээ өөртөө зарцуулах эрх үүсдэг юм байна. Тэгвэл нэлээд хэмжээний мөнгө төлөөд, түүнээ ашиглаж чадахгүй байсаар нас барахад тэр нь улсын орлого болдог буруу тогтолцоо манайд бий болчхож. Үүнийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн. Даатгалын тогтолцоог зах зээлийн харилцаатай уялдуулах хэрэгтэй. Эрүүл мэндийн яамнаас шаардлагатай мэдээлэл авч танилцсаны дараа хуулийн төсөл боловсруулах ажилд оръё гэсэн бодолтой явна.

-Даатгал төлдөг учир би танайхаас үнэгүй үйлчилгээ авах ёстой гэж шаардах эрх даатгуулагч иргэнд уг нь байх ёстой юу?

-Зах зээлийн зарчмаараа бол ийм эрх байх ёстой. Гэтэл наад зарчим чинь манайд үйлчлэхгүй, тийм үйлчилгээ үзүүлдэг газраа оч доо гэсэн байдлаар эмнэлгийнхэн ханддаг юм гэнэ лээ. Даатгал төлсөн л бол аль ч эмнэлгээр үйлчлүүлэх эрх байх ёстой. Тэр үйлчилгээнийх нь төлбөрийг даатгалынх нь нэрийн сангаас суутгадаг байх нь хамгийн шударга зарчим. Тэтгэвэрт гарсан хойноо ч даатгалаар хуримтлагдсан мөнгөө өөртөө зарцуулах эрх үүсэж, түүгээрээ хүссэн эмчилгээг хийлгэдэг тогтолцоонд шилжмээр байгаа юм.
Энэ талаар "Өнөөдөр" сонинтой хамтран ажиллах саналтай байна. Танай дэвшүүлсэн "Хавтгайрсан халамжаас татгалзаж, хямралыг гэтэлье" уриалга нийгэмд их дүн өгсөн. Түүн шиг эрүүл мэндийн даатгалын тогтолцоог зах зээлийн шударга зарчимд нийцүүлэх талаар иргэдийн дунд санал асуулга явуулбал зүгээр болов уу. Хуульд өөрчлөлт оруулж, шударга, нээлттэй тогтолцоонд шилжихэд иргэдийн санал бодол маш чухал.

-Даатгалын хөрөнгийн мэдээлэл хаалттай байдгаас болж нийгмийн даатгалын маш их хөрөнгийг арилжааны банкуудад байршуулж хүүгээр нь бизнес хийсэн тодорхой баримт бий. Түүнтэй адил бидний төлсөн эрүүл мэндийн хөрөнгөөр хэн гэдэг төрийн албан тушаалтан бизнес хийж байгааг мэдэх аргагүй байхгүй. МэДээлэл хаалттай байгаагаас ийн хардах нь ч буруу биш байх...

-Нийгмийн даатгалын сангийн 80 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан. Түүнээс хоёр тэрбум төгрөг "Анод"-од байршуулсан нь алга болсон гээд байгаа. Үүн шиг хэн нэгэн төрийн албан тушаалтан бизнес хийж байхыг үгүйсгэх аргагүй. Манайд хариуцлагын тогтолцоо алдагдсан. Уг нь тэр хөрөнгө баталгаатай, мэдээлэл нь ил тод байх ёстой юм. Даатгалын шимтгэл төлөх үүрэг хүлээсэнтэйгээ адил түүнийхээ зарцуулалтын талаарх мэдээллийг иргэн бүр авах, шаардах  эрхтэй.

ШИНЭ МЭДЭЭ