С.Бямбацогт: Төрийн ажилд улстөрийн зорилгоор бус сэтгэл зүрхээрээ л хандах ёстой
2008.09.01

С.Бямбацогт: Төрийн ажилд улстөрийн зорилгоор бус сэтгэл зүрхээрээ л хандах ёстой

Шинэхэн гишүүд тангаргаа өргөж ажилдаа орлоо. Харин бид төрийн түшээдийнхээ нөр их ажлын хажуугаар УИХ-ын шинэхэн гишүүдийг “Зочин ” буландаа урьж, улстөрийн байр суурь, үзэл бодлыг нь ард түмэндээ хүргэхээр шийдсэн юм. Ховд нутгийнхан энэ удаагийн парламентанд хамгийн ахмад гишүүнийг хамгийн залуу гишүүнтэй нъ хамт төрийн түшээгээр сонгосон. Бид УИХ-ын гишүүний тангарагаа өргөж ажилдаа ороод удаагүй байгаа УИХ-ын гишүүн С.Бямбацогттой уулзаж дараах ярилцлагыг бэлтгэлээ.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Улс эх орон, ард түмнийхээ төлөө шударгаар зүтгэхээ илэрхийлж тангараг өргөлөө. Сэтгэгдэл ямар байна?

-Баярлалаа. Сэтгэл хангалуун байна гэхээсээ илүү төр, түмнийхээ өмнө хүлээсэн хариуцлагаа илүүд үзэж байгаагаа илэрхийлье.

-Хэдийгээр УИХ-ын сонгууль явагдаж дун нь арсан ч “та бүхэн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж чадалгүй хэсэг хугацааг ардаа орхилоо. Өнгөрсөн хугацаанд та юу хийж байв. Ер нь АН-ынхан УИХ-ыг гацаанд оруулаагүй байсан бол их ажил амжуулах байсан уу?

-УИХ-ын гишүүн ганцаараа овойж оцойсон их асуудал шийдэхгүй ч УИХ-ын чуулганаар шийдвэрлэх олон асуудал цаг хугацаа алдлаа. Хоёр cap гэдэг их хугацаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацааны хорин дөрөвний нэг гэсэн үг шүү дээ. Өөрөөр хэлбэл 24 ажил хийх байсан бол нэг ажил нь хийгдэх боломжгүй болж байна гэсэн үг. Үүгээрээ ард түмэн, улс эх орны эрх ашиг хохирлоо. Ард түмний өмнө шийдвэрлэх маш олон асуудал бөөгнөрөөд шийдлээ хүлээж байна. Монгол улс хөгжих эс хөгжихийн торгон зурвас үе дээр тулж ирээд байгааг иргэд ч, улс төрийн намууд ч хаана, хаанаа ойлгож байгаа. Ийм үед цаг хугацаа гэдэг хамгаас чухал асуудал. Тангараг өргөөгүй гээд зүгээр суугаад байж болохгүй. Өнгөрсөн хугацаанд манай намаас сонгогдсон гишүүд байнга цуглаж байсан. Сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэх бодлого, хувилбаруудыг боловсруулж УИХ-ын хууль ёсны үйл ажиллагааг эхэлмэгц цаг хугацаа алдалгүй түргэн шуурхай ажиллах үүднээс хэд хэдэн ажлын хэсгийг байгуулаад чамгүй ажлыг амжууллаа. Миний хувьд эх орны хишиг сангийн хууль баталж, иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох ажлын хэсэгт ороод эдийн засгийн бодлого, аргачлал, хувилбар боловсруулах ажил дээр нэлээд судалгаа шинжилгээ хийлээ.

-Тангаргаа өргөснөөр та УИХ-ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэллээ. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлаа хаанаас эхэлье гэж бодож байна?

-Би түрүүн хэлсэн дээ. Ажил маань аль эрт эхэлсэн. Эх орны хишиг сан байгуулж иргэн бүрт 1.5 сая төгрөг олгох ажлын хэсэгт ороод ажил нэлээд эрчимтэй явж байна. Улс орны өмнө тулгамдаад буй үнийн өсөлт, намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл, малчдын амьжиргааг дээшлүүлэх ноолуурын үиийг зохицуулах, зөрүү олгох ажил гэх мэт,  Засгийн газрын хариуцдаг өдөр тутмын ажилд УИХ эрхзүйн дэмжлэг үзүүлж, холбогдох хууль, тогтоолыг гаргах шаардлагатай. Мөн тойрогтоо хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг шат дараатай хэрэгжүүлж эхлэх ёстой. Ер нь ажил их байна. Тэр, энэ гэж дугаарлах арга алга. Цаашдаа хүүхэд залуучуудын боловсрол, нийгэмд зөв хүн болгон төлөвшүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын асуудал дээр түлхүү анхаарч ажиллах болно.

-Та улс төрд шинэ хүн. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй ч төр засгийн үйл ажиллагааг иргэн хүний хувьд ямар нэгэн байдлаар дүгнэж л явсан байх. Ер нь Монгол улсын өмнө нэн тэргүүнд тулгамдаад буй асуудлыг та юу гэж үзэж байна?

-Тиймээ өмнө нь би УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаагүй гэдэг утгаараа шинэ хүн.
Би 2000 онд МАХН-д элсэж, улстөрийн амьдралд идэвхитэй оролцож ирсэн. Түүнээс хойш МАХН-ын бага хурлын гишүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоод ажиллаж байна. 2006-2008 оны хооронд МАСОХ-ны Ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Намынхаа бодлого шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд идэвхитэй ажиллаж ирснийг минь намын нөхөд бүгд мэднэ. Намынхаа амьдралд оролцож, тодорхой албан тушаал хашиж явсны хувьд надад өөрийгөө шинэд тооцон аргадаж, эрхлүүлэх өчүүхэн ч эрх байхгүй. Улс төрийн ажлаас төрийн ажил эхэлдэг. Иргэн С.Бямбацогт, Их хурлын гишүүн С.Бямбацогт хоёрын төрийн ажлыг дүгнэх дүгнэлт нэг боловч оролцох оролцоо нь өөр болж байна. Төрийн ажлыг хэн ч сайн, муу гэж дүгнэж болно. Харин төрийн ажилд сэтгэлээсээ хандаж, бурууд нүд хурц, зөвд зөөлөн ажиллах ёстой гэж би боддог. Мэдээж хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хяналтыг улам төгөлдөршүүлэх ёстой. Ингэснээр төр нээлттэй болж, ард түмний төрийн ажлыг үнэлж дүгнэх мэдрэмж, мэдлэг, соёл нь сайжрахын зэрэгцээ илүү бодитой ханддаг болно. Яг одоо Монгол улсын өмнө тулгамдаад буй асуудал юу юм вэ. Энэ бол маш том сэдэв. Би ерөнхий асуудалд ерөнхий зүйл л хэлье. Өнгөрсөн зуунд бидний хамгийн том зорилго бол эрх чөлөө, тусгаар тогтнол байсан. Асар их үнэ цэнээр олдсон эрх чөлөө, туураг тусгаар улсаа бид улс шиг улс болгох нь хамгийн чухал байсан. Бид шийдэж чадсан. Харин шинэ зуунд бидний хамгийн том зорилт бол хөгжил дэвшил, аз жаргалтай Монгол орныг цогцлоон бий болгож, хойч үедээ хүлээлгэх явдал. Энэ зорилгоос цаг үеийн асуудлууд байнга үүсч, тэр нь өдөр тутмын шийдвэрлэх ёстой асуудал болсноор төрийн ажлын зогсолтгүй байдлыг сойдог биз ээ.

-Дээрээ гүйдлээ олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг. Манай улс төр хэрүүл шуугиантай, ороо бусгаа байх нь олонтай. Өмнөх УИХ-ын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бодоод байх юу байхав дээ, ард түмний сонголтыг. Үүргээ гүйцэтгэсэн сайн парламент гэж боддог. Зөвшилцлийн хүрээнд намууд хамтран ажиллаж ирсэн болохоор улс төрийн мөнхийн малгай зүүлгэчих гээд байдаг олон асуудлыг тал талаас хэлэлцэж, тодорхой хэмжээнд шийдвэрлэж чадсан нь энэ парламентын онцлог болов уу.

-УИХ хэрүүл шуугиантай байхад зарим нь залхдаг бол зарим нь ардчилалтай байгаагийн илрэл гэж тодорхойлдог. Та энэ хоёр хандлагын алийг нь ойшоож байна?

-Хоёр талтай асуудал. Парламентын засаглалтай улсад байдаг л үзэгдэл. Зарим улсын парламентын гишүүд танхимдаа зодолдох явдал гарч л байдаг. Улс төрч хүнд хүнлэг чанар, бусдыг хүндэтгэх, төрөө дээдлэх ухамсар, соёл байх ёстой. Товчхондоо бол учир утгагүй хараал ерөөл, хэрүүл бол залхмаар зүйл. Харин асуудлыг олон талаас нь нухацтай авч хэлэлцэн, бодлогын мэтгэлцээн өрнүүлж байвал ардчиллын бахархал. Бодлогын мэтгэлцээнээс хүн бүр л их зүйлийг сурна. Зарим улсад парламентын хурлын дэгээр гишүүд асуудлыг хэлэлцэх үед субьектийн дайралт хийхгүй байхыг хуульчилсан байдаг. Ийм жишгийг манай парламент ч тогтоож болно.

-Шинэ парламент удахгүй халуун тогоондоо буцалж эхлэх нь. Энэ парламентын үйл ажиллагаа хэрхэн өрнөх бол. Сайн коллективтэй анги байна гэхэд хэр итгэлтэй байна. Шинэ анги сэттэлд нийцэж байна уу?

-Энэ удаагийн сонгууль томсгосон мажоритар хувилбараар явагдсан. Сонгуулийн хууль тогтолцоо нэр дэвщигчийг үнэхээр хүнд нөхцөлд, маш их нерви, хөлс хүч хөдөлмөр зарцуулан ажиллахыг шаардсан. Сонгуульд ялсан ялагдсан аль, аль нь энэ удаагийн сонгуулийн хуулинд сэтгэл хангалуун биш байгаа байх. Монгол улсад олон намын тогтолцоот, парламентын ардчилсан засаглал тогтсоноос хойшхи тавдахь удаагийн парламент гэдэг утгаараа өмнөх дөрвөн парламентын хангалттай туршлагыг өвлөнө. Бас шинээр үүсэх хэний ч төсөөлөөгүй улс төрийн нөхцөл байдал нэг бус удаа үүсэх нь дамжиггүй. Ангийн коллективийн тухай ярихад эрт байна. Шинэ ангийг сэтгэлдээ нийцүүлэх эрх надад байхгүй. Ард түмний сонголтоор шалгарч ирсзн шилдэг аавын хүү, ээжийн охид л энэ танхимд цугларсан гэж бодож байна.

-Энэ удаагийн УИХ урьд өмнөхөөсөө харьцангуй залуу гишүүдээс бүрэлдлээ. Та ч гэсэн тэдний нэг?

-Монголын ард түмэн залуу үедээ өндөр хариуцлага ноогдуулж, итгэл хүлээлгэсний баталгаа. Улс төрд шинэ үе гарч ирж байна. Гэхдээ УИХ-ын гишүүнийг шинэ хуучин, залуу хөгшин гэдэг хэлбэр талаас нь бус ажиллах чадвар, асуудалд хандах хандлага, ажил хэрэгч байдлаар нь буюу агуулга талаас нь дүгнэх нь зөв болов уу.

-Та Монгол орны баруун хязгаар Ховд нутгаас сонгогдсон төрийн түшээ. Ховдчуудын амьдрал ямар байна вэ?

-Ховдчуудынхаа амьдралыг дээшлүүлэх нь миний УИХ-д сонгогдсон том шалтгаан. Энэ нутагт төрж, өсөж бүхий л цаг үед нутагтайгаа холбоотой ажилласаар ирсэн болохоор би ард түмнийхээ амьдралыг сайн мэднэ. Шийдэх ёстой олон асуудал байгааг биеэр мэдэрсэн хүн. Тиймдээ ч нутгаа хөгжүүлж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татах өөрийн санал санаачлагаа танилцуулж, түүнийгээ дүгнүүлснээр УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ирэх дөрвөн жилд Ховд нутгаа хөгжүүлэх үндсэн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх, ард иргэдээ ажилтай орлоготой болгох тал дээр өөрийн зүгээс бүхий л нөөц бололцоо, зүрх сэтгэлээ дайчлан ажиллах болно.

-Та бүтээн байгуулалтын салбарын топ компани болох “Ньюпрогресс” группыг үндэслэгч, Монголын шилдэг бизнесмэн. Харин зарим хүмүүс бизнесмэнүүдийг УИХ-д сонгогдоход таагүй ханддаг?

-Яаж хандах нь тухайн хүний эрх. Бизнесмэн хүн баялгийг бүтээдэг, улсад татвар төлж төсвийг бүрдүүлдэг. Тэр нь ард түмэн, нийгмийн сайн сайханд зарцуулагдсанаар улс орны хөгжил дэвшилд нөлөөлж, ард түмний нуруун дээрх хүнд ачааг үүрэлцдэг. Би улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож, мянгаар тоологдох ажилчдынхаа амьдралыг залгуулан, эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж ирснээрээ бахархдаг. Бизнесмэн хүний зөв, оновчтой арга чадвараараа олныг манлайлж, олон хүний амьдралыг нуруундаа үүрдэг чанар төрд хэрэгтэй. Харин бизнесийн зорилгоор улс төрд орж байвал түүн шиг бохир зүйл гэж байхгүй.

-Тэгвэл таныг УИХ-д ороход бизнесийн зорилго, далд санаа нөлөөлөөгүй гэж үү?

-Хүн таван давхар костюм өмсч, арван таваг хоол идэхгүй нь л ойлгомжтой. Би Монголчуудын ярьдгаар хоёр идэхгүй, хоосон хонохгүй хэмжээнд амьдралаа төвхнүүлчихсэн хүн. Монголчууд “Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж хэлдэг. Би биеэ зассан, гэрээ ч бас зассан. Надад бизнес хийх шаардлага байхгүй. Тиймээс төрөө түшилцэж, түмэн олныхоо төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх зорилго надад байна.

-Нэгэнт тантай уулзсаных хэдэн хурц асуулт тавья, гэж бодлоо. Сонгуулийн үеэр таныг зарим тендертэй холбож, янз бүрийн байдлаар оролдсон. Бас таныг Ерөнхийлөгчийн хүн ч гэх юм. Ер нь та үнэнийг хэлэх боломжтой юу?

-Харин тийм ээ. Сонгуулийн үеэр л тэгж бичиж байгаа биз дээ. Ер нь сонгуулийн үеэр элдвээр цоллуулаагүй хүн гэж байна уу. Ялангуяа манай намынхан дунд. Ердийн үед ажлаа хийгээд явж байхад тийм зүйл огт ярьдаггүй. Зарим гүтгэлгийг нь би бараг өөрөө ч ойлгоогүй. Би өөрийнхөө ойлгохгүй байгаа худал хуурмаг гүтгэлэгт янз бүрийн тайлбар хийхгүй. Үнэхээр тэр гүтгэлгүүд үнэн л юм бол нотлог. С.Бямбацогт гэж хэн бэ гэдгийг цаг хугацаа харуулах биз. Тэрний хүн, энэний хүн гэж хайрцаглахаа болих хэрэгтэй. Би их улстөрд хөл тавьсан цагаасаа өнөөг хүртэл өөрийнхөө зарчим, итгэл үнэмшилд захирагдаж ирсэн. Цаашдаа ч захирагдах болно. Энэ бол миний үнэт зүйл.

-УИХ-ын гишүүн асан Л.Пүрэвдорж та хоёрыг ойрын хүмүүс, бизнест хамтардаг гэж бичсэн байна лээ?

-Би Ховд нутгаасаа ажлын гараагаа эхэлж, амжилтанд хүрсэн хүн. Тиймээс Ховд нутгийнхаа сайн сайхны төлөө чадлынхаа хэрээр зүтгэх ёстой гэж бодож явдаг. УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө ч нутгийнхаа сайн сайхны төлөө ажиллаж ирсэн. Миний удирдаж байсан “Ньюпрогресс” групп компани нутгийнхаа 12 сумыг эрчим хүчтэй холбож, сум бүрт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Бас нийгэм соёл, хүмүүнлэг, урлаг спортын чиглэлээр байнга л үйл ажиллагаа явуулдаг. Энэ бүх ажлынхаа хүрээнд нутгаасаа сонгогдсон УИХ-ын гишүүдтэй хамтран ажиллах шаардлага гардаг. Би Ховд нутгийн зөвлөлийн тэргүүлэгч; Ховд аймгийн оюутан, залуучуудын хөгжлийн төвийн тэргүүний сонгуульт ажилтай. Л.Пүрэвдорж гишүүн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга. Энэ утгаараа бидхамтын ажиллагааны сайн харилцаатай хүмүүс. Зөвхөн Л.Пүрэвдорж гишүүнтэй ч биш, Д.Дэмбэрэл гишүүн, Ц.Дамиран гишүүн, ҮХЦ-ийн дарга Ж.Бямбадорж нартай Ховд нутгийн хөгжил, дэвшил ард түмнийхээ сайн сайхны төлөө байнга хамтран ажилладаг. Харин улс төрийн хувьд Д.Дэмбэрэл гишүүн, Л.Пүрэвдорж гишүүн бид гурав нэг намаас нэг тойрог дээр нэр дэвшихээр өрсөлдсөн. Намынхаа дүрмийн дагуу бага хурлын шийдвэрээр Д.Дэмбэрэл гуай бид хоёрыг нэр дэвшүүлснийг хүмүүс маш сайн мэдэж байгаа. Хэрвээ Л.Пүрэвдорж гишүүн бид хоёр нэр дэвшээд Д.Дэмбэрэл гишүүн нэр дэвшээгүй бол намайг Д.Дэмбэрэл гишүүнтэй холбож янз бүрийн юм бичих л байсан биз. Энэ бол зөвхөн сонгуультай холбоотой сөрөг сурталчилгаа, хар PR юм .

-Энэ удаагийн сонгууль будлиантай болсон гэж зарим улс төрчид үзэж байгаа. Мөн таныг УИХ-ын сонгуульд дөрвөн тэрбум төгрөг зарцуулсан гэдэг. Та тийм баян хүн үү?

-Би нийслэлд сонгууль ямар болсныг мэдэхгүй. Харин Ховдод сонгууль ямар болсныг мэднэ. Хүний мэдэж байгаа үнэн бол харсан үзсэн зүйл нь шүү дээ. Би хараагүй асуудлаа шударга, шударга бус гэж дүгнэхгүй. Ямартай ч манай Ховдын 16-р тойрогт сонгууль хуулийн хүрээнд явагдсан. АН-аас УИХ-д сонгогдсон Р.Амаржаргал гишүүн санал хураалтын маргааш өглөө тойргийн хороонд ирж “Та бүхэнд баярлалаа. Ховдод сонгууль шударга болдог юм байна” гэж хэлээд явсан. үүний тойргийн хорооны гишүүд бүгд мэдэж байгаа. АН-ын дарга Ц.Элбэгдорж “сонгуулийн өдөр 03:00 цагийн байдлаар Ховдод манай гурван нэр дэвшигчид тэргүүлж байсныг МАХН-ынхан луйвардаж өөрчиллөө гэж хэлсэн”. Үүнийг эсэргүүцэж тойргийн хорооны бүх гишүүд гарын үсэг зурсан мэдэгдлийг АН-д илгээсэн. Том намын дарга маш хариуцлагагүй зүйлийг ярьснаар нийгэмд ямар үр нөлөө үзүүлснийг бүгд харсан байх. Ховдчуудыг, Ховдод нэр дэвшигчдийг, Ховдын Ардчилсан намаас сонгуулийн тойргийн хороонд томилогдсон гишүүдээ гүтгэж доромжилсоныхоо төлөө энэ хүн уучлалт гуйх ёс зүйтэй байх ёстой гэж бодож байна. Хүндрэл бэрхшээл хангалттай амссан ч хууль ёсны ардчилсан сонгууль болж, түүнийг ард түмэн, төр засаг баталгаажууллаа. Харин тэр дөрвөн тэрбум гэдэг ямар ч үндэслэлгүй мэдээлэл. Би тийм баян хүн гэж өөрийгөө лав хэлэхгүй. Надад Ховд нутгаас сонгогдохын тулд тийм их мөнгө зарцуулах шаардлага байгаагүй. Хэлэх үгтэй, хийсэн ажилтай, боломжийнхоо хэрээр түмэн олондоо дэмжлэг үзүүлж ирсэн маань маш том давуу тал болсон. Сонгуулийн компанит ажилдаа алдаа гаргачих вий гэж айж байснаас ялагдчих вий гэж ерөөсөө айгаагүй.

-7-р сарын 1-ний үйл явдлыг та хэрхэн дүгнэж байна?

-Би намын байрныхаа гадаа зогсоод нүдэн дээрээ намын байраа галдан шатаалгахыг харсан. Үнэхээр сэтгэл өвдөж байлаа. Одоо хүртэл харамсаж байгаа зүйлийн нэг бол намын архив. Энд зөвхөн уг намын түүх биш  Монгол улсын, Монголын ард түмний бүтэн нэг зууны түүх байсан. Үнэн хэрэгтээ тэнд цугласан хүмүүсийн ихэнхи нь тэр явдлыг эсэргүүцэж байсан. Ингэж болохгүй шүү дээ. Энэ ардчилал биш, та нар болиоч гэж хаа сайгүй орилж байсан ч ямар ч арга хэмжээ авах арга байгаагүй. Цагдаа нар том том чулуугаар бороо орж байгаа юм шиг нөхцөлд ажиллаж байсан. Ганцхан жишээн дээр бид дүгнэлт хийе л дээ. Тэр орой саатуулагдсан 700 орчим хүнээс 60 хүрэхгүй нь УИХ-ын сонгуульд оролцож саналаа өгсөн байсан. Тэгэхээр үүнийг улс төрийн эрхээ хамгаалах гэсэн жагсаал биш гэж үзэж байгаа. Үүний дараа бодит байдлыг үнэхээр илт мушгин гуйвуулж байгаад жаахан харамсаж байна. Хүний амь нас эрсэдсэн явдалтай эвлэрч болохгүй. Буруутныг шударга үнэн, цаг хугацаа шүүгээд гаргаад ирэх байлгүй.

-Таныхаар бол жинхэнэ буруутан нь хэн бэ?

-Үйлдэл болоод эс үйлдлээрээ хэн нэгэн хариуцлага хүлээх ёстой. Эхэлсэн бол дуусгах хэрэгтэй. Эхлүүлсэн л бол эцсийн хариуцлагаа хүлээх ёстой. Энэ бол зарчим. Гэмт этгээдийг холбогдох байгууллагууд нь тогтоох биз ээ.

-Та гэр бүл болоод хувийн амьдралынхаа талаар бидэнд товчхон яриач?

-Би эхнэр, нэг хүүхэдтэй. Манайх жирийн нэгэн гэр бүл. Хань ижил, гэр бүлтэй минь холбоотой дургүй хүрмээр гүтгэлэг зарим нэг хэвлэлд гарлаа. Тэвчээртэй хандаж ажиглаж л байна. С.Бямбацогт төрөө түшилцэж чадаж байна уу, үгүй юу, зорилго хандлага нь зөв үү, буруу юу гэдэг л олон нийтэд чухал. Тэрнээс биш тийм эхнэртэй гэнэ, аав ээж нь ингэдэг гэнэ гэдэг асуудал огт сонин биш. Гэр бүл бол хамгаас эрхэм нандин зүйл. Хань ижил, гэр бүлийнхээ нэр хүндийг гутаан доромжлуулахыг үнэхээр хүсэхгүй байна. Харин С.Бямбацогтыг юу гэж яаж бичихээ дураараа л бол. Идсэн ирүү хухайрч, идүүлсэн бут ургадаг юм.

-Баярлалаа, танд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ