МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан
2014.01.27
Улстөр

С.Бямбацогт: Ашигт малтмалын тухай хуулийн төслийг Монголд ашигтай байдлаар баталсан

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан дуусч, бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан Ашигт малтмалын тухай хуулийн төсөл нь цөөнхийн бүлгээс тавьсан шаардлагын дагуу Монголд ашигтай хэлбэрээр батлагдсан гэлээ.

Тус төсөлд алтыг биетээр болон биет бусаар тушаасан нөхцөлд татварыг 2.5 хувиар тогтооно хэмээн заалт оруулсан байсан аж. Цөөнхийн бүлэг шаардлага тавьснаар биет бус алтанд татварын хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд 3 тэрбум ам.доллар Монголдоо үлдэх бололцоо нээгдсэн гэж хэллээ. Хэрвээ биет бус алтанд татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульчилсан бол Оюутолгой төслийн хүрээнд зэсийн баяжмалтай хамт гарч байгаа 1800 тонн алт хамрагдах бололцоо бүрдэх байжээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ ашиггүй гэрээ" гэж өмнө дуугардаг байсан сайд нар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хүрээнд биет бус хэлбэрээр гарах алтанд ногдуулах татварт хөнгөлөлт үзүүлэхээр заалт оруулж ирсэн нь зарчимгүй явдал болсон.

Гэхдээ цөөнхийн бүлгийн зүгээс "Оюутолгой төслийг хэрэгжүүлэх хүрээнд хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжуулж хангалттай татварын таатай орчинг бүрдүүлж өгсөн тул үүнээс хэтэрч болохгүй" гэж үзэн байр сууриа хамгаалснаар Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд гурван тэрбум ам.доллар Монголоос гадагшилж мэдэхээр байсныг зогсоож чадсан гэлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл нь тооцоо судалгаа муутай, тэтгэврийн санд ачаалал үүрүүлэхээр төсөл хэмээн байр сууриа илэрхийллээ. Эл төслийг УИХ-аар баталсан нөхцөлд 76 мянган иргэн хамрагдана гэж үзэхэд 200 тэрбум төгрөг шаардлагатай болж буй аж.

Мөн энэ онд тэтгэврийн санд хөрөнгө шаардлагатай тул төсвөөс 320 тэрбум төгрөгийн татаас авахаас аргагүй байгаа. Өнөөдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангийн тогтолцоогоор ажил, хөдөлмөр эрхэлж байгаа нь тэтгэвэр авагчдаа "тэжээдэг" тогтолцоотой. Ийм нөхцөлд тэтгэврийн даатгалын сангаа шинээр харахгүй бол санг улам хүндрүүлнэ.

Ахмад настнуудын тэтгэвэр, тэтгэмжийг энэ онд 10 хувиар нэмэгдүүлж чадахгүй байгаа атлаа Хамтын тэтгэврийн тухай хуулиар 200 тэрбум төгрөг шаардах төслийг Засгийн газрын сайд нь өргөн мэдүүлснийг нягтлах шаардлагатай. Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамны зүгээс бүхий л тооцоо судалгааг нягтлан гаргах шаардлага байна гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ