Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг...
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэлцэх асуудлыг танилцуулав. Дараа нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/, Хууль хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн хууль санаачлагчийн илтгэлийг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа танилцуулав.
С.Ламбаа сайд “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.1.5-д “Эрүүл мэндийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, төрийн оролцоог багасгах зорилгоор хүн амд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад хувийн хэвшлийн мэргэжлийн эмнэлгийн оролцоог дэмжинэ. Энэ зорилтын хүрээнд эрүүл мэндийн салбарын санхүүжилтэд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан эмнэлгүүдийг даатгалын үйлчилгээнд жигд хамруулна.”, 1.1.6-д “Эрүүл мэндийн удирдлага, менежмент, эмчилгээний хяналтын тогтолцоог боловсронгуй болгон бэхжүүлнэ.” гэсэн зорилтыг тус тус дэвшүүлсэн билээ. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх, хүн амыг эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Иргэний эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль 1993 онд батлагдснаас хойшхи хугацаанд хувь хүн, гэр бүлд эрүүл мэндийн улмаас учирч буй санхүүгийн эрсдэлийг бууруулж, эрүүл мэндийн байгууллагын зардлыг санхүүжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж ирсэн “ гээд хэдий тийм ч одоо хэрэгжиж буй эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх болсон шалтгаануудыг танилцуулав.
Тухайлбал, “Эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний хүрээ оновчтой бус, олон төрлийн үйлчилгээ төлбөртэй байгаагаас даатгуулагч өвдөх, бэртэх зэрэг эрсдэл /өвчлөл/- ийн үед санхүүгийн дарамтад орох, өөрт шаардлагатай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч чадахгүйд хүрэх тохиолдол цөөнгүй гарч байгаа аж. Ялангуяа даатгуулагчийн хэвтэн эмчлүүлсний зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлж байгаа боловч өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай амбулаторийн үзлэг, шинжилгээ, оношилгооны ихэнхийг санхүүжүүлдэггүй учир эдгээр тусламж үйлчилгээнд төлбөр авч байна. Энэ нь даатгуулагчийн тухайд гэрээр болон амбулаториор төлбөртэй үйлчлүүлэхийн оронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж даатгалаас зардлаа гаргуулах, эрүүл мэндийн байгууллагын хувьд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх замаар даатгалаас санхүүжилт авах сонирхлыг нэмэгдүүлж байна” гэв. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр хийж буй өнөөгийн арга оновчтой бус, худалдан авах ажиллагааны зарчимд тулгуурлахаасаа илүү шууд санхүүжилт давамгайлж байгаа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хөшүүрэг болж чадахгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндийн даатгалд итгэх итгэл, сэтгэл ханамжийг бууруулж байна. Иймээс энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа дээр дурдсан тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд анхаарч, дараахь зарчмын өөрчлөлтийг оруулж байгаа аж. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний багцыг шинээр тодорхойлж, хүрээг өргөжүүлэх, Эрүүл мэндийн байгууллагаас даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний худалдан авах өртөг зардлыг тооцож тодорхойлох, тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих механизмыг боловсронгуй болгох зорилгоор эрүүл мэндийн даатгалын бие даасан бүтцийг бий болгохоор тусгажээ.
Үүний зэрэгцээ УИХ-д өргөн барьсан нийгмийн халамжийн багц хуулийн төсөлд нийгмийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай /ядуу/ өрхийн гишүүний эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар заасан учир төрөөс шимтгэлийг нь хариуцдаг иргэдийн хүрээнд өөрчлөлт оруулж, энд дурдсанаас бусад өрхийн хүүхдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эцэг, эх нь хариуцахаар зохицуулжээ.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Х.Баделхан, Д.Хаянхярваа, Ц.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба, А.Тлейхан, Д.Очирбат, Д.Одбаяр, П.Алтангэрэл, Ц.Сэдванчиг, Ч.Улаан, Д.Дамба-Очир, Ж.Сүхбаатар, Г.Баярсайхан, Я.Батсуурь, Н.Энхболд, Н.Батбаяр нарын гишүүд асуулт асууж, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, НХХ-ийн дэд сайд Д.Нямхүү, Нийгмийн даатгалын газрын дарга н.Алтанхуяг нар гишүүдийн асуултад хариулав. Гишүүд хуулийн төсөлд тусгасан заалтуудаас ЭМД-ын бие даасан тогтолцоог үнэхээр сайн ажиллуулж чадах эсэх, яаман дээр асуудлыг хэт төвлөрүүлж байгаа юм биш биз, шинэ тогтолцоонд орсноор ЭМД-ын үйлчилгээ яаж сайжрах вэ, энэ нь том харилцааг зохицуулах хууль учир эдийн засгийн тооцоо нь тодорхой байх хэрэгтэй байна, хуулийн төслийн хувьд тогтолцоо, мөнгө тойрсон харилцааг зохицуулах оролдлогоос хэтрээгүй байна, өвчнөө бүрэн эдгээж чаддаг тогтолцоог энэ хуулиар бий болгомоор байна зэрэг шүүмжлэлтэй саналууд олныг дэвшүүлсэн бол Эрүүл мэндийн сайд С.Ламбаа НДШ, ЭМДШ-ийг татварын байгууллага хурааж авдаг тогтолцоонд орох ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, хуулийн зүйл заалтуудыг тайлбарлаж байв. Зарим асуултуудад, тухайлбал хуулийн төсөлтэй холбоотой тооцоо судалгааг гаргаж гишүүдэд танилцуулахыг УИХ-ын дарга хууль санаачлагчдад анхаарууллаа.
Үг хэлж, асуулт асууж, саналаа хэлсэн гишүүд уг хуулийн зарим зүйл заалтыг, тухайлбал эмнэлгээ өөрөө сонгоход тэнд нь ЭМД-ын байгууллагаас даатгалын мөнгө нь орно гэдэг нь ойлгогдохгүй байна гэсэн санал шүүмжлэлийг хэлж байлаа. Гишүүд уг хуулийн төсөлд онцгой анхаарал хандуулж, нухацтай авч үзэж байв.
НББСШУБХ-ны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Одбаяр танилцуулав. Дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд төслүүдийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэний эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл цуглуулж, хөрөнгө бүрдүүлэх, тус сангийн хөрөнгийг зарцуулах үйл ажиллагааг нэг байгууллагад төвлөрүүлэх нь төсөвт хэмнэлттэй тул энэ талаарх зохицуулалтыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, З.Алтай нар эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ байнга төлдөг боловч тусламж, үйлчилгээ авдаггүй даатгуулагчдыг урамшуулах талаар тусгах, Улсын Их Хурлын гишүүн Д.Одбаяр хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгах нь зүйтэй гэсэн саналуудыг тус тус гаргаж байлаа. Төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан явуулах асуулт хариултыг үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэхээр болж үдээс өмнөх хуралдаан завсарлав.