ИРГЭДЭЭ БУС ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ГАДАГШ НЬ ЯВУУЛДАГ БОЛНО
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
2024.12.31

ИРГЭДЭЭ БУС ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ГАДАГШ НЬ ЯВУУЛДАГ БОЛНО

Өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын тогтолцоо  голчлон “эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн сайжруулах вэ” гэдэгт анхаарал хандуулсаар ирсэн.

Нэг ёсондоо, хүнийг өвдсөнийх нь дараа “хэрхэн эмчлэх вэ” гэх бодлого боловсруулснаас, яавал өвчлүүлэхгүй байх вэ гэдгийг орхигдуулсан. Гэтэл халдварт болон халдварт бус өвчлөл жил ирэх бүр нэмэгдэж байна. Эмнэлгийн орны тоо болон их эмчийн тоогоор дэлхийд тэргүүлж байгаа боловч эмчилгээ, үйлчилгээний чанар хүртээмжид иргэд сэтгэл дундуур байгаа нь эрүүл мэндийн салбарт суурь судалгаа, шинжлэх ухаанч бодлого дутмаг байснаас үүдэлтэй. Өвдсөн хойно нь санхүүгийн дарамт учруулж эмчилдэг бус эрүүл байлгахад чиглэсэн оновчтой бодлогуудыг зөв системтэй  явуулахыг л “Нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн бодлого” гээд байгаа юм.

Иймд парламентын гишүүний хувиар улсын хөгжлийг урагшлуулах эрх зүйн орчны шинэчлэлд анхаарч ажиллана гэж бодож байна. Тэр дундаа эрүүл мэндийн чиглэлд эрүүл ирээдүйг бий болгоход голлон ажиллана. Энэ нь өвчин туссан хойно нь эмчлэх гэдэг бус өвчлөлөөс хэрхэн сэргийлж, яаж ард иргэдийг эрүүл байлгах, өвчин туссан тохиолдолд эрт оношилж, илрүүлж чаддаг тогтолцоог бий болгоход шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бий болгохыг зорьж байна.

Бидний ирээдүй болсон хүүхэд багачуудын  эрүүл мэндийн байдал асуудалтай байгаа талаар олон судалгаа байна. Иймээс  нярай болон сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой болгох,  хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох бололцоог бий болгох үүднээс  “сургуулийн орчинд суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах” тухай анхдагч  хуулийн төслөө боловсруулж дууссан одоо  батлуулах чиглэлд ажиллаад явна. 

Ард иргэдийг хэрхэн өвчин тусгахгүй эрүүл байлгаж, туссан тохиолдолд яаж эрт илрүүлэх үү, илрүүлсэн өвчлөлийг бүгдийг нь эх орондоо эмчилдэг болгох вэ гэдэг “цогц бодлого” барина.

Эрүүл мэнд гэхээр л эмнэлэг санаанд нь буудаг буруу ойлголт иргэдийн дунд түгээмэл бий. Нөгөө талаар манай улсад бүхий л төрлийн өвчлөл жил ирэх тусам нэмэгдэж ирсэн. Иймд, нэгдүгээрт нийгмийн эрүүл мэнд буюу иргэдэд яаж өвчин тусахгүй байх, өвчлөл үүсгээд буй шалтгааныг илрүүлж, арилгах. Мөн эрсдэлт хүчин зүйлсийг арилгах, иргэд бүх нийтээрээ эрүүл байхад чиглэсэн “бодлого” чухал байгаа юм. Хоёрдугаарт, өвчин туссан тохиолдолд түүнийг хэрхэн, яаж эрт илрүүлж, оношлох тухай асуудал. Нэг ёсондоо эрт илрүүлгийн тогтолцоог оновчтой хийж, бага зардлаар их өвчлөлийг илрүүлж, иргэдээ өвчний хүндрэлээс үүдэн амь нас алдахаас нь хамгаалах. Гуравдугаарт, Монгол Улсад эмчлэгдэхгүй байгаа өвчлөлийг эх орондоо богино хугацаанд эмчилдэг болох шаардлагатай. Ингэхгүй бол иргэд маань санхүүгийн эрсдэлд орж, ядууралд өртөх тохиолдол их байна. Энэ агуулгаар иргэдээ бус эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдээ гадагш нь явуулдаг болох бодлого барин ажиллаж буй. Тодруулбал, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх, Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг эх орондоо нутагшуулахад хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор үндэсний 13 багийг тухайн чиглэлийн үйл ажиллагаагаар тэргүүлэгч өндөр хөгжилтэй улс орнуудад суралцуулах ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар Аутизмын хүрээний эмгэг, Нярайн зүрхний хэм алдалт, Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплазийн эмчилгээг эх орондоо нутагшуулахаар эмч нарын баг гадаад улсыг зориод байна.

Парламентын шинэ гишүүний хувиар асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайн судалж, шинжлэх ухаанчаар асуудалд хандах байр суурийг баримтална.

Миний хувьд өнгөрсөн хугацаанд улсын хоёр ч томоохон эмнэлгийг удирдаж мөн салбарын сайдын албыг хашихдаа тодорхой хэмжээнд “ахиц” гарган ажилласан гэж боддог. Яахав, үүний гол үндэс нь хувь хүнийхээ үүднээс баримталж ирсэн “зарчим” байж мэднэ. Учир нь ард иргэдтэй нүүр тулан ажиллаж буй салбарын ажилтан, албан хаагчдын дуу хоолойг сонсож, салбарт тулгамдаж буй асуудлуудын учир шалтгааныг олж, цаашид хэрхэн шийдвэрлэхийг бодлогодоо уяж, улмаар түүн рүү чиглэсэн шинжлэх ухаанч цогц бодлогыг системтэйгээр хийж хэрэгжүүлэхийн төлөө ажилласанд орших болов уу.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан