Л.Энх-Амгалан: Бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоотой болно
2024.11.22

Л.Энх-Амгалан: Бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлсний тогтолцоотой болно

Нийгмийн бодлогын байнгын хорооны 2024-11-19-ний өдрийн хуралдаанаар Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, 

Төрийн алба, төрийн үйлчилгээний албанд тэтгэвэр тогтоолгохдоо 36 сарын нэмэгдэл авдаг энэ тогтолцоо өнөөдөр хэвээрээ байгаа. 2025 оны улсын төсөвтэй уялдуудж хэмжээг нь багасгаж байгаа. Зарим салбар дээр тэтгэмж байхгүй болж байгаа гэсэн "цуу яриа" явж байна. Энэ дээр хариуцлагатайгаар салбарын сайдын хувиар хариулт өгье. Цаашид тэтгэврийн шинэчлэл хийгдэнэ. Мөн төрийн албан хаагчийн цалин, хөлсний тогтолцоо, нийгмийн хамгааллын чиглэлээр шинэ хууль, эрх зүйн орчныг бий болгоно. Энэ хүрээндээ цаашид Монгол Улсад төрийн албанд ажиллаж байгаа хүмүүс хамгийн чадвартай, мэдлэгтэй, туршлагатай хүмүүсийг ажиллуулдаг тогтолцоо байна гэж бодож байна. Та бүхэнд ганцхан жишээ хэлье. Үр дүнгийн урамшууллыг төрийн албан хаагчид авдаг. Гэтэл харамсалтай нь үр дүнгийн урамшууллыг нийт төрийн албан хаагчдын 96% нь авдаг. Үр дүнгээ тооцуулахгүйгээр үр дүнгийн урамшуулал авдаг. Ийм хавтгайрсан нөхцөл байгаа учраас бид цаашдаа бүтээмжид суурилсан цалин хөлсний тогтолцоо байх ёстой. Төрийн алба хамгийн өндөр бүтээмжтэй байх ёстой. Цаашдаа бүтээмж, үр дүнд суурилсан цалин хөлс, нийгмийн хамгааллын шинэ тогтолцооны эрх зүйн шинэчлэл хийх зайлшгүй цаг үеийн шаардлага гарч ирж байна. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан