Ж.Галбадрах:

Дэд бүтэц, уул уурхайгаа хөдөлгөе гэвэл хүнээ бэлдэх ёстой


6 минут уншина
Ярилцсан Ц.Соёлмаа:
Ж.Галбадрах: Дэд бүтэц, уул уурхайгаа хөдөлгөе гэвэл хүнээ бэлдэх ёстой

Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай цөөн хором ярилцлаа.

Энэ удаагийн парламентад салбар салбарын төлөөлөл орж ирсэн. Таны хувьд боловсролын салбарт 40 орчим жил ажилласан, туршлагатай. Бүрэн эрхийн хугацаанд та ямар ажил дээр илүү төвлөрч ажиллахыг зорьж байна вэ?

Би боловсролын салбарт 39 жил ажиллаж, Монгол Улсын Гавьяат багш хэмээх хүндэт цолыг хүртсэн. Хувь хүний хувьд нийтийн боловсрол дээшлэх ёстой гэсэн үзэл бодолтой явдаг хүн. Төрийн сургуулиас ажлын гараагаа эхлэж, хувийн сургууль үүсгэн байгуулж ажилласан арвин туршлага байна. Улмаар өөрийн үүсгэн байгуулсан Шинэ Монгол сургуулиас тэтгэвэрт гарч, төрийн өмчийн 60 сургуулийн менежментийг сайжруулах төслийг гардан хэрэгжүүлсэн. Төсөлд хамрагдсан сургуулиуд дотоод нөөц, боломжоо ашиглаж, бие даасан байдал нь сайжирч, захирлуудын манлайлал сэргэж, алсын хараагаа тодорхойлж, төлөвлөгөөгөө гаргаж үр дүнтэй ажиллаж байна. Үүнийг дэмжиж, МАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн боллоо. Энэ удаагийн парламентад салбар салбарын чадварлаг залуучууд олон сонгогдсон бөгөөд тэд боловсролын салбарын асуудлыг чухалчилж буйд талархалтай байдаг 

Миний хувьд дөрвөн жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх 10 ажлаа эрэмбэлсэн. Боловсролын салбарт нэн тэргүүнд сургууль, цэцэрлэгийн барилгын хүртээмжийг нэмэх ёстой. Манай улсад сургуулийн барилгыг төлөвлөхдөө нэг сургуулийг 1400 хүүхдээс хэтрэхгүй, нэг бүлгийн хүүхдийн тоо 30-аас ихгүй байх стандарттай. Гэтэл өнөөдөр энэ стандарт алдагдсан байна. Төрийн өмчийн 704 сургуульд 40 өөс дээш хүүхэдтэй 4000 гаруй бүлэгт 214,000 хүүхдийн эрх зөрчигдөж байна. 1800-аас дээш сурагчтай 124 сургууль байгаагаас 5000-6000 сурагчтай 4 сургууль, 6000-аас дээш сурагчтай 2 сургууль байна. Ачаалалтай сургуулиуд багш нарын өрөө, номын сан, коридороо анги болгон ашигладаг. Биеийн тамирын зааланд 3-4 анги зэрэг хичээллэж 150-180 хүүхэд ордог.  Өмнөх жилүүдэд 3 ээлжийг халахдаа нэг бүлгийн хүүхдүүдийн тоог нэмж үүнийг шийдсэн. Энэ бол шийдэл биш, асуудлаас зугтсан арга. Хүүхдийн эрх зөрчиж буй энэ асуудлыг шүүмжилж, сенсаацлах биш, яаж засаж, сайжруулах вэ гэж шийдэл боловсруулж байна. 

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэж харж байна вэ?

Гаргалгаа нь сургуулиуд 60 хүүхэдтэй бүлгээ 40-өөс доош тоонд хүргэж, даац хэтэрсэн сургуулиудыг цоо шинэ сургууль барьж задлах юм. Улсын хэмжээнд даац хэтэрсэн сургуулиудыг задлах тооцооллоор 150 сургууль цоо шинээр баригдахаар байна. Ирэх жилүүдэд үүнийг хийж хэрэгжүүлэхийн төлөө зорьж ажиллана.

2024 оны төсөвт  700 ТЭРБУМ төгрөгийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн барилга барих төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн бол 2025 онд  200 ТЭРБУМ төгрөгөөр хасагдаж 500 ТЭРБУМ төгрөгөөр 160 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ -ийн барилга баригдах төсөв орж ирлээ. Энэ бол хангалтгүй. Монголын хөгжлийг томоор харъя гэвэл ирээдүйдээ сайн чанартай боловсрол олгох юм. Түүнчлэн нэг сургууль, цэцэрлэгийн барилгын төслийг 3-10 жил зарцуулж байна. Тэр хугацаагаар сургууль, цэцэрлэгээ хүлээсэн хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хохироож болохгүй. Сургуулиудыг нэг амьсгаагаар, нэг дуугаар хурдтай барих хэрэгтэй. Хөгжиж буй Казахстан улс энэ жил 240 сургууль шинээр барьж байна шүү дээ. Дэд бүтэц, уул уурхайгаа хөдөлгөе гэвэл хүнээ бэлдэх ёстой.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах

Шинээр 150 сургууль баригдахаар багш нарын хүртээмжийн асуудал дагаад яригдана. Үүнийг шийдэх ямар гарц байна гэж та үзэж байгаа вэ?

Боловсролын салбарын дараагийн асуудал багш нарын хүртээмж, хомсдолын асуудал. Боловсролын сайд 2024.08 сард 4200 багш дутагдаж буйг зарласан. 2024-2025 оны хичээлийн жилийн нийт хүүхдийн тоогоор “Цөм” хөтөлбөрийн дагуу тооцоо хийж үзэхэд 5000 гаруй багш дутагдалтай гэсэн тооцоо гарсан.  Хэрвээ 150 сургууль шинээр барьж чадвал ахиад 14 мянган багш дутагдана. Гагцхүү сайн багш, чадвартай багшийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө санхүүжилт хэрэгтэй. Сайн суралцагч, хүний төлөө хүн л сайн багш болж чаддаг. Хэн дуртай нь багш болж чадахгүй. Харин ЭЕШ-д өндөр оноо авсан шилдэг хүүхдүүдийг багш болгох амбицтай бодлого шаардлагатай байна. Төр энэ хүүхдүүдийн нийгмийн хангамж, бусад олон асуудлыг нь шийдэх бодит амлалт гаргаж, хэрэгжүүлэх ёстой.

Жил бүр багадаа 1000 хүүхдийг багш болгон бэлтгэж, тэдгээрийг 5 жил ажилласны дараа Засгийн газрын тэтгэлэгт хамруулж гадаад улсад магистрийн хөтөлбөрт хамруулах гэхчлэн олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр бодож байна. Төрөлх сургууль дээрээ төгсөөд ирсэн шинэ багш нартай сургуулиудын өсөлт хөгжил сайтай байдаг. Иймд “Шилдэг төгсөгч, төрөлх сургуульдаа” гэсэн төсөл хэрэгжүүлж чадвал үр дүнд хүрнэ. 

Таны хийх хэрэгжүүлэхээр зорьж буй арван ажилд сургуулийн удирдах ажилтныг системтэй бэлтгэх, Үндэсний инженер бэлдэх Косэн загварыг төрөөс тусгайлан дэмжих, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах зэрэг чухал ажил эрэмбэлэгдсэн байсан.

Ирэх жилүүдэд сургуулийн менежментийг сайжруулах төслөө төрийн өмчийн 704 сургуулиудад хэрэгжүүлнэ. Үндэсний инженер бэлдэх Косэн загварыг төрөөс тусгайлан дэмжихэд анхаарал хандуулна.Төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулах, сургууль, цэцэрлэгүүдэд "Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөр" хэрэгжүүлэх зэрэг 10 ажил дээрээ төвлөрч, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал, Сургуулийн захирлыг бэлтгэе. Энэ бол хүнээр хүн хийдэг тусгай мэргэжлийн ажил. Зөвхөн манлайлаад явдаг ажил биш. Энэ сургалтыг багшийн хөгжлийн төвтэй хамтран хийх зорилттой байна.

Түүнчлэн багш зөвхөн судлагдахууны багш биш хүний багш болж зөвхөн заадаг биш, бүтээлч, хүүхдүүдийн мөрөөдлийг асаадаг байх нь чухал. Өнөөдөр сэтгэл зүйч багш нарын хэрэгцээ асар их болсон.  Орчин үеийн хүүхдүүдийн сэтгэл зүйг мэдэж, тэднийг дэмжиж чадсанаар амжилт гаргах боломжтой. Мөн багш зөвхөн ангидаа анхаарал тавих биш, бусад багш нартай хамтарч олуулаа ажиллаж байж үр дүн гарч байна. Хүүхдүүдийнхээ зүрх сэтгэлийн боловсролд анхаарах цаг болсон. Ахлан сургуулийг мэргэжлийн чиг баримжаатай болгох шаардлага байна.

Жишээ нь Япон улсад будаа тарьдаг хүн цөөрсөн, манай улсад малчин болох залуучууд цөөрч байгаа шиг. Үүнийг засахын тулд төрөл бүрийн мэргэжлийн ахлах сургуулийг хөгжүүлж байна. Тухайлбал хөдөө аж ахуйн ахлах сургууль гэхэд дотроо ногоо, будаа хэрхэн тарихыг зааж, сургадаг. Төгсөхөөр нь трактор авч өгч, амьдрах байрны зардлын өгөөд явуулдаг. Хөдөө тосгондоо очиж ногоо, будаагаа тарьж эцэг эхдээ тусалж, тэднээсээ суралцаад явж байна. Манай улсад энэ жишгийг хэрэгжүүлж малчин залуусаа бэлдэх бүрэн боломжтой. 

Япон улсын хөгжлийн нууц нь Косэн буюу технологийн коллежоо  хөгжүүлж, инженерээ бэлддэг. Улсаас косэнуудаа санхүүжүүлж, инженерийн сэтгэгдэлтэй хүүхдүүдээ бодлогоор дэмждэг. Энэ улсын технологийн нууц энд байгаа.  Манай улсад гурван Косэн  бий. Миний хувьд 10 гаруй жил үүнийг удирдаж авч явсан туршлага байна. Дунд ангиасаа буюу 9-р ангийн хүүхдүүд 10,11,12-р ангидаа ЭЕШ бэлтгэнэ гэж санаа зовохгүй, шууд инженер болохоор, 5 жил сурдаг, Өнгөрсөн арван жилийн хугацаанд Жайкагаар дамжуулаад сургалтын бүх ном нь Монгол хэл дээр хэвлэгдсэн.

Бүх сургалтын хөтөлбөр нь монголын хөрсөнд буусан. Манай улс инженерээ бэлдээд мега төслүүд дээр үндэсний инженерээ ажиллуулах хэрэгтэй. Япон улсад 1000 инженер сураад ирсэн. Тэднийг Косэн дээр ажиллуулж болно шүү дээ. Оюутолгой шиг том төслүүд дээр монгол инженерүүд ажиллах хэрэгтэй. Монгол улс их бүтээн байгуулалт хийх гэж буй энэ цаг үед инженерүүд бэлтгэх зайлшгүй шаардлагатай. Энэ бүтээн байгуулалтад монгол инженерүүд гар бие оролцож суралцаж, чадваржих ёстой.

Та Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй  танилцах, хэрэгжилтийг хангах, багшийн хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн ахалж ажиллаж байна. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй хэрхэн танилцаж байна вэ?

Боловсролын ерөнхий хууль батлагдаж хэрэгжиж эхлээд дөнгөж жил гаруй болж байна. УИХ хууль тогтоох үйл ажиллагаанаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн чиг үүргээ биелүүлэх ёстой. Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтэд тулгамдсан олон асуудал бэрхшээл үүсч байна. Нэн тэргүүнд багш нарын хомсдол салбарын эмгэнэл болсон. Цаашид сургуулийн норм нормативыг мөрдүүлэх, сургууль шинээр байгуулах тохиолдолд багшийн хомсдол улам л нэмэгдэхээр байна. Багшийн нарын хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарын хөгжил, шинэчлэлд ахиц гарах тухай ярих боломжгүй юм. Манай ажлын хэсэг хамгийн олон гишүүнтэй бөгөөд бид багш нарын хомсдолыг арилгах, багшийн үнэлэмжийг сайжруулах чиглэлд илүү анхаарч ажиллана. Санал, дүгнэлтээ хаврын чуулганаар танилцуулах болно.

Хуулийн хэрэгжилттэй танилцаад Боловсролын ерөнхий хуульд өөрчлөх  санал гаргах боломжтой юу?

Хуульд өөрчлөлт оруулах тухай биш, хэрэгжилтийн алдаа, оноог хянах чиглэлээр ажлын хэсэг ажиллана гэдгийг онцолж хэлье. Ажлын хэсэг тулгамдсан асуудлуудыг маш сайн сонсож, бодит нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах чиглэлийг баримтлаж байна. Жишээлбэл,  сум орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн 6, 7 настны сургалтын талаар гишүүдийн гаргасан санал санаачлагыг  багш нар, эцэг, эхчүүдтэй хамтран ярилцахаар төлөвлөж байна. Мөн ажлын хэсэг МУБИС зэрэг багш бэлтгэж буй их, дээд сургуульд дээр очиж, багш бэлтгэх бодлого, хяналтын тоог хэрхэн хангаж буй талаар мэдээлэл сонсож, оюутнуудтай уулзалт хийнэ.

Энэ мэтчилэн боловсролын шат шатны байгууллагад очиж ажиллан бодит шийдэл гаргах нь үр дүнтэй хэмээн үзэж байна. Миний ахалж ажиллаж буй ажлын хэсэгт олон ургалч үзэлтэй 20 гишүүдээс бүрдсэн, манай ажлын хэсгээс салбараа дэмжсэн, засаж сайжруулах шийдэл болохуйц санал, санаачилга гарч цөөнгүй ажил хийгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.