УИХ-ын гишүүн Д.Ганмаа Азийн Номхон далайн сүрьеэ (ТB) парламeнтын бүлгийн өндөр хэмжээний уулзалтад оролцов
2024.11.18

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Азийн Номхон далайн сүрьеэ (ТB) парламeнтын бүлгийн өндөр хэмжээний уулзалтад оролцов

УИХ-ын гишүүн Д.Ганмаа Азийн Номхон далайн сүрьеэ (ТB) парламeнтын бүлгийн өндөр хэмжээний уулзалтад оролцлоо. Тодруулбал, Бали, Индонез улсад болсон уг уулзалтад парламeнтын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагууд, сүрьеэг устгах зорилго бүхий олон улсын байгууллагууд оролцсон юм.

Уулзалтад Монгол Улсаас эрүүл мэндийн мэргэжилтэн судлаачид, ТББ-ын төлөөлөл бүхий нийт найман хүн оролцсон юм.  Дашрамд, манай улс анх удаагаа ийн өргөн бүрэлдэхүүнээр оролцсон юм. Энэ бүс нутаг нь дэлхий дээр сүрьеэгийн өндөр ачаалалтай бүс учраас уулзалтаар сүрьеэгийн эсрэг хамтын ажиллагаа, улс орнуудын оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах чухал асуудлуудыг хэлэлцсэн юм. Тухайлбал, 

  • Сүрьеэгийн талаар улс төрийн үүрэг хариуцлага нэмэгдүүлэх: Уулзалтын үеэр төрийн байгууллагуудын зүгээс сүрьеэг үндсэн асуудал болгон авч үзэхийг ахиулж, сүрьеэгийн эсрэг цогц хариу арга хэмжээ авах.
  • Санхүүжилт нэмэгдүүлэх амлалт: Хөгжиж буй орнуудад сүрьеэгийн хөтөлбөрүүдэд санхүүжилт нэмэгдүүлэх тухай амлалт гаргасан бөгөөд олон улсын санхүүжилтүүдийг зөв зохицуулах.
  • Бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх: Азийн Номхон далайн орнууд сүрьеэгийн хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, туршлага солилцох зэрэгт анхаарах.
  • Сүрьеэтэй тэмцэхэд амжилт гаргахын тулд эмзэг бүлгүүдийг онцгойлон дэмжих. Сүрьеэтэй холбоотой стигмийг бууруулах, олон нийтэд ойлголт түгээх, хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай.
  • Шинэ оношилгооны арга: Хурдан оношилгооны шинэ арга технологиос, тухайлбал GeneXpert болон Loop-mediated Isothermal Amplification (LAMP)-ын ашиглалтыг нэмэгдүүлэх.
  • Эмчилгээний үр дүн: Сүрьеэгийн эсрэг шинэ эмүүдийг, ялангуяа бедакилин болон деламанид эмүүдийг илүү олон хүн хүртэх боломжтой болгох.
Бали дахь 2024 оны Азийн Номхон далайн сүрьеэ бүлгийн уулзалт нь бүс нутгийн сүрьеэг устгах хүчин чармайлтыг улам хурдасгах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, инновацын шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Уулзалтаар улс төрийн уриалга, санхүүжилт, технологийн шинэчлэл, нийгэмд зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарлаа хандуулсан бөгөөд сүрьеэг 2035 он гэхэд устгах зорилгодоо хүрэхийн тулд Азийн орнууд илүү нягт хамтран ажиллахаа амласан юм.