2024.10.07

Н.Учрал: Үндэсний баялгийн сан бол монголчуудын баялагтаа эзэн болох цор ганц арга зам

Ард түмэнд хэрхэн байгалийн баялгийн үр өгөөжийг хүртээх талаар өнгөрсөн парламентаар баталсан Үндэсний баялгийн сангийн хуулиар тодорхой болсон.Тиймээс энэ хуулийн дагуу Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасны дагуу стратегийн ордуудаас иргэн бүрд үр өгөөжийг нь хүртээхээр ажиллаж байна.

Манай улсын эдийн засаг сүүлийн 30 жилд 13 дахин томорсон хэдий ч тэрхүү өсөлт нь ард иргэдийн амьдралд мэдэгдэхгүй байгаа нь бид тэрхүү эдийн засгийн урсгалыг гольдролоор нь явуулж чадаагүй, зөв зүйтэй аж үйлдвэрийн болон уул уурхайн эко системийг бүрдүүлж чадаагүйтэй шууд холбоотой.Тиймээс Засгийн газраас төрийн өмчит компаниудын цогц өөрчлөлт шинэчлэлийн цар хүрээг өргөжүүлж, “Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх” реформыг зарласан. Энэ нь Үндэсний баялгийн сангаар дамжуулан өнгөрсөн хугацаанд гээгдүүлж орхигдуулсан олон алдаа завхралыг арилгаж, Монгол Улс иргэддээ байгалийн баялгийн үр өгөөжийг бодитоор хүртээх, баялагтаа эзэн байх боломжийг хангах бүрэн цогц шийдэл юм.

Үндэсний баялгийн сан бол иргэн бүрдээ мөнгө тараах тухай ойлголт огт биш. Чанартай боловсрол, Чанартай эрүүл мэндийн үйлчилгээ, Ая тухтай орон сууцанд амьдрах үндсэн гурван зорилтыг дэвшүүлж, энэхүү зорилтоо бид “Үндэсний баялгийн сан”-гаараа дамжуулан, уул уурхайн баялгаасаа бий болгох учиртай. Үндэсний баялгийн санд Хуримтлалын сан, Ирээдүйн өв сан, Тогтвортой хөгжлийн сан гэсэн гурван сан бий. Бид Ирээдүйн өв сангаас гадна, энэ хуримтлалын санд ноогдол ашгийг хуримтлуулснаар дээр дурдсан эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулах хуримтлал ард түмний хуримтлалын дансанд хуримлагдана.

Улмаар Монгол банкин дээр ХНХЯ, Сангийн яамтай нэгдээд иргэдийн хуримтлалын дансыг үүсгэж байна. Иргэд яг Норвеги улс шиг хуримтлалын данстай болох боломжтой. Ямар стратегийн ордоос надад хэдэн хувийн ноогдол ашиг ирсэн байна гэдгийг гар утсаараа E-Mongolia аппликэйшнаас хардаг ийм нийгмийн бүтээхээр зорьж ажиллаж байна. Өмнө ард түмэн байгалийн баялгийнхаа хувь ашгийг хэрхэн хүртэх арга зам нь тодорхойгүй бэрхшээлтэй байсан. Харин одоо арга зам нь тодорхой болсон.Газар, түүний хэвлий дэх баялаг ард түмний мэдэлд байна гэсэн Монгол улсын Үндсэн хуулийн зарчмыг бодитоор хэрэгжүүлэхээр Засгийн газар зорьж ажиллаж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn