ЗҮРХНИЙ ТИТЭМ СУДАСНЫ ХҮНД ХЭЛБЭРИЙН НАРИЙСАЛ, СУДАСНЫ ДИСПЛАЗИЙН ЭМЧИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО НУТАГШУУЛНА
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан өнгөрсөн баасан гарагт Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилчидтай уулзалт хийж, баримталж буй бодлого чиглэлээ танилцуулахын зэрэгцээ зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
Мөн Монгол Улсад эмчлэгддэггүй зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээг эх орондоо нутагшуулахаар БНХАУ-ыг зорих гэж буй тус эмнэлгийн эмч нарын багийг хүлээн авч уулзав. Сайд Т.Мөнхсайхан уулзалтын үеэр эмч нарт амжилт хүсээд суралцаад ирэхэд нь ажиллах нөхцөлийг нь бүрэн бүрдүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж ажиллахаа мэдэгдлээ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ төлөвлөгдсөн. Тодруулбал хөтөлбөрийн 2.3.4.1-д "Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийг оношлох, эмчлэх зорилгоор шинэ, дэвшилтэт технологи, арга, аргачлал нэвтрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, гадаадын ур чадвар бүхий мэргэжлийн багийг эх орондоо урьж, туршлага солилцуулах арга хэмжээг хэрэгжүүлнэ" гэж тусгагдсан.
Үүний хүрээнд тус эмнэлгийн таван хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг “Зүрхний титэм судасны хүнд хэлбэрийн нарийсал, судасны дисплази эмчилгээ”-г Монгол Улсад нутагшуулах зорилгоор БНХАУ-ын Шанхай хотыг зорих гэж байгаа юм.
Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй өвчний жагсаалтад “Зүрхний титэм судасны хүнд зэргийн нарийсал, судасны дисплази эмчилгээ” багтсан. Нийт титэм судасны дисплази эмчилгээнд орж буй өвчтөнүүдийн 20 хувь нь дундаас хүнд зэргийн титэм судасны шохойжилт оношлогддог.
Тухайлбал 2023 онд УХТЭ-д нийт 800 орчим титэм судсан дотуурх оношилгоо хийгдэхэд 85 орчим титэм судасны архаг бөглөрөл (CTO) оношлогдож байжээ.
Ази тивд титэм судсан дотуурх оношилгоо, эмчилгээ, судсан дотуурх дүрс оношилгооны чадамжаар Япон улс, БНСУ болон Тайвань улс тэргүүлдэг. Хүнд зэргийн титэм судсан дотуурх эмчилгээ эдгээр улсуудад дунджаар 20-30 мянган ам долларын үнэтэй байдаг аж.
- Иймд дээрх дэвшилтэт технологийг нэвтрүүлсэнээр Титэм судасны дисплази эмчилгээг олон улсын стандартын дагуу хийж гүйцэтгэх, хүндрэл болон нас баралтыг бууруулах,
- Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй титэм судасны хүнд зэргийн нарийслыг эмчлэх, гадаад улс руу эмчилгээний шаардлагаар зорих урсгалыг багасгах,
Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний үеийн зүрхний титэм судасны өвчний чанар үйлчилгээг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм.