Хувь хүний хөгжлөөр улс орны хөгжил тодорхойлогдоно
Монгол Улсын Филармони хэмээх их айл манайдаа цорын ганц мэргэжлийн хөгжмийн хүрээлэн юм. Энэхүү хөгжмийн урлагийн төв байгууллага үүсэж хөгжөөд, бүтээн туурвисаар өдгөө хагас зуун жилийг үдлээ. ТШ, АЖ Ц.Намсрайжав, УГЗ Г.Бирваа тэргүүтэй алдартан, ахмадуудын маань шавыг нь тавьж, галыг нь ноцоосон яруу тунгалаг "Симфони найрал хөгжим" өргөжин тэлж, өнгөжин жавхаажсаар байна. Одоо бид дэлхийн сонгодог Симфони оркестрын бүрэлдэхүүн, Монгол Улсын Төрийн шагналт, орчин цагийн сонгодог буюу жазз стандартын хамгийн том бүрэлдэхүүн “Баян Монгол” чуулгаар хүчээ зузаатгаж улмаар дэлхийд данстай, Тэргүүн зэргийн “Чингис Хаан” одонт, Соёлын элч, Үндэсний сонгодог "Морин хуурын чуулга" хөг түрлэг нэмсээр гурван бүрэлдэхүүнтэй томоохон байгууллага болон төлөвшин, хөгжиж ирлээ.
Бид түүхийн гурван цагийн өрнөлд сонгодог урлагаар дамжуулан иргэдийнхээ боловсрол, ирээдүйн хөгжил төлөвшил, оюун ухаан, ёс суртахуунд хөрөнгө оруулан хөгжлийн сайн жишгийг харуулан урагшилж байна.
Миний хувьд 1999 онд тухайн үеийн Сонгодог урлагийн академик театрт найрал дуучнаар орж, мэргэжлийн урлагт хөл тавьсан түүхтэй. Улмаар 2005 онд Улсын филармонид гоцлол дуучнаар орж, үүнээс хойш тасралтгүй, тогтвортой ажиллаж, гоцлол дуучин, хөтлөгч, дуу ангийн дарга, захиргаа уран сайхны зөвлөлийн гишүүн зэрэг албан тушаалд шат, шатандаа мерит зарчмаар ажиллаж, 2019 онд Улсын филармони захирлаар томилогдон, ажиллаж өнөөдрийг хүрлээ.
Манай хамт олон төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлж, төр түмэн, үзэгч сонсогчид, эх орондоо болон, хилийн чанадад буй гадаад, дотоодынхонд хөгжмийн урлагаар үйлчилж, хөгжмийн урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой, уламжлал шинэчлэлийг хослуулж, ёс зүйг баримтлан хүн бүрд хүрч үйлчлэхийн төлөө ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд бид байгууллагынхаа соёл тал дээрээ анхаарч, хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө батлуулж, үүнийгээ мөрдөн ажиллаад энэ онд дуусаж байна. Ирэх жилээс стратеги, төлөвлөгөөний дараагийн ажилдаа орно. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон Соёлын яамнаас барьж буй өргөн, далайцтай бодлого, батлагдсан шинэ хуулийн хүрээнд соёлын салбарт өмнө нь байгаагүй хөрөнгө оруулалт хийгдлээ.
Үүний үр дүнд гадаад, дотоодын хамтын ажиллагаа болон бусад олон ажилд эерэг өөрчлөлт гарлаа. Тухайлбал, “Морин хуурын чуулга”, Баянмонгол” чуулга маань дэлхийн олон орны том тайзнаа өв соёл, уламжлалаа сурталчлан таниулсан тоглолтуудыг хийлээ. Мэдээж энэ амжилттай зэрэгцэн, бидний амжихгүй, чадахгүй байгаа саар ажил ч бий. Гэхдээ хувь хүн, удирдах ажилтан, төрийн албан хаагч хэнч бай тухайн цаг хугацаандаа хуулийн хүрээнд, иргэн хүний хувьд өөрийнхөө үүргийг сайн гүйцэтгэж, түүнийгээ биелүүлж чадах хэрэгтэй. Энэ бол хөгжлийн суурь гэж хардаг.
Манай байгууллагын хувьд ч хүн бүр оногдсон ажлаа хариуцлагатай хийхээр хичээж байна. Энэ нь өөрөө амжилтын түлхүүр, гол үзүүлэлт юм. Тухайлбал манайх нэг жилд 30 орчим төлөвлөгөөтэй, 100 гаруй захиалгат тоглолттой байдаг. Энэ их ажлын хажуугаар бид “ХӨГЖМИЙГ ХҮН БҮРД” төслийг 2021 оноос санаачлан хэрэгжүүлээд дөрвөн жил болоо. Өнгөрсөн жилүүдэд нийт 87 мянга гаруй үзэгчдэд хүрч, үнэ төлбөргүй үйлчиллээ. Энэ нь хөгжмийн урлагаар дамжуулан нийгмийн сэтэл зүйд эергээр нөлөөлж, иргэдээ соён гэгээрүүлж, ирээдүйн үзэгчдээ бэлтгэж байгаа юм.
Бид хөгжлийг зөвхөн эдийн засгийн үзүүлэлт, ажилгүйдэл, ядуурлаар хэмжиж, үүгээр хязгаарлаж болохгүй. Тухайн улс орны хөгжил хувь хүнээс эхэлдэг, эх хэл, соёл, сэтгэлгээний дархлаатай байх ёстой. Энэ үнэ цэний төлөө урлагт хөл тавьснаас хойш 25 жил вагоны хос төмөр зам шиг нэг талд нь уран бүтээлээ, нөгөө талд нь хувь хүн талаасаа ажиллаж, хөдөлмөрлөж байна. Миний хувьд 2005 оноос эхлэн “Урлагаар дамжуулж, нийгмийн сэтгэл зүйд эергээр нөлөөлнө” гэсэн уриатай “ШИНЭ УРЛАГ” ТББ-ыг байгуулж байгуулж, 10 гаруй жил ажилласан. Мөн нийгмийн сайн, сайхны төлөө тодорхой зорилтот бүлэг рүү хандаж, хөгжлийн, хүмүүнлэгийн 10 гаруй байгууллагын үүсгэн байгуулагч, тэргүүн, удирдах зөвлөлийн болон идэвхтэй гишүүн, зөвлөхөөр ажилладаг.
Энэ нийгмийн амьд эс нь байж, хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулах сэтгэлээр миний хувьд өөрийн цаг зав, мэдлэг, туршлага, сэтгэл зүрхээ ийнхүү зориулсаар, зүтгэж ирсэн юм.Цаашдаа ч энэ үнэ цэнээ баримтлан ажиллана.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn