МОНГОЛЫН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВИЙГ НЭЭЛЭЭ
2024.08.08

МОНГОЛЫН ДАЛД УУРХАЙН МУЗЕЙ, СУРГАЛТ СУДАЛГАА, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Хэнтий аймгийн Бэрх хотын нутагт орших Бэрхийн хаагдсан далд уурхайг түшиглэн байгуулсан “Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв”-ийн нээлт /2024.08.08/ боллоо.

Тус төвийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал Г.Ёндон, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Монголросцвентмент” ТӨҮГ-ын захирал Б.Мөнхбат, “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрийн захирал Б.Магсаржав тэргүүтэй уул уурхай болон орон нутгийн төлөөлөл оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгон үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, Монгол Улсын анхны металлургын уурхай, уул уурхайн салбарын анхдагч гүний уурхай гэгдэх "Бэрхийн уурхай" ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулан Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулсаны 70 жилийн ой тохиож буйг онцлон тэмдэглэж, их эзэн Чингис хааны өлгийг аялал жуулчлал, уул уурхайн тогтвортой бүс болгон хөгжүүлэх бүтээн байгуулалт бий болсныг онцлон тэмдэглэв.

"Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” нь уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн жишиг болох хаагдсан уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулж, уурхай дагасан хот тосгоны иргэдэд ажлын байр бий болгох, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, Монгол Улсын эдийн засагт томоохон ач холбогдол бүхий уул уурхайн салбарын талаарх ойлголт, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, энэ чиглэлийн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох зэрэгт өндөр ач холбогдолтойг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тодотгосон юм.

Тус музейг Бэрхийн уурхайн уулын цехэд нэвтрэх босоо амыг ашиглан, далд уурхайн малталтын аргуудыг хэрэглэн газрын гадаргаас доош -45 гүнд байгуулж, уурхайн тээврийн түүхийг харуулсан хэсэг, уурхайчдын амрах байр, сургалтын танхим, Очир­ваань бурханы танхим, Монголын үйлдвэрлэлийн түүх болон уул уурхайн үүсэл хөгжлийн танхим, Бэрхийн уурхайн түүхийн танхим, “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэрэмжит танхим, “Монголросцветмет” ТӨҮГ-ын түүхийн танхим, “Оюутолгой”-н уурхай түүхийн танхим, Уурхайчин цайны газар, Уулзалтын өрөө, Хүлээн авалтын танхим, VR тоглоомын өрөө, Айдсын өрөө, Усан хүрхрээ зэргийг цогцлоожээ. Энэхүү төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг 2020 онд батлуулж, барилга, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн юм.

“Монголын далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв” төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулж улсын төсвөөс 5.96 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдаж, Монголросцветмент, Эрдэнэт ТӨҮГ, Эрдэнэс Тавантолгой ХК-иудын хандиваар дэд бүтэц, гадна, дотно талбай тохижуулалтын ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд төсөл нь газрын дээр болон газрын доорх бүтээн байгуулалт гэсэн хоёр хэсгээс бүрдэж байна.

Ташрамд дурдахад, Бэрхийн уурхай нь 1954 оноос Бэрх орд буюу уулын цехийг түшиглэн үйл ажиллагаагаа эхлүүлж, 68 жилийн турш хориод салбар уурхайтайгаар хайлуур жонш олборлон экспортолж, оргил үедээ Монгол Улсын төсвийн 25-30 хувийг бие даан бүрдүүлж байсан түүхтэй уурхай юм. 1971 онд тус уурхай нь социалист хөдөлмөрийн гавшгайч уурхай болж, “Алтан гадас” одонгоор шагнагдаж байжээ.