СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭД 10-Р САРААС ШИНЭ АМБУЛАТОРИОР ҮЙЛЧЛҮҮЛНЭ
Сүхбаатар дүүргийн 3-р хороонд Эрүүл мэндийн төвийн харьяа шинээр баригдаж буй Амбулаторийн барилгын гүйцэтгэлтэй Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон холбогдох албаныхантай танилцлаа.
Улсын төсвийн 2,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд баригдаж эхэлсэн тус барилгын ажил цар тахлын үеийн хүндрэл, хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдэн 4 жил үргэлжилж, өнөөдрийн байдлаар 85 хувийн гүйцэтгэлтэй байна. Санхүүжилт гацан барилгын ажил дуусахгүй саатсан байсныг ирэх оны төсвөөр шийдүүлж ажиллахаар болов.
Барилгын ажлыг гүйцэтгэгч “Кенжикү” ХХК-ийн удирдлагууд энэ оны 10-р сараас өмнө барилгын ажлыг бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэв.
Амбулатори ашиглалтад орсноор Сүхбаатар дүүргийн иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй, хурдан, шуурхай авах нөхцөл нэг шатаар ахина. Энэ мэтчилэн эрүүл мэндийн салбарын дутуу орхигдсон, гацсан барилгын ажлуудыг дуусгах тал дээр Т.Мөнхсайхан сайдын хамт анхаарч ажиллана.