Эрчүүд давамгайлсан улс төрийн ертөнцөд тууштай ажиллаж, төрийн шийдлийг тэнцвэржүүлнэ
Лутаагийн Энхнасан УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтаар #2 нэр дэвшигч
2024.06.25

Эрчүүд давамгайлсан улс төрийн ертөнцөд тууштай ажиллаж, төрийн шийдлийг тэнцвэржүүлнэ

УИХ-ын сонгуульд ХҮН намын жагсаалтаар #2 нэр дэвшигч Лутаагийн Энхнасанг танилцуулж байна. 

Ажил эрхэлсэн салбартаа хэдийн амжилт гаргасан ч улс төрд шинэ, нийгэмд төдийлөн танил биш олон эмэгтэйчүүдийн нэг болох ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхнасан. 

Монголын анхны генералуудын нэг, хурандаа генерал С.Равдангийн ач охин, ХХ зууны манлай “Тунгалаг тамир” романы зохиолч Ч.Лодойдамба, Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн нарын зээ охин тэрээр 2000-2010 оны хооронд одоогийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газарт бодлого хариуцсан мэргэжилтнээс орлогч дарга хүртэл дэвшин ажиллажээ. Үүний дараа 2010 оноос эхлэн “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирлын албыг хашиж буй бөгөөд тус компани нь та бидний сайн мэдэх TEDY төвийг Мобиком корпорацтай хамтран үүсгэн байгуулсан. 

Л.Энхнасан

“Тахько” ХК нь үл хөдлөхийн түрээс, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, хөрөнгө оруулалт чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор Мобиком, Скайтел, Ньюком проперти компаниудад үл хөдлөхөө түрээслэн ажиллаж байна. 

Түүний хувьд компанийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаас гадна 2016 онд байгуулагдсан өвөөгийнхөө нэрэмжит “Лодойдамба” сангийн Гүйцэтгэх захирлаар ажилладгийн сацуу “Ид шидийн орон”-той хамтран явуулж буй контейнер бүхий MagicBox номын сангийн төслийн гишүүн зэрэг бизнес, олон нийтийн ажилд манлайлан оролцдог нэгэн юм. 

Түүний аав Р.Лутаа нь Оёдлын үйлдвэрийн нэгдэлд инженер, ерөнхий инженер, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1992 онд хувьчлагдсаны дараа “Тахько” ХК-ийн Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар ажиллаж байв. Харин ээж Л.Насанбуян нь эдийн засагч мэргэжлээрээ гадаад худалдааны салбарт бүх насаараа хүчин зүтгэсэн төрийн албан хаагч байлаа. Аав ээж хоёулаа ажил ихтэй, завгүй учраас тэрээр ээжийн талын эмээ Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн дээр өсөж торнисон. 

Эмээгээ дагаад театр, дэлгүүр гээд ер нь хаа сайгүй явдаг байсандаа ч тэр үү багаасаа л бүх зүйлд “нүд тавьсан” охин байв. Эмээг танихгүй хүн ч гэж үгүй. Гудамжинд хэн нэгэнтэй дотночлон удаан гэгч ярилцсаны дараа “Эмээ энэ хүн хэн бэ” гэж асуухад “Мэдэхгүй, хүү минь” гэдэгсэн. Урлагийн буянаар түмэнд хайрлагдсан эмээ минь хүн бүрд урам өгч, тусалж дэмжих ёстой гэдэгт итгэл дүүрэн амьдардаг хүн байсан нь өнөө үр хойчид нь уламжлан Энхнасанг бусдад ач харахгүй туслах, хийж бүтээж өгөх сэтгэлийг өвлүүлжээ. 

Л.Энхнасан 1990 онд Орос гуравдугаар дунд сургуулийг дүүргэж, төгссөн даруйдаа ажлын гараагаа Itochu корпорацын Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраас эхэлж байв. Ажиллахын сацуу МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд суралцаж байгаад Японы Засгийн газрын тэтгэлгээр Сундай коллежид аялал жуулчлалын мэргэжлээр боловсрол эзэмших боломж тохиосон билээ.

2000 онд эх орондоо эргэн ирсний дараа Дэд бүтцийн яаманд мэргэжилтнээр ажилд орж, аялал жуулчлалын шинэхэн салбарынхаа хөгжлийн эхэн үеэс гар бие оролцон ажилласан. Монгол Улсыг гадаад оронд сурталчлах Visit Mongolia, Inspiring Mongolia гэх арга хэмжээнүүдийг цоо шинэ арга барилаар зохион байгуулж, зочид буудал, жуулчны баазуудын олон улсын стандартуудыг боловсруулан хэрэгжүүлэх гэх мэт чадварлаг хамт олонтойгоо олон сайхан ажлыг гүйцэтгэж байжээ.

2007 онд Австралийн засгийн газрын тэтгэлгээр Монашийн Их сургуульд олон улсын аялал жуулчлалын магистр хамгаалж ирээд Зам тээвэр, аялал жуулчлалын яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яаманд Аялал жуулчлалын газрын орлогч дарга болж, дэвшин ажилласан. 

Тэрээр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ХҮН намын жагсаалтын #2 нэр дэвшиж байна. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn