2024.06.10
1336 нэр дэвшигч 126 суудлын төлөө өрсөлдөнө
Ес дэх удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр албан ёсоор тодорч, 17 хоногийн турш үргэлжлэх сурталчилгаагаа эхлүүллээ. Энэ удаагийн сонгууль анх удаа 126 гишүүнийг сонгоно гэдгээрээ онцлогтой. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ 126 гишүүнтэй болж, 78-ыг нь тойргоос, 48-ыг нь жагсаалтаас сонгохоор болсон юм. Тойргоос сонгогдох 78 гишүүний 54-ыг нь орон нутгаас 24-ийг нь нийслэл Улаанбаатар хотоос сонгоно.
Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа нь хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцож буй тохиолдол болж байна. Үүнээс өмнө 2008 онд 18 нам, нэг эвсэл оролцож байлаа. Суудлын тоог 126 болгон нэмсэн учраас нэр дэвшигчдийн тоо өмнөх сонгуулиас хоёр дахин нэмэгдээд байна.
2020 оны сонгуульд хамгийн их буюу 606 нэр дэвшигч оролцож байлаа. Харин энэ удаагийн сонгуульд 1336 нэр дэвшигч 126 суудлын төлөө өрсөлдөж байна. Суудлын тоо нэмэгдсэнээс гадна сонгуульд оролцож буй нам, эвсэл тойргийн 78 мандатын 50-иас дээш хувьд нь нэр дэвшүүлсэн тохиолдолд жагсаалтаас суудал авах эрхтэй байхаар хуульчилсан нь нэр дэвшигчдийн тоо их байхад нөлөөлж байгаа юм.
Бие даан нэр дэвшигчдийн тухайд 42 хүн өрсөлдөж байна. 2020 оны сонгуулиар хамгийн олон буюу 121 бие даагч өрсөлдөж байлаа. Сонгогч оршин суугаа тойргийнхоо мандатын тоотой тэнцүү хэмжээний нэр дэвшигчийг сонгохоос гадна аль нэг нам, эвсэлд давхар саналаа өгнө.
Энэ удаагийн сонгуулийг холимог системээр зохион байгуулж байгаатай холбоотойгоор гадаадад байгаа иргэдийн саналыг энэ сарын 20-23-нд авах юм. Харин сурталчилгаа Сонгуулийн санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу (2024.06.26-нд) зогсооно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn