ЖДҮ-ийн хөгжлийн гацаа нь татварын ялгавартай бодлого
Миний хувьд Япон Улсад долоон жил ажиллаж амьдарсан, 2010 онд эх орондоо ирээд, үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.Өдөр тутмын хувцасны брэнд “БЛҮ КЛОТИНГ СТУДИО” ХХК-ийг 2016 оноос хойш удирдан ажиллуулж, өнөөдрийг хүрлээ.
Манай компани Европ хувцсыг дотооддоо нэмүү өртөг шингээж, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго, алсын хараатай ажилладаг. Бид зах зээлд трендээс санаа авч загвар бүтээгдэхүүнийг бий болгох хэрэглэгчид хүрэх бүх дамжлагыг гүйцэтгэдэг. Оёдолоо гэрээт үйлдвэрийн газрууд, бүтэн цагаар ажиллах боломжгүй эмэгтэйчүүдийг дэмжиж, хамтран ажилладаг. Тухайлбал өрх толгойлсон болон гэртээ хүүхдээ харж буй 20 гаруй эмэгтэйчүүд манай бүтээгдэхүүнийг гэртээ оёод, бидэнд хүлээлгэж өгдөг. Манайх үйлдвэрлэгч компани биш “idea” буюу шинэ санаа зардаг компани. Манай брэндийн хувьд ямар ч насны, ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэг хүн өдөр тутамдаа өмсөх боломжтой тав тухтай мэдрэмж төрүүлэх хувцсыг үйлдвэрлэн боломжийн үнээр зах зээлд санал болгодог.
Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт хөлс хүч, оюун бодлоо уралдуулан ажилладаг цөөнгүй компани нэг нь манайх. Энэ салбарт шийдлээ хүлээж буй асуудлууд олон бий. Тодруулбал, манай улсад хийгдэж буй ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний түүхий эд, чанар зэргийг хянаж болдог. Харин оёмол бүтээгдэхүүний хувьд гаднаас импортоор оруулж ирдэг хөвөн даавуу, дахин боловсруулсан материалыг голлон хэргэлдэг учраас бүтээгдэхүүнийхээ түүхий эдийн чанарыг нь хянах боломж байдаггүй. Энэ бол нэг том асуудал.
Түүнчлэн хуулийн этгээдэд ялгавартай ханддаг татварын бодлогыг өөрчилж, өргөн хүрээнд шийдэх ёстой. Тухайлбал НӨАТ-гүй , НӨАТ-тай, Хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж хуваадаг. Гэтэл манайх шиг “азгүй салбарыг сонгосон хүмүүс” НӨАТ-өөс чөлөөлөгдсөн болон хувь хүнээс ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдан аваад орлогоос гадна зардалд татвар төлж, дарамтад ордог. ЖДҮ хөгжихгүй байгаа нэг том шалтгаан нь энэ. Уг нь татварын байцаагч нар бидэнтэй биш регистрийн дугаартай баримт бичээд өгсөн хүнтэй учраа олох ёстой.
Үүний шийдэл нь татвар буулгах биш, худалдаа эрхэлж буй бүх хүнээс яг адилхан татвар авдаг системийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ай-тигийн компанитай хамтарч бүтээгдэхүүн гаргахад нөгөө компани Стартап учир НӨАТ-гүй, манайх технологийн бус гэдгээрээ НӨАТ-тай гэсэн ялгаа үүсдэг. Уг нь энэ 2 компани хоёулаа Стартап адилхан гараанаас эхлэж байгаа боловч нэг талд нь давуу талтай болдог. Энэ ялгавартай байдал нь “АЗГҮЙ САЛБАРТ” хөгжих боломж алга гэсэн харуусал төрүүлж байна.
Японд Улсад тухайн улсын газар нутаг дээр ямар нэгэн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бүгд хуулийн этгээд байна гэсэн хуулийн заалттай. Энэ хүрээнд бүх асуудал нь жигдэрсэн. НӨАТ-ын хөнгөлөлттэй компаниуд эхлээд татвараа улсдаа тушаагаад, дараа нь буцаагаад авдаг систем монголд бүрдүүлэх хэрэгтэй. Энэ системийг манай улсын татварын системд нэвтрүүлж чадвал, бүх салбар жигд хөгжинө.
Бизнес хийж буй хүмүүст гаалийн жишиг үнийн асуудал маш их чөдөр, тушаа болдог. Жишээ нь гадаадаас ярьж хөөрөөд 1 метр даавуу 20,000 ₮-өөр хямдруулж авч, баримт бичүүлээд ирэхэд, гаалийн байцаагчид үүнийг зах зээлийн ханш биш гэж үзээд, интернетэд зарагддаг үнээр үнийн бичиж, татвар өндөр авахаар болдог. Үүнээс болж нөгөө яръя, хөөрье гэдэг асуудал үүсэж, авлига гардаг нь нууц биш. Энэ нь дотоодод үйлдвэрлэж буй юмны үнийг хөөргөх шалтгаан болдог. Уг нь энэ асуудлыг бусад улс орнуудын жишгээр гадаад улс руу мөнгөн гуйвуулга хийх боломж нээгдсэн орчин цагт тухайн бүтээгдэхүүний зарлагийн баримт, шилжүүлсэн мөнгөн дүн 2 нийлж байхад шийдээд явах бүрэн боломжтой. Үр дүнд нь авлига буурч,бизнес эрхэлж буй хүмүүс зардлаа үнэн, зөвөөр бүртгүүлж алдагдал нь багасна.
Дараагийн нэг асуудал нь манай улсад ямар нэгэн бизнесийн салбарт хүч сорих гэж буй хүмүүст зориулсан судлах, үзэж харах гарын материал, үнэн, зөв статистикийн судалгаа, мэдээлэл байхгүйн улмаас хүмүүс тухайн бизнест харанхуй орж, шатаад гардаг. Манай салбарт ч энэ ажиглагддаг.
Хувцасны зах зээлд шинээр орох гэж буй залуустаа хандаж монголын зах зээл дээр гаргаж буй шинэ бүтээгдэхүүнийг эрээ, цээргүй битгий хуулаарай гэж захья.
Харин зах зээлд тодорхой шалгуурыг давтал гадны бүтээгдэхүүнээс хуулбарлаж, суралцаж, туршлагаждаг цаг хугацаа аль ч улсад байдаг, энэ жишгийг дагахад буруудахгүй. Бид ч гадны бүтээлээс санаа авч, өөрсдийн санаагаа нэмж, баяжуулаад Брэнд үүсгээд явж байна. Монголчууд бид нийт хэрэглээнийхээ 70-80 хувийг гаднаас авч байна. Үнэнийг хэлэхэд бусдыг царай алдан ингэж амьдармааргүй байна. Үйлдвэрлэлийн салбарт залуучууд орж ирж, хөгжүүлэх хэрэгтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn