НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёотой санал солилцов
2024.05.08

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёотой санал солилцов

ХЭҮК-ын гишүүн С.Дондов, Ж.Хунан нар НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёо, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газрын Хүний эрхийн зөвлөх Ч.Алтангэрэл нарыг өнөөдөр /2024.05.08/ хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийн ойд зориулсан “Хүний эрх-75” дээд, өндөр түвшний арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Женев хотноо зохион байгуулагдсан.

Дэлхийн 130 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, хүний эрхийн үндэсний байгууллага болон бусад өндөр түвшний зочид оролцсон тус хурлын үеэр улс орнууд хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлэх сайн дурын үүрэг, амлалтаа танилцуулсан юм.

Монгол Улсын зүгээс Жендерийн тэгш байдлыг хангах нийтлэг зорилтын хүрээнд эрэгтэйчүүд, хөвгүүдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэсэн чиглэсэн “SHE for HE” санаачилгыг хэрэгжүүлэх. Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төвийг Улаанбаатар хотод байгуулах "Хүний эрхийн хангах үндэсний хөтөлбөр-2"-ийг , Монгол Улсын Засгийн газар шинэчилж, батлуулах амлалт өгсөн.

НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын албаны Монгол Улсыг хариуцсан ажилтан Себастьен Гиёотой хийсэн тус уулзалтаар Хүний эрхийн Дээд Комиссар Волкер Түркийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр хамтран зохион байгуулах үйл ажиллагаа, НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах ажлын явц, Комиссын Хүний эрх хамгаалагч болон Хувийн мэдээлэл хамгаалах, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, “Зүүн Хойд Азийн бүсийн Бизнес ба хүний эрх” семинарт Комиссын оролцоо, дэмжлэг зэрэг асуудлаар харилцан мэдээлэл хуваалцаж, санал солилцлоо.

Ноён Себастьен Гиёо НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Волкер Түрк Монгол Улсад албан ёсны айлчлал хийх ажлын төлөвлөгөө, явцын талаар танилцуулж, тус айлчлалд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын газраас ихээхэн ач холбогдол өгч байгааг дурдлаа.

Түүнчлэн Дээд Комиссарын албанаас хүний эрхийн тогтвортой хөгжлийн баримт бичгийн хүрээн дэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол Улс дахь төлөөллийн цар хүрээг нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг цохон тэмдэглэв.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан