2024.03.18
АРДЧИЛСАН ИНСТИТУТ, ХҮНИЙ ЭРХИЙН ГАЗРЫН ЗӨВЛӨХҮҮДТЭЙ УУЛЗАВ
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өнөөдөр (2024.03.12) хүлээн авч уулзлаа.
Сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчин зэрэг асуудлаар мэдээлэл авч, санал солилцохоор Ардчилсан институт, хүний эрхийн газрын төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байгаа аж. Уулзалтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн онцлох зохицуулалт, холбогдох дүрэм, журам болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явц, тусгай хэрэгцээт иргэдийн эрхийг хангах, нээлттэй ил тод байдлыг дээшлүүлэх, сонгуулийн боловсрол олгох олон талт ажлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас дэлгэрэнгүй мэдээлэл авав.
Ардчилсан институт, хүний эрхийн газар нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, мэргэжлийн түвшинд, хараат бусаар санал зөвлөмж гаргах, сонгуулийн сайн туршлагыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх зэрэг үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Энэ удаагийн багийн Монгол Улсад ажилласан тайлан, дүгнэлтэд үндэслэн сонгууль ажиглах цар хүрээг тодорхойлж, ажлаа төлөвлөх аж.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn