Сангийн сайдын ахалсан баг Төв аймгийн зарим сумдын малчдын хот руу зам гаргах техник, шатахууны асуудлыг шийдвэрлэлээ
2024.02.22

Сангийн сайдын ахалсан баг Төв аймгийн зарим сумдын малчдын хот руу зам гаргах техник, шатахууны асуудлыг шийдвэрлэлээ

  • Эрдэнэсант
  • Өндөрширээт
  • Лүн
  • Алтанбулаг
  • Бүрэн
  • Баян-Өнжүүл
  • Дэлгэрхаан (харьцангуй хэвийн)

Сумдаас урьдчилж авсан мэдээллийн дагуу өвс тэжээл хивгийг эхний ээлжинд сумын төвүүдэд бүрэн татаж буулгажээ. Одоо хамгийн гол тулгамдсан асуудал бол малчдын хот руу зам гаргах юм. Доороо мөстсөн, хатуурсан хур цасан бүрхүүлийг энгийн том техникээр зам гаргах боломжгүй болжээ. Тиймээс Ковш, Автогрейдерээр зам гаргахаар зохион байгуулалт хийсэн байна. Ингэхдээ эхний суманд буюу Эрдэнэсантад 2 ковш өнөө өглөөнөөс эхлэн бэлэн болж ажилдаа оржээ. 21 хоног ажиллах жолоочийн цалин болон шатахууны зардлыг Б.Жавхлан сайдын зүгээс бүрэн шийдвэрлэсэн байна. Нэг нь Дархан-Уул аймгийн ОБГ-аас тусламжаар ирсэн болно. Дарханчууд хүнд үед нэг бүсийн хөрш аймагтаа дэмжлэг үзүүлж байгаа нь энэ аж. 

Мөн өнөөдрөөс бусад 5 суманд ээлж дараатай ковш, бензиний асуудлууд шийдэгдлээ. Өндөрширээт сум ковшнуудаа өөрсдийн боломжоор шийдсэн байна. Харин шаардлагатай шатахууныг нэмэлтээр шийджээ. Мөн дээрх 6 суманд тус бүр үүсээд байсан бензин шатахууны өрийг өчигдрөөр тасалж бүрэн барагдуулахаар шийдвэрлэлээ.

Ойрын 3-4 долоо хоногийн хугацаанд малчдын хот руу зам гаргах, гарсан замаа манахад зориулж тус бүр 5 тн дизель, АИ92 бензиний эрхийг нээв. Сум бүрт дунджаар 1000-1500 км зам гаргах шаардлага үүсчээ.

Өнгөрсөн 11 дүгээр сарын 4-5-ны өдрүүдэд эхэлсэн бороо, цас, шуурга нь өнөөдрийг хүртэл үргэлжилж, тухайн үед зарим айл өвөлжөөндөө хүрч чадалгүй намаржаандаа цасанд даруулсан. 120 гаруй хоногийн хугацаанд аймгийн болон сумын нөөц хөрөнгүүд үндсэндээ шавхагдаж байна. Иймээс 2023 оны төсвийн давсан орлогыг аймгуудад хуваарилсныг зудын хүндрэлд бүрэн зориулах, 2024 оны бүтэн жилийн нөөц хөрөнгийн хугацааны хуваарилтад өөрчлөлт хийж нааш нь татах шийдвэрүүдийг гаргасан байна.

Түүнчлэн малчид, тариаланчдад олгодог бүх төрлийн урамшууллыг саадгүй, хүнд сурталгүй олгох. Ялангуяа малчдын урамшууллыг шууд аппликейшнээр бөглөж явуулдаг, хялбар болсныг тэдэнд сайн сургалт хийж хэвшүүлэхийг сумдын татвар, төрийн сангийнханд үүрэг болгов.

Малын хорогдол аймгийн хэмжээнд гамшгийн буюу 7-8%, зарим суманд +10% боллоо. Өвөл дуусаагүй, хатуу хавар үргэлжилнэ. Өнгөрсөн хугацаанд, энэ хүнд нөхцөлд, өнөөдрийг хүртэл бүх нөөц бололцоогоо дайчилж ажилласан аймаг сумын онцгой комиссынхон, төрийн албан хаагч нар, тусалж дэмжиж ажилласан нутгийн иргэд ААН-үүдэд талархал илэрхийллээ. Зарим малчин өрхүүд хэд хэдэн малчин өрхүүдэд ажлын байр гаргасан, техник хүн хүч сайтай, өвс тэжээл сайн базаасан, малын бүтэц зөв, бэрхшээлийг сөрөх байнгын бэлтгэл сайтай, сэтгэл зүйн бэлтгэл өндөр, бусдыг гэсэн сэтгэлтэй байгааг Б.Жавхлан сайд онцоллоо.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn