2023.12.28
“GO MONGOLIA” Үндэсний брэндийг танилцууллаа
"Welcome to Mongolia" түлхүүр үг нь “Монгол зочлох” жилийн хүрээнд Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна, эдийн засгийн салбар, мөн нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тодорхойлох шаардлагатай болсон юм.
Иймд 14 сарын туршид Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон Эрдэмтэн судлаачид, Улс төрч, Сэтгүүлч, Соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж, Монгол Улсын ялгарал, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойллоо.
Ингээд Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг бол “GO MONGOLIA” болж, энэ нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг оруулсан юм. Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлж байв. “Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах ба зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм.