БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжюанийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минжюанийг өнөөдөр хүлээн авч уулзах үеэрээ хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдэж, улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгаад талархлаа илэрхийллээ.
“Миний бие энэ оны есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөххотод Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэйтэй уулзалт хийсэн бол аравдугаар сард БНХАУ-ын ТӨЗО-нд зохион байгуулагдсан “Гимлайн олон улсын форум”-д оролцох үеэрээ Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-тай уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр өргөн хүрээнд санал солилцсон.
Шадар сайдын хувьд Улсын Онцгой комисс, гамшгаас хамгаалах асуудал, стандартчилал, хэмжил зүй, Тохирлын үнэлгээний итгэмжлэл, шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, төрийн худалдан авах ажиллагаа, агаарын бохирдолтой тэмцэх зэрэг салбарыг хариуцан ажилладаг. Энэ хүрээнд холбогдох чиглэлээр Хятадын ижил чиг үүрэгтэй байгууллагуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх хүсэлтэй байна. Онцгой байдлын ерөнхий газар Хятадын Онцгой байдлын удирдлагын яамтай нягт хамтран ажиллаж байна” хэмээгээд цаашид Стандарт хэмжил зүйн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо.
Мөн Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөө, “Шинэ сэргэлтийн бодлого” зэрэг хөгжлийн стратегиа БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, “Бүс ба Зам” болон “Хэтийн зорилго 2035”-тай уялдуулан боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил зэрэг чиглэлээр тодорхой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Ялангуяа хөрөнгө оруулалт татах, туршлага судлах, дэвшилтэд техник, технологийг авч нутагшуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Минжюань уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, төрөлжин хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон зорилт болох “Боомтын сэргэлт”-ийн бодлогыг дэмжиж, хоёр улсын хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллах болно. Мөн Уур амьсгалын өөрчлөлт, Гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажиллахад таатай байх болно. Тэр дундаа цөлжилттэй тэмцэх ажилд идэвхийлэн оролцож, хил орчмын түймэр унтраах байгууллага байгуулахаар шийдвэрлэснээ дуулгахад таатай байна” гэсэн юм.