"Эхний автобусанд уншуулсан картаараа БҮТЭН ӨДӨР хэдэн ч удаа дамжин суух боломжийг бүрдүүлнэ
2023.12.04

"Эхний автобусанд уншуулсан картаараа БҮТЭН ӨДӨР хэдэн ч удаа дамжин суух боломжийг бүрдүүлнэ

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг хэллээ.

  • Нэгдүгээрт эхний автобусанд сууж уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин хэдэн ч удаа дамжиж явах боломж бололцоог бүрдүүлнэ.
  • Хоёрдугаарт автобус цаг хугацаандаа ирж байх боломж бололцоог хангана.
  • Гуравдугаарт автобусны зогсоолыг бүгдийг нь хаах талаар Нийслэлийн Авто Замын Газартай ярьж байгаа. Ингэснээр автобусны урдуур хойгуур нь машин оруулахгүй бөгөөд такси үйлчилгээ автобусны чигээрээ явах цаг минутыг алдагдуулах асуудлыг таслан зогсооно гэдгийг тэрбээр хэллээ.

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан "Автобусны үнэ, билетны асуудлыг хэрхэн яаж зохицуулах талаар иргэд сонирхож байгаа байгаа болов уу.

Олон автобус дамжихаар зарим нь эргэлзээд байж магадгүй. Иргэд нийтийн тээвэрт дамжин суух дэд бүтцийг бүрдүүлнэ. Ингэхдээ өглөө эхний автобусанд сууж уншуулсан картныхаа мэдээллээр бүтэн өдөржин хэдэн ч удаа дамжиж явах боломж бололцоог бүрдүүлнэ.

Энхтайваны өргөн чөлөөгөөр явж байгаа энэ олон давхардлыг арилгах асуудал нь хамгийн гол зорилго.

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Таван шар, Офицеруудын ордны чиглэлийг нэг чиглэл болгож өөрчилж байгаа. Ингэснээр нэг автобусны буудал дээр 22-28 чиглэлийн автобус давхардаж ирдгийг болиулна.

Өөрөөр хэлбэл дамжиж сууна гэсэн үг. Эдгээр дамжин суух дэд бүтцүүдийг ирэх оноос өмнө хийж дуусгасан байх ёстой.

Нэг чиглэлтэй болгохын давуу тал нь нэг минут 30 секундээс хоёр минутын хооронд автобус ирж, очих бололцоотой. Оргил үе багасах цаг хугацаанд гурван минутын зайтай ар араасаа явна.

Иргэд төөрч, будилахгүйгээр нэг чиглэлийн автобусандаа суугаад тухайн автобусандаа багтахгүй бол дараагийн нийтийн тээвэртээ суугаад явах боломж бололцоог бүрдүүлнэ.

Цаашдаа очих газартаа очоод дараагийн автобусандаа шилжиж суух нөхцөл бололцоог богино эргэлтээр бүрдүүлж өгч байгааг энэ ташрамд хэлье" гэлээ.