2023.11.07
Цөлжилтийн эсрэг ажиллах санамж бичиг байгуулж эхэллээ
Монгол Улсыг цөлжилтөнд хүргэж буй байгалийн хүчин зүйл нь уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай хуурайшил бол хүний хүчин зүйл нь замбараагүй газар ашиглалт буюу малын хэт бэлчээрлэлт, уул уурхай, зам харгуй юм.
Газрын доройтол, улмаар цөлжилтийг харуулах гол үзүүлэлт нь бэлчээрийн ургамлын төрөл зүйл, тэдгээрийн өөрчлөлт болно. Өөрөөр хэлбэл, доройтлыг илэрхийлдэг ургамлууд олшрох, салхи усны элэгдлээр хөрс зөөгдөх, ургамлын үндэс ил гарах, эсвэл элс шороонд дарагдах нь газрын доройтлын гол илрэл ажээ.
Бэлчээрийн талбай 1960-аад оны үеэс 10 сая га-аар багассан байхад мал бүргийн тоо толгой 1970 оны үеэс 3 дахин нэмэгдсэн нь бэлчээрт үзүүлэх дарамт ихсэж, улмаар газрын доройтолын шалтгаан болсон байна.
Доройтолд өртсөн газрын ургамал бүрхэвч сийрэгжиж, хөрс нүцгэрч, тоос шороо агаарт дэгдэн зөөгдсөөр байна. Цаг уурын станцуудын шороон шуурганы ажиглалтын 1960-2000 оны мэдээгээр шороо хийсдэг өдрийн тоо 3-4 дахин нэмэгдсэн бол 2020 он хүртэлх мэдээг нэмээд үзэхэд төв болон зүүн бүсийн өмнөд, говийн нутгийн хойд хэсгээр 2000-аад оноос хойш эрс нэмэгдсэн байна.