Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана
2023.11.02

Гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлд БНХАУ-тай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих, Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах зэрэг хоёр улсын хамтарсан олон төсөл Улаанбаатар хотод хэрэгжиж байна. Нийслэлийн өмнөх удирдлагын багийн хэрэгжүүлж байсан Бээжин, Чунчин, Тяньжин хотын хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн тэлэх болно. Улаанбаатар хот нь БНХАУ болон хотуудтай гэр хорооллыг орон сууцжуулах, метро, тойрог зам байгуулах гэсэн түгжрэлийг бууруулахад чиглэсэн ажлуудад хамтран ажиллахад бэлэн” хэмээв.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань “Агаарын бохирдлыг бууруулах, метро, тойрог зам, хот төлөвлөлт зэрэг чиглэлд БНХАУ нь хуримтлуулсан туршлагатай. Иймд сайн туршлагыг хуваалцах, дээрх чиглэлүүдэд улс болон хотуудын түвшинд хамтран ажиллахад таатай байх болно. Цаашдын хамтын ажиллагаа үр дүнтэй, ач холбогдолтой байна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Талууд хэлэлцсэн асуудлыг ажил хэрэг болгож, харилцаа, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхааран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийллээ.