М.ЭНХБАДРАЛ:

УИХ-ЫН ГИШҮҮН НИЙГМИЙН БҮХ БҮЛЭГ, ДАВХАРГЫГ ТӨЛӨӨЛӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ


7 минут уншина
М.ЭНХБАДРАЛ: УИХ-ЫН ГИШҮҮН НИЙГМИЙН БҮХ БҮЛЭГ, ДАВХАРГЫГ ТӨЛӨӨЛӨХ ЧАДВАРТАЙ БАЙХ ЁСТОЙ

Жил хүрэхгүй хугацааны дараа монголчууд дараагийн парламентын гишүүдээ сонгоно. Онцлог нь нэр дэвшигчийг сонгохоос гадна улс төрийн намд мандатаа атгуулан сонгох юм. Тиймээс 2024 оны УИХ-ын сонгууль их хариуцлага, хэрсүү байдлыг сонгогчдоос шаардах нь тодорхой. Vip76.mn сайтаас таны сонгосон төлөөлөл болох УИХ-ын гишүүн хэрхэн ажилласан талаар санал асуулгыг эхлүүлээд байгаа бөгөөд сонгогчдын дараагийн сонголтод туслах үүднээс “Монгол төрийн түшээ” гэж хэн болох талаар улс төр судлаач, эрдэмтэн багш, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийн ярилцлагыг хүргэж байна. Энэ удаад “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадралтай ярилцлаа.


УИХ-ын сонгуулиар санал өгөх иргэд нэр дэвшигчдэд ямар шалгуур тавьж, сонголтоо хийх ёстой вэ?

2022 онд хийсэн “Сонгогчийн зан төлөвийн судалгаа”-ны дүнгээс харахад сонгогчдын хандлага сүүлийн 20 жилд багагүй өөрчлөгдсөнийг тодорхойлсон. 2000 оны эхэн үеийн судалгаагаар сонгогчид эрэгтэй нэр дэвшигчийг, тэр дундаа төрийн албаны туршлагатай, чинээлэг, нас тогтсон, сэхээтэн хүнийг илүү дэмжих хандлагатай байсан. Харин 2022 оны судалгаагаар сонгогчдын олонх нь нэр дэвшигчийн хүйс төдийлөн чухал биш гэж үзсэн байна. Сонгогчдын саналд нэр дэвшигчдийн хүйс нөлөөлөхгүй, сэхээтэн гэхээс илүүтэй амьдрал мэддэг, иргэдтэй ижилсэх хандлагатай, санхүүгийн асуудлаа өөрөө зохих хэмжээнд шийдсэн хүнийг дэмжих сонирхолтой болсон зэргээр сонгогчийн хандлага өөрчлөгджээ.

Гэвч энд хамгийн их орхигдсон зүйл нь сонгогчийн боловсрол байсан. Бүх эрх мэдлийн эх сурвалж нь ард түмний гарт байдаг буюу иргэд өөрийн төлөөллөөрөө дамжуулан асуудалд оролцож, шийдвэр гаргадаг. Гэтэл сонгогчид сонгуульд өгч буй саналаараа дамжуулан чухам ямар эрх мэдлийг тэр хүнд олгож буйгаа мэдэхгүй байгаа нь судалгаагаар тогтоогдсон.

УИХ-ЫН ГИШҮҮН ГЭДЭГ АЛБАН ТУШААЛТНЫГ СОНГОЖ БАЙГААГАА ИРГЭД МЭДДЭГ БОЛОВЧ ТУХАЙН ГИШҮҮН ЯМАР ЧИГ ҮҮРЭГ ХЭРЭГЖҮҮЛДЭГ, СОНГОГЧ ТҮҮНЭЭС ЮУ НЭХЭЖ, ШААРДАЖ БОЛОХ, ЭСЭХЭЭ МЭДДЭГГҮЙ ГЭСЭН ҮГ.

Зарим тохиолдолд энэ талаар мэдэж байгаа ч амьдралд хэрэгжихгүй байна. Нөхцөл байдал ийм байгаа үед улстөрч хүн ийм байх ёстой гэж ярих нь учир дутагдалтай. Тиймээс бид ардчилсан, эрх чөлөөт нийгмээ илүү хөгжүүлье гэвэл аль алийг нь сайжруулах буюу УИХ-ын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж, сонгогчдын боловсролыг ч сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Ер нь сонгогчийн боловсролыг хэн дээшлүүлэх ёстой вэ?

Сонгогчийн боловсролыг дээшлүүлэх асуудлыг монголчууд олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөр, иргэний нийгмийнхэнд найдаад орхичихсон. Төрөөс ямар нэг дэмжлэг, ажил хийдэггүй. Эсрэгээрээ сонгогч нь харанхуй, боловсролгүй, нэмээд ядуу байх нь нам, улстөрчдөд илүү ашигтай байна. Сонгуулийн үед улс төрчид худал мэдээлэл тараах, нийгмийн талцуулах, хийсвэр амлалтууд өгөх зэргээр ямагт сонгогчийн боловсролын эсрэг ажилласаар ирлээ.

Улс төр, сонгогчийн боловсрол гээд ярихаар сургалтын хөтөлбөр гаргах, хүүхдийн хичээлийн хөтөлбөрт тусгах гэх мэтийг ярьдаг ч энэ нь бүрэн шийдэл болохгүй. Нэн тэргүүнд УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдын хариуцлагыг дээшлүүлэх буюу тэдний мэдээллийг ил тод болгож, иргэдийн хяналтад байлгах ёстой. Иргэд өөрсдөө мэдээлэл авч, өөрийн тойргоос сонгогдсон гишүүнээ хянах, дүгнэх, үнэлэх боломжтой болбол иргэдийн хандлага өөрчлөгдөнө, дагаад сонгогчийн боловсрол ч дээшилнэ.

ЭРХ МЭДЭЛТНҮҮД ОЛОН НИЙТИЙН САНАА БОДЛЫГ ДУР ЗОРГООРОО ЧИГЛҮҮЛЖ, ЭРГҮҮЛЖ БАЙГАА НЬ МАШ АЮУЛТАЙ. 

УИХ-ын гишүүн ямар байх ёстой юм бол?

Сүүлийн үед гишүүдэд их буруу хандлага тогтсон нь ажиглагдаж байна. “Эмэгтэйчүүдийн асуудлыг эмэгтэйчүүд, залуучуудын асуудлыг залуучууд л ярих ёстой. Эдийн засаг, улс төр, уул уурхайн асуудал бол надтай ярь” гэх. УИХ-ын гишүүн нь ард түмний төлөөлөл, элч болохын хувьд ийм үзэлтэй байж хэрхэвч болохгүй. Ямар ч УИХ-ын гишүүн сонгогдсон тойргийнхоо залуучууд, хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд гэх мэт нийгмийн бүх бүлгийн асуудлыг мэдэрч, тэднийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тэр тусмаа өөрийг нь дэмжээгүй, эсэргүүцсэн сонгогчийг ч төлөөлөх үүргийг хүлээж байгаа. Үүнийг ойлгоогүй хүн ард түмний төлөөлөгч болж ажиллах боломжгүй. Нэгдүгээрт төлөөлөх чадвар.

УИХ-ын гишүүн нэгдүгээрт, иргэдийг төлөөлөх үүрэгтэй. Мөн хууль тогтоох, хуулийн хэрэгжилт болон гүйцэтгэх засаглалд хяналт тавих чиг үүргүүдийг хэрэгжүүлдэг.

Хоёр болоод гуравдах чиг үүргийн хэрэгжилт нь парламентын институтийн чадавхтай шууд холбоотой. Жишээ нь, тухайн гишүүн нутгийнхаа дүү, сонгуулийн кампанит ажилд нь голлож оролцсон хүмүүсээр ажлын албаа бүрдүүлдэг. Гэтэл тэдгээр хүмүүс нь сонгууль, улс төрийн “хар цагаан” туршлагатай болохоос хууль тогтоох механизмд ажиллах чадваргүй хүмүүс байх нь нийтлэг. Ирэх сонгуулиар гишүүдийн тоо өсөхөд энэ байдал бага зэрэг өөрчлөгдөнө гэж найдаж байна.

УЛСТӨРЧ ХҮН БОЛ УЛС ТӨРИЙН АМЬТАН УЧРААС ТАНЫ ХҮССЭН ДҮРД МАШ ХУРДАН ХУВИРНА. ТИЙМЭЭС ИРГЭД, СОНГОГЧИД ТУХАЙН УЛСТӨРЧИЙН ХӨРӨНГӨ ЧИНЭЭ, НИЙТЭД ЗОРИУЛЖ БҮРДҮҮЛСЭН ТҮҮХ, ДҮР ТӨРХ, БЭЛЭГ СЭЛТЭД ХУУРТАХГҮЙГЭЭР БОДИТ МЭДЭЭЛЭЛД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ЧИГ ҮҮРГИЙНХ НЬ ХҮРЭЭНД ШААРДЛАГА ТАВИБАЛ УИХ-ЫН ГИШҮҮД ТАНЫ ШАЛГУУРТ ХЭТДЭЭ НИЙЦЭХ Л БОЛНО.

Үүнд нээлттэй мэдээллүүд, цахим талбарууд тусална. Харин улстөрчдөөс тоглоомын талбай, цэцэрлэг, сургууль барих, зам засах зэрэг ажлыг нэхээд байвал улстөрчид дахин сонгогдохын тулд танд үүнийг л амлах болно.

Сонголтоо хийхдээ наад зах нь ёс зүйн зөрчил гаргаж байсан эсэх, авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байсан үгүйг нь харчих хэрэгтэй. Түүнээс бус танихгүй бурхнаас таньдаг чөтгөр гээд байвал өөрчлөлт гарахгүй. Сонгогчийн хандлага өөрчлөгдөхгүй бол улстөрчид ч өөрчлөгдөхгүй.

Энэ цаг үед хүнийг үг яриа, үзэмжээр нь дүгнэхэд хэцүү болсон. Олон нийтийн санаа бодлыг хаашаа ч эргүүлэх боломжтой болсон тул хүнийг урьдчилан таних бараг боломжгүй. Энэ эргүүлгийн хор хөнөөлд эцэстээ бид нийтээрээ л өртөх болно.

Тиймээс улстөрчдөд итгэж найдах гэхээсээ илүүтэй хянаж, хариуцлага тооцох хэрэгтэй. Сайн хүн гарч ирээд нийгмийг өөрчилнө гэж биш, сайн сонгогч оролцоотой иргэд сайн нийгмийг авчирна гэвэл үнэнд ойртоно. Хариуцлага тооцно гэдгийг зөвхөн сонгуулиар хязгаарлаж болохгүй.

Сонгогч тухайн хүнд санал, мандатаа өгөөд явуулж байгаа л бол саналаа өгсний маргаашаас нь хяналтаа эхлэх хэрэгтэй.

МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ ДЭЭР Л ИРГЭДИЙН ХЯНАЛТ ТУЛГУУРЛАНА. ГИШҮҮД ИЛҮҮ САЙН БАЙЖ ЧАДНА.

Иргэд хяналтаа хэрхэн тавих вэ?

Иргэдийн хяналт гагцхүү мэдээллийн ил тод байдал дээр тулгуурлана. Хамгийн чухал нь хэмжих боломжтой байх ёстой. Улстөрч танд таалагдах эсэх тухай бус, УИХ-ын гишүүнийхээ үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж чадаж байна уу гэдгээр нь хэмжих ёстой. Уг нь ийм боломжийг төр иргэдэд олгох ёстой ч хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, сонгогч өөрийг нь төлөөлж буй хүн тухайн хуулийг батлахад ямар санал өгч байгааг нээлттэй мэдэх боломжтой байх ёстой.

Ажилдаа ирж байна уу, ямар хууль санаачилсан, аль ажлын хэсэгт ажилласан, Засгийн газарт хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлж асуулга тавьсан уу, хяналт шалгалтын ажлаа хийсэн үү гэдгээр нь хэмжих боломжтой. Жишээлбэл иргэдийн хяналтыг дэмжих, парламентыг бэхжүүлэх зорилгоор бид uih.mn нээлттэй талбарыг ажиллуулж байна. Дээр дурдсан хяналтыг уг цахим талбар дахь мэдээллээр хэрэгжүүлэх боломжтой.

Түүнчлэн хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллаж байгаа, эсэхийг нь ч хянах боломж бүрдэнэ.

"Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн гүйцэтгэх захирал, социологич М.Энхбадрал

Монгол төрийн түшээ гэж хэн бэ?

Айхтар утга уянга хэрэггүй байх. Сонгогчийн итгэлийг хүлээж саналыг нь авсан, сонгогдсон тэр хүн тэгээд л төрийн түшээ болно. Харин тухайн хүнийг төрийн түшээ шиг хэрхэн ажиллуулах вэ гэдэг механизм нь иргэдийн гарт байх учиртай. Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллагууд, сөрөг хүчин хяналтын механизмаа сайн ажиллуулах хэрэгтэй.

Эрх мэдэлтнүүд аль болох хянуулахгүй, ил тод байлгахгүй, мэдээлэхгүй байх сонирхолтой байдаг. Цаашид хууль тогтоох үйл ажиллагаанд тухайн гишүүн хэр идэвхтэй оролцож, ямар санал өгсөн, иргэдийн эрх ашгийг тэргүүнд тавьсан байна уу зэргээр хянаж, мэдээлдэг болбол төрийн түшээд өөрсдөө хичээдэг болно.

Парламентад иргэд сөрөг хандлагатай байх нь хэвийн л зүйл, аль ч улс оронд улстөрчид нь нэр хүнд муутай байдаг гэх улс төрчдийн хандлага байна. Ийм хандлага аюултай. Илүү сайжрах, засаглалд итгэх иргэдийн итгэлийг олох боломжийг ийм хандлага үгүй хийнэ. Гишүүд илүү сайн байж чадна.

УЛСЫН ИХ ХУРАЛ ХЯНАЛТЫН МЕХАНИЗМАА БЭХЖҮҮЛСЭН

Одоогийн парламент, гишүүд хууль тогтоох чиг үүргээ хэр биелүүлж байна вэ?

2021 оны арван хоёрдугаар сард УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Уг хуулиар парламентын хянан шалгах бүрэн эрхийг шинэ шатанд гаргасан гэж үздэг. Үүний хүрээнд хянан шалгах түр хороо байгуулж, бүр нотлох баримт судлан шинжлэх бүрэн эрхтэй бүтэц ажиллах боломж бүрдсэн. Мөн нээлттэй сонсгол, тэр дундаа томилгооны сонсголыг онцолж болно. Энэ удаагийн парламент нийтийн сонсголыг маш сайн хийж байна. Өмнө нь төрийн өндөр албан тушаалтнуудын томилгоо дарга нарын дунд шийдэгддэг байсан бол УИХ-аас томилдог албан тушаалтныг томилгооны сонсголоор оруулдаг болсноор шаардлага, шалгуур хангасан хүнийг нэр дэвшүүлдэг боллоо.

Мөн цахим ил тод байдал бага багаар сайжирч байна. Гэхдээ зарим талаар хангалтгүй байна. Тухайлбал, хууль тогтоомжийн төсөлтэй холбогдуулан хэлэлцүүлэг явуулан, иргэдээс санал авдаг ч алийг нь тусгасан, эсэх тухай саналын товьёг нээлттэй танилцуулахгүй байна. Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар бол саналын товьёгийг нээлттэй байршуулах ёстой.

Дараагийн парламент анх удаа 126 гишүүнтэй болно. Ер нь парламентын гишүүдийн тоог нэмэх хэрэгцээ байсан. Гэхдээ ирээдүйд ямар үр дүн гарахыг бид таах боломжгүй. Мэдээж сонгуулийн системийг өөрчилж, гишүүдийн тоог нэмснээр гарах нэг давуу тал нь сөрөг хүчний тоо, чадавх одоогийнхоос өснө. Сөрөг хүчин сул дорой байгаагийн хор хөнөөл их. Гурван хоногт л хууль баталж байх жишээтэй. Энэ нь хяналтын механизм, сөрөг хүчний хяналт байхгүй гэдгийг харуулах наад захын жишээ болоод байна.

Парламентын чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд УИХ өөрөө хариуцлагатай, манлайлж ажиллах ёстой. Сайн боловсруулаагүй, судалгаа хийгээгүй хэрнээ богино хугацаанд “хууль үйлдвэрлээд” байвал эрсдэл дагуулна. Одоогийн парламент гүйцэтгэх засаглалдаа хяналт тавих чадавхгүй байна. Засгийн газартаа хариуцлага тооцох нь бүү хэл Засгийн газраас өргөн барьсан хууль парламентаар НОГООН гэрлээр батлагддаг жишиг тогтсон.

Үүгээр зогсохгүй шүүх засаглал дуулгавартай байх ёстой гэсэн хандлагыг бий болгож эхэллээ. Энэ сайны шинж биш. Ардчилсан, эрх чөлөөт нийгмээ хамгаалъя хөгжүүлье гэж боддог хүмүүс үгээ хэлж, дуугарах цаг болсон байх. Ер нь зөв зүйлийг зөв, буруу зүйлийг буруу гээд хэлчихэж чадахгүй бол өөрийгөө эрх чөлөөт хүн гээд хэрэггүй.

Ярилцсанд баярлалаа.