Б.Бат-Эрдэнэ: Төсвийн тодотголоор Биеийн тамир, спортын салбарт 10 тэрбум төгрөг нэмж хуваарилсан
2023.06.20

Б.Бат-Эрдэнэ: Төсвийн тодотголоор Биеийн тамир, спортын салбарт 10 тэрбум төгрөг нэмж хуваарилсан

Хүүхдийн спортын зуны VII их наадам өчигдөр /2023.06.19/ Баянхонгор аймгийн Цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүн, Олимп нийтийн биеийн тамир, спорт үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнээс сэтгэгдлийг нь сонслоо.

Тэрбээр "Энэ удаагийн хүүхдийн наадам Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна. Манай Баянхонгор аймаг бол биеийн тамир, спортыг маш сайн дэмждэг. Аймгийн Засаг дарга, ИТХ-аас гадна Баянхонгор аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, ялангуяа УИХ-ын дарга Г.Занданшатар нар биеийн тамир, спортыг маш сайн дэмждэг. Дээр нь, нутгийн ард иргэд нь их спортлог.

Энэ спортын нийгмийн ач холбогдол, хүний эрүүл мэнд, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдрахад чухал нөхцөл гэж үздэг ард түмэн. Улсын хэмжээнд бүх сумдынхаа биеийн тамирын арга зүйчдийг цалинтай, урамшуулалттай ажиллуулж байгаа жишиг аймаг шүү дээ. Улсын хэмжээнд хамгийн их заал, танхимтай аймаг. Сүүлийн үед биеийн тамирын гаднах талбайг асар олноор байгуулж байгаа аймаг юм. Энэ аймагт зохион байгуулж байгаад маш их баяртай байна.

Ер нь, Монгол Улсын Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчөөс биеийн тамир спорт, ялангуяа нийгмийн ач холбогдлыг нь анхаарч "Эрүүл Монгол хүн", "Илүүдэл жингүй эртэч Монгол" зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгөөс ган зуд, гамшиг осол зэрэгт зарцуулах ёстой хөрөнгөөс биеийн тамир, спортын салбарт удаа дараа асуудлыг шийдэж өгч байна. Тухайлбал, 2020 оны олимпод допингийн шинжилгээ өгсөн төсвийг төлж чадаагүй. Харин 2023 оны улсын төсөвт биеийн тамир, спортын салбарын хөрөнгийг нэмсэн. Бусад яамд, салбарын хөрөнгийг зарцаачихсан байхад манай биеийн тамир, спортын салбарт 10 тэрбум төгрөг нэмж хуваарилсан. Төсвийн тодотголоор 23.4 тэрбум төгрөгийг баталж өгсөн байх жишээтэй. Тиймээс тамирчид маань 2024 оны олимпийн бэлтгэлээ л сайн хангах ёстой.

Энэ хүүхдийн спортын наадамд маш олон хүмүүс хүрэлцэн ирсэн байна. Ерөнхий сайд хүрэлцэн ирлээ. Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ. Өнөөдрийн хүүхдийн наадамд хүрэлцэн ирсэн хүүхдүүд биеийн тамир, спортоор цаашид хичээллэх, өв тэгш бие бялдартай болж эх орныхоо ирээдүйг бүтээлцэхэд гар бие оролцож байгаад баяртай байна" хэмээн ярилаа.