Ц.Идэрбат: Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна
2023.06.15

Ц.Идэрбат: Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан Монголын бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран Бэлчээрийн үндэсний зургадугаар форумыг зохион байгууллаа.

Уг форумд УИХ-ын гишүүн Ц.Идэрбат оролцож өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр  “Цөлжилт бол бидэнд тулгамдсан том асуудал болоод байна. УИХ, төр засгаас цөлжилтийн гол шалтгаан болж байгаа асуудлыг  тодорхойлж, эрх зүйн орчныг бий болгохоор Газрын тухай хуульд бэлчээрийн заалтуудыг тусгаж, боловсруулан өргөн барихад бэлэн болсон.

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, салбарын эрдэмтэн судлаачид хуулийн төсөл боловсруулахад нягт уялдаа холбоотой ажиллаж, малчдын дэвшүүлсэн саналыг хуулийг төсөлд тусгахад үнэтэй хувь нэмэр оруулсныг тодотгож хэлмээр байна.

Нийт бэлчээрийн дийлэнх нь доройтсон ч цаг алдахгүй сэргээх, хамгаалах ажлыг хэрэгжүүлж чадвал сэргэх боломжтой.

Бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөр  үр дүнгээ харуулж, малчид нэгдэж нийлээд малын гаралтай түүхий эдийнхээ ашиг шимийг хүртээд эхэлсэн сайн жишээ цөөнгүй бий. Бэлчээр ашиглалтад төр оролцохгүй байх боломжгүй болсон байна. Бэлчээрийн асуудлыг малчидтай уулзаад ярилцахад хамгаалах, тордох талд иргэд төрийн шийдвэр гаргахыг дэмжиж байна” хэмээв.

НҮБ-аас 1994 оноос эхлэн жил бүрийн зургадугаар сарын 17-ний өдрийг цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарласан байдаг.