Оюутан болох дүү нартаа хаягласан Л.Энх-Амгалан сайдын аминчхан зөвлөмж
2023.06.15

Оюутан болох дүү нартаа хаягласан Л.Энх-Амгалан сайдын аминчхан зөвлөмж

2023 оны элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр эхэлж, энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудаснаа ирээдүйд оюутан болох дүү нартаа хаяглан "зөвлөмж" нийтэллээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: 

"Яг одоо өглөөний 06 цаг болж байна. Өнөөдөр орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт албан ёсоор эхэлнэ. Дүү нартаа ЭЕШ-т өгөхөд нь хэрэг болж магадгүй гэдэг үүднээс багахан зөвлөгөө өгье.

Шалгалт өгөхөөр очихдоо Бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг, /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг зэргээ марталгүй авч очоорой.

ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна шүү. Энэ хугацаанд биеэ барьж, сандралгүй тайван байж, ажиллаж байсан тестүүд, хичээлүүдээ эргэн санаж, нухацтай хандаарай. Цагаа зөв тооцоорой.

Мөн бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаарт регистрийн дугаарын 8 оронтой тоогоо мэссэжээр илгээн хурдан шуурхай хариугаа авах боломжтой шүү.

Та бүхэн шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй чатбокс үйлчилгээгээр холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой болсон байгаа шүү. Энэ жилийн “ЭЕШ-2023” орон нутагт 23, нийслэлд 24 шалгалтын төвд зохион байгуулагдана.

Төгсгөлд нь хэлэхэд ЭЕШ-ын өдрүүдээр хувийн бэлтгэлээ сайтар базааж, эрт амарч, өглөөний цайгаа марталгүй ууж шалгалт өгөх газартаа амжиж очоорой. Дүү нартаа ЭЕШ-аа амжилттай өгч, хүсэж зорьсон сургуульдаа элсэн суралцахыг хүсье. Хүндэтгэсэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан" гэв.